Ж.Мөнхбат засаг дарга нараа дагуулаад зугаалахаар нислээ

02_2bpmtok

Өнгөрсөн пүрэв, баасан гаригт Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинар Төрийн ордонд хоёр өдөр болж өндөрлөлөө. Уулзалтаар аймгуудын тулгамдаж буй асуудал, одоогийн нөхцөл байдал Засгийн газраас өгч буй чиглэл, үүрэг даалгаварыг хэрхэн биелүүлэх талаар хэлэлцжээ.

Энэ үеэр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат “Энэ онд бидэнд бага зардлаар илүү их үр дүнд хүрэх амаргүй сорилт тулгарч байна. Төсвийн хэмнэлтийг Засгийн газар, орон нутгийн удирдлагууд өөрсдөөсөө эхлэх ёстой. Төсвийн сахилга бат шат шатандаа алдагдсанаас эдийн засгийн хямрал, санхүүгийн зуд нүүрлэсэн. Үүнийг цэгцэлнэ. Хөрөнгө оруулалтын тухай асуудлыг 2017 оны батлагдсан төсвийн хүрээнд ярилцана гэдгийг анхаарах хэрэгтэй” хэмээсэн. Тэгвэл эдийн засгийн асуудлаар ийнхүү хатуухан шүүмж ярьж байсан Ж.Мөнхбат сайд төсвийн мөнгөөр зугаалахаар аймаг, нийслэлийн Засаг дарга нарыг дагуулан Солонгос улсыг зорьсон гэх мэдээлэл цацагдаж эхэллээ.

Улс орны эдийн засаг элгээрээ хэвтэж, ард түмний амьдрал доройтож, өр нэмэгдсээр байгаа цаг үед Монгол Улсын сайд засаг ноёдтойгоо ажил нэрээр зугаалж явах нь зохимжтой юу. Арай туршлага судлана ам таглахгүй биз ээ. Аялж зугаалахаас илүү амжуулах ажил улс оронд их л харагдах юм. Монгол Улсын эдийн засаг хүнд байна гэх нэрийдлээр албан хаагчдынхаа цалинг хасч, оюутны тэтгэлэг, бүтээн байгуулалтыг зогсоож, байж болох бүгдийг л хасч танаад, ард иргэдийнхээ бүсийг чангалчихаад өөрсдөө тансаглаж болохгүй шүү дээ, төрийн түшмэдүүд нь. Улаанбаатарчууд утаандаа дарлуулж, малчид цасанд дарлуулж, иргэд зээлэндээ дарлуулж байхад Засгийн газрын арын албыг атгаж яваа сайд нь засаг ноёдтойгоо амарч, алжаалаа тайлж явна. Нөгөө хямралыг гэтлэх хөтөлбөр гээчдээ засаг дарга нараа тансаглуулна гэж тусгаагүй л байлтай даа.

Сэтгэгдэл үлдээх

АНХААР: Зочдын сэтгэгдэлд www.TUG.mn сайт ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу! Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.