“МОНГОЛ НААДАМ ЦОГЦОЛБОР” ОНӨТҮГ-ЫН ДАРГА Н.БАТСҮМБЭРЭЛ: Хүй долоон худаг үндэсний спорт, соёл урлаг, aялал жуулчлалын төв болно

13407291_1069637486432305_7908023177614772524_n1-704x318

МОНГОЛ НААДАМ ЦОГЦОЛБОР” ОНӨТҮГ-ЫН ДАРГА Н.БАТСҮМБЭРЭЛ: Хүй долоон худаг үндэсний спорт, соёл урлаг, aялал жуулчлалын төв болно13407291_1069637486432305_7908023177614772524_n1-704x318

- Монгол наадам цогцолбор бол Хүй долоо худагт үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Яг ямар үйл ажиллагаа эрхэлдэг талаар та уншигч олонд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх нь зүйтэй байх. Энэ талаар яриагаа эхлүүлэх үү?

Монгол наадам цогцолбор бол нийслэлийн бүтцэд байдаг орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар. Улсын баяр наадмын хурдан морины уралдаан болдог гэдгээр нь Хүй долоон худгийг иргэд, олон түмэн сайн мэднэ. Тэнд зохион байгуулдаг үйл ажиллагааг зохицуулах болон бүртгэлд байгаа эд хөрөнгийг ашиглалт, хадгалалтыг эрхлэдэг гэж ойлгох нь зүйтэй байх. Гэхдээ одоо бид үүнээс илүү өргөн хүрээтэй ажиллахыг хичээж байна.

- “Монгол наадам цогцолбор”-ын цаашдын зорилт?

Хүй долоо худагт үндэсний спорт, соёл урлагт тулгуурласан аялал жуулчлалын төв байгуулах зорилтыг манай байгууллага баримтлан ажиллаж байгаа. Ийм чиглэлийг хотын даргын мөрийн хөтөлбөр, холбогдох баримт бичгүүдэд тусгуулсан. Эртний домог түүх шингээстэй сэрүүн мандлын дэнжид уламжлалт морин уралдаанаас гадна морин тойруулга, морин аялал, уналга сургалт, поло, гольф, шагай, сур болон бусад спортод суурилсан үйл ажиллагаа, мөн иргэдийн соёл урлаг, чөлөөт цагт зориулсан төвүүд бий болно. Өвөл, зун гэлтгүй улирал харгалзалгүйгээр ажилладаг үндэсний спорт, соёл урлаг, аялал жуулчлалын төв болж ажиллахаар тэмүүлж байна.

- Таны ярианаас сонсоход түүхэн газар нутагт монголын өв соёлыг дэлгэрүүлэх юм байна гэж ойлгогдлоо. Инженерийн дэд бүтцийн хувьд яаж шийдэж байгаа вэ?

Хотын аялал жуулчлалын нэгэн төв болохын хувьд дэд бүтцийн асуудлыг тухайлан авч үзэхээс өөр аргагүй. Хүй долоо худагт дулааны станц, цахилгааны дахин дамжуулах дэд төв, цэвэр усны сан, бохир усны цэвэрлэх байгууламжийн зураг төслүүд нь хийгдэж байна.

- Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр батлагдаад удаагүй байна. Хөтөлбөрт “Монгол наадам цогцолбор”-ын талаар хэрхэн тусгагдсан бэ?

Хотын Засаг даргын мөрийн хөтөлбөрт бидний үйл ажиллагаатай холбогдох хэд хэдэн заалт орсон. Хүй долоо худгийг аялал жуулчлалын төв болгох асуудлыг бүрэн дэмжсэн бие даасан заалт ч бий. Төр иргэнээ аюулгүй, эрүүл, тав тухтай орчинд амьдруулахаас гадна амарч, хөгжих, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх ёстой. “Аз жаргалтай хот” хөтөлбөрт энэ зорилт шингэсэн байгаа.

- Төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярих боллоо. “Монгол наадам цогцолбор” энэ чиглэлээр хэрхэн ажиллаж байна вэ?

Төр бүх асуудалд оролцохгүй ч нийгмийн хөгжил, иргэдийнхээ өмнө хүлээх үүргээ хэрэгжүүлэх ёстой. Нөгөө талаас хувийн хэвшлийн байгууллага, аж ахуй нэгжүүд нийгмийн хариуцлагаа ухамсарлах байдал илт нэмэгдсэн. Энэ хоёрын холбоос, хослол бол төр, хувийн хэвшлийн түншлэл юм. Бид энэ зарчмыг тэргүүн эгнээнд тавьж байгаа. Үүний нэгэн тод жишээ нь цанын бааз юм.

- Хүй долоо худагт Цанын бааз байгуулах тухай яриа олны дунд яригдах боллоо. Төр хувийн хэвшлийн хийх ажлаас булаацалдаад байгаа юм биш үү?

Энэ бол цэвэр хувийн хэвшлийн санаачилга. Цанын бааз байгуулах санаачлагыг эхлүүлсэн нь гараа, эхлэл төдий юм. Нийслэлчүүд агаар салхинд гарах, чөлөөт цагаа өнгөрүүлэх газар, боломжийг улам бүр эрэлхийлэх боллоо. Улаанбаатарт ганц байгаа гайгүй үйлчилгээтэй цанын бааз нь хүрэлцэхгүй байна. Богд уул, эсвэл зүүн тийшээ салхинд гардаг. Хотын баруун тийшээ очдог газартай баймаар байна гэсэн иргэдийн санал, шүүмжийг нэг бус удаа сонсож байна. Хүй долоо худаг бол хотын баруун талдаа тул маш цэвэр агаартай газар. Хүй долоон худаг зөвхөн морь уралдуулдаг, гуравхан өдөр ажилладаг газар биш байхын эхний алхам нь энэ санаачлага гэж үзэж болно. Төр хувийн хэвшлийг булаах биш дэмжиж буй хэрэг юм. Өөр олон санаачлагыг хувийн хэвшил, олон түмэнтэйгээ нийлээд хийх боломж зөндөө байгаа.

- Хүй долоо худагт ирэх жилүүдэд бүтээн байгуулалтын олон ажлыг хийх юм байна. Гадны хөрөнгө оруулагчдын хөрөнгийг татах тал дээр ямар менежмент хийж байна вэ?

Хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах, үр өгөөжөө өгөх төслүүдийг хөрөнгө оруулагчдад танилцуулна. Засгийн газар, нийслэлээс баталсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тулгуурлан Хүй долоон худагт хийгдэх төсөл, бүтээн байгуулалтын мастер төлөвлөгөө хийхээр ажиллаж байна. Түүний дараа бид хөрөнгө оруулагчдад чиглэсэн үе шаттай ажлуудыг зохион байгуулж эхэлнэ.

- Бүтээн байгуулалтын олон ажлыг хийхэд газар зохион байгуулалт чухал. Газар хангалттай байгаа юу?

“Монгол наадам цогцолбор”-ыг хөгжүүлэх зорилгоор 12582 га газрыг Засгийн газрын тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан. Энэ хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын хэсэгчилсэн төлөвлөгөөг нийслэл боловсруулж, Засгийн газар баталсан. Гэвч өнгөрсөн гурван жилд давхардуулан газар олгосон зөрчил байна. Үүнийг нийслэл, аймгийн төвшинд шийдвэрлэхээр ажлын хэсэг гарсан. Нийт олны эрх ашгийн ажил учир энэ асуудал нааштайгаар шийдэгдэнэ гэж бодож байгаа.

- Гадны хөрөнгө оруулагчид хөрөнгөө оруулахад эрх зүйн орчин хангалттай юу?

Боломжоо ашиглах хэрэгтэй. Өнөөгийн байгаа эрх зүйн болон эдийн засгийн орчныг ашиглахын төлөө бид боломжоороо чармайж байна. Хотын удирдлага болон төрийн зүгээс ч дэмжиж байна. Зарим яригдаж байгаа хуулийн төслүүд батлагдчихвал хөрөнгө оруулалтын асуудлууд эрчтэй урагшилна гэж итгэж байна.

- Хүй долоо худагт 30 мянган хүний суудалтай цэнгэлдэх барихаар төлөвлөж байгаа. Нийгэм, эдийн засгийн хувьд аль хэр ач холбогдолтой вэ?

Энэ бол том төсөл. Нийгмийн болоод эдийн засгийн үр өгөөжийн талаасаа ч чухал. Яг одоо байгаа стадион бол наадамчид, үзэгчдийн эрэлт хэрэгцээг бүрэн хангаж чадахааргүй байна. Авто зогсоол, орчны аюулгүй байдал, техник үйлчилгээний нөхцөлүүдийг дурдаж болно. Нөгөө талаас наадмын бөх, морь, сураа нэг дор үзэх үзэгч олны хүсэл сонирхол байна. Доод тал нь 30 мянган хүний суудалтай цэнгэлдэх барих боломж манайд бий. Ажил зураг төслийн ажил дээрээ явж байна.

- Хүй долоо худаг бол үндэсний хурдан морины уралдааны гол зам. Улаанбаатар хотод хамгийн ойрхон шулуун замын морь уралдах газар үүнээс өөр байхгүй. Уламжлалт шулуун замын морин уралдааныг хадгалах уу, эсвэл тойрог хэлбэрээр уралдуулах уу?

Эртнээс уламжилж ирсэн үндэсний соёлыг хадгалж хөгжүүлнэ. Нэг зүйлийг бид сайн ухаарч ойлгох хэрэгтэй байгаа юм. Тэр нь эцэг өвгөдөөс олон зууныг өртөөлөн шалгагдаж, өнөө цагт уламжлан ирсэн соёл, түүний хэв шинжийг эвдэхгүй хадгалах асуудал. Бөхчүүдээ жижиг тойрогт хугацаатай минут заагаад, сураа дардасын тойрог руу автоматаар харваад эхэлбэл үндэсний өнгө аяс гээгдэнэ биздээ.

- Хүй долоо худагт олон улсын стандартад нийцсэн морин тойруулга барих уу?

Манай үндсэн бодлого, ерөнхий төлөвлөгөөнд морин тойруулгын төсөл багтаж байгаа. Дэлхийн хэмжээнд үнэлэгдэх, олон улсын чанарт нийцэх морин тойруулга хийхийн төлөө ажиллана. Бидэнд судалгаа, туршлага бас эрх зүйн орчин л хэрэгтэй.

- Гадны аялал жуулчлалын газруудыг харахад хөшөө дурсгал, үзэх харах зүйл олонтой байж амрагчдын сонирхлыг ихээр татдаг. Хүй долоо худагт хөшөө дурсгал хийгдэх үү?

Хийнээ. Хөшөө дурсгал нэг талаас урлагийн бүтээл нөгөө талаас хүндэтгэл, түүхийг шингээж байдаг гэж боддог юм. Нэгэнт спорт, соёл урлаг, аялал жуулчлалын үндэсний агуулгатай төв болохоор зорьж байгаагийн хувьд үүнээс ангид байхгүй. Гадаадын жуулчлалын газарт очоод бараг л хамгийн түрүүнд ямар нэгэн хөшөө дурсгал хардаг биз дээ. Тэр жишгээр л явна.

- Хүй долоо худаг бол гурван өдөр наадам хийдэг л газар гэсэн өрөөсгөл ойлголт байдаг. Энэ ойлголт танай хамт олны хүчээр өөрчлөгдөж байх шиг байна?

Баярлалаа. Гэхдээ энэ бол олон жилийн өмнө бэлтгэгдэж өнөөдөр олон нийтэд хүрч байгаа ажил. Ингэж үнэлэгдэж байгаад баяртай байна. Манай баг хамт олон ч, өмнөх удирдлага ч, хотын үе үеийн удирдлагууд ч үүний төлөө ажилласаар ирсэн. Яармагийн дэнжид болдог байсан морин уралдааныг 2003 оны наадмын өмнө тухайн үеийн хотын удирдлага нийслэл хот суурьшиж байсан энэ газар нутагт нүүлгэсэн байдаг. Тэр цагаас хойш Хүй долоо худагт дэлгэр сайхан наадам болсоор байна.

- Нийслэл хот Хүй долоо худагт байсан хэрэг үү

Улаанбаатар хот маань 1719 – 1779 онд нийт 21 удаа нүүсэн байдаг. Энэ хугацаандаа 1736-1740 оны хооронд 4 жил, мөн 1772-1778 оны хооронд 6 жил, нийтдээ 10 жил одоогийн Хүй долоон худагт буурь сэлгэн суусан байдаг.

- Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа

- Баярлалаа

Сэтгэгдэл үлдээх

АНХААР: Зочдын сэтгэгдэлд www.TUG.mn сайт ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу! Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.