Ц.Өлзийжаргал: Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нар дөрвөн хүний амь насыг хөнөөсөн үү?

timthumb

С.Зоригийн амь насыг хохироосон гэмт этгээдүүдэд хэргийн ихэнх нотлох баримт нууцад хамаарна гэж шүүх ял оноосон. Гэвч энэ хэрэг шийдвэрлэгдсэний дараа олон нийтийн дунд улстөрийн хэрэг байсныг шунахайн сэдэлтэй хэрэг болгон шийдвэрлэсэн, захиалагч нь хэн бэ гэх мэт олон эргэлзээтэй асуулт үлдсэн. Тиймээс Улсын Ерөнхий прокурорын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Ц.Өлзийжаргалаас зарим асуултад хариулт авлаа.

С.Зоригийн амь насыг хохироосон гэх хэргийн захиалагч нарын хэргийг яагаад тусгаарласан юм бэ. Гүйцэтгэгч нарт холбогдох хэрэгтэй хамт шийдвэрлэх ёстой бус уу?

-УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд асан С.Зориг 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр өөрийн гэртээ онц харгис, хэрцгий аргаар бусдад алагдсан эрүүгийн 830142 дугаартай хэрэгт Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн хамтарсан ажлын хэсэг  мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө захиалагчийн хэргийг тусгарлаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байсан. Захиалагч нь тодроогүй байхад хүнийг захиалгаар алсан гэж ял оногдуулж болдог юм уу гэх ойлголт сошиалаар яваад байна л даа.  Гэнэтхэн л захиалагчийг хайгаад эхэлсэн юм бишээ.  Хэргийг бүхэлд нь тал бүрээс нь шалгаад "захиалгаар алсан" гэдэг нь нотлогдсон гэж үзээд шүүхэд шилжүүлсэн. Шүүх "тогтоогджээ" гэж дүгнээд ял шийтгэл оногдуулсан. Харин захиалагч, зохион байгуулагчид холбогдох хэрэгт нэмж  шалгах зүйл байгаа учраас тусгаарлан шалгаж байна. Харин яллагдагч болох Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар нь бусдыг захиалгаар, шунахайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар үйлдсэн болохыг  тогтоож, эдгээр  гүйцэтгэгч нарт холбогдох үйлдлийг бүрэн шалгаж дуусгаад, прокурор шүүхэд шилжүүлж, шийдвэрлэснийг та бүхэн мэдэж байгаа. Тодруулбал, Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох эрүүгийн 830142 дугаартай хэргээс уг хэргийг захиалсан, зохион байгуулсан гэх үйлдэлтэй эрүүгийн 201601000212 дугаартай хэргийг тусгаарлан, одоо мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Нэгэнт гардан гүйцэтгэгч нарт холбогдох хэрэг бүрэн нотлогдсон тул хэргийг шүүхэд шилжүүлсэн.

-Өмнө нь захиалагчийн хэргийг тусгаарлан шалгаж байсан гэсэн үг юм байна. Сая Ерөнхий прокурорын тушаалаар ажлын хэсэг байгуулагдсан нь олон нийтэд энэ хэргийн захиалагчийг одоо л тогтоох гэж байгаа юм шиг ойлголт төрүүлээд байна л даа?

-Захиалагчийн хэргийг Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө тусгаарлаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байсан. Өмнө нь байсан ажлын хэсгийг шинэчилж, нэмэлт бүрэлдэхүүнтэйгээр  мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахаар ажлын хэсгийг байгуулж, хэргийг шуурхай шалгаж шийдвэрлэх үүргийг Ерөнхий прокурор өгсөн.

-"Нууцын зэрэглэлтэй хэрэг" гэх нэрийн дор тодорхой мэдээллүүд өгөөгүй нь олон нийтэд их эргэлзээ төрүүлсэн. Хохирогчдын ар гэрийхний зүгээс ч шүүх хуралдааныг нээлттэй явуулах ёстой гэж ярьсан. Нээлттэй явуулах боломж байгаагүй юм уу?

-Хэргийн хувьд нууцын зэрэглэлд орж  байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. С.Зориг нь тухайн үед Улсын Их Хурлын гишүүн, Дэд бүтцийн сайдын албыг хашиж байсан, мөн хэргийг улс төрийн  сэдэлт зорилгоор үйлдсэн байж болзошгүй гэх мэтээр олон таамаг дэвшүүлж, олон талаас нь шалгаж байсан. Ийм ч учраас мөрдөн байцаалтын ажиллагаагаар төрийн нууцад хамаарах олон баримт цугларсан.  Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримтын 80 хувь нь прокурорын зөвшөөрөлтэй явуулсан гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглаж авсан баримт сэлтээс бүрдэж байна. Хэргийн ихэнх нотлох баримт буюу үйл явдал төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой учир шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай явуулсан.

-Хэргийг үйлдсэн Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нар С.Зоригийн амь насыг хөнөөсөн  гэмт хэргийг нуун далдлах зорилгоор 3-4 хүнийг галдан шатаасан гэх мэдээллийг УИХ-ын чуулганы хуралдаан дээр Ерөнхий прокурор анх хэлсэн. Энэ талаар тодруулбал?

-Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарт дээрх гэмт хэргийг нуун далдлах зорилгоор бүлэглэн  2006 оны арванхоёрдугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Б.О-г гэртээ амарч байх үед нь галдан шатааж, эхнэр, насанд хүрээгүй хоёр хүүхдийн хамт биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь мэдсээр байж, онц харгис хэрцгий аргаар, санаатай шатааж амь насыг нь хөнөөсөн үйлдэлд нь ял сонсгон яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх энэ хэргийг нотлогдсон гэж үзэж ял шийтгэл оногдуулсан. С.Зоригийг хөнөөсөн гэх хэргийг илрүүлэхээр Тагнуул, Цагдаагийн ерөнхий газар, Мөрдөн байцаах газар, Прокурор гээд хууль хяналтын байгууллагууд олон жил хүч тавин ажиллалаа.

-Өнгөрсөн хугацаанд энэ хэргийг улстөрийн зорилготой захиалгат аллага гэж ярьж, хэлсээр ирсэн. Гэтэл эрүүгийн хуулийн заалтаар шийтгэсэн нь бас л эргэлзээний нэг шалтгаан болсон байх?

-Үндсэндээ анх хэрэг үйлдэгдсэнээс хойш 18 жил  энэ хэргийг "Улс төрийн  зорилгоор үйлдэгдсэн" гэдэг ойлголтыг  манай улс төрчид ч ярьж, хэвлэл, мэдээллийн байгууллагууд ч бичиж, нийтэлсээр  өнөөдрийг хүрлээ. Хэргийг шалгаж тогтоогоод шийдчихээр "Энэ тийм байх ёсгүй" гээд л  яриад байна. Хүмүүсийн толгойд 18 жил  тогтсон ойлголтыг өөрчлөх хэцүү. Эрүүгийн хуулийн 91дүгээр зүйл ангийн "хүнийг санаатай алах" гэсэн зүйл ангиар ял оногдуулсан. Эдгээр хүмүүст ял оногдуулсан Шүүхийн шийдвэрт  "2002 оны Эрүүгийн хуулийн арванхоёрдугаар зүйлийн 12.1-г журамлан" гэсэн байгаа. Энэ нь оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн заалт. Хэрэг үйлдэгдэх үед 1986 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан. Тэгэхээр шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа  эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг  хэрэглэсэн гэсэн үг. Шүүгдэгч  Ц.Амгаланбаатарт  Эрүүгийн хуулийн 91.2.1 буюу шунахай сэдэлтээр, 91.2.4 буюу  захиалгаар, 91.2.11 буюу урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, 91.2.12 буюу онц харгис хэрцгий аргаар С.Зоригийг алсан гэж ял шийтгэл оноосон. Шүүгдэгч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт  дээрх зүйл ангиуд дээр нэмээд  1986 оны Эрүүгийн хуулийн 241 буюу  насанд хүрээгүй хүнийг гэмт үйл ажиллагаанд татан оруулах гэх зүйл ангиар ял оногдуулсан. Тодруулбал, Ц.Амгаланбаатар нь тухайн үед насанд хүрээгүй байсан учраас энэ зүйл ангиар ял нэмсэн. Мөн Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарт шүүхээс С.Зоригийг алсан хэргийг нуун далдлах зорилгоор бүлэглэн  2006 оны арванхоёрдугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Б.О-г гэртээ амарч байх үед нь галдан шатааж эхнэр, насанд хүрээгүй хоёр хүүхдийнх нь хамт биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь мэдсээр байж, онц харгис хэрцгий, нийтэд аюултай аргаар, олон хүнийг, давтан үйлдлээр санаатай шатааж алсан үйлдэлд ял оногдуулсан.

-Б.Содномдаржааг "ам зураг"-тай адилхан гэсэн мэдээллүүд олон нийтийн сүлжээгээр явсан. Анхны ам зураг Б.Содномдаржаагийн зурагтай таарч байгаа юу?

-Хэвлэл болон олон нийтийн сүлжээнд тавигдсан ам зураг хаанаас яаж гарсан  болохыг мэдэхгүй. Гэхдээ хэрэг шалгах явцад Б.Содномдаржаагийн төрх, анхны хэрэгт авагдсан ам зурагтай адилхан байсан.

Сэтгэгдэл үлдээх

АНХААР: Зочдын сэтгэгдэлд www.TUG.mn сайт ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу! Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.