Ардчилсан намын таван өөр өнгө

9994

АН-ын гишүүдийн шинэчилсэн бүртгэл дуусав. Энэ сарын 6-ны 23.55 цагийн байдлаар 176 мянган хүн шинэчилсэн бүртгэлдээ хамрагдсан тухай ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нь мэдээллээ. 20 хоногийн дараа болох тус намын даргыг тодруулах сонгуульд ийм тооны гишүүн санал өгнө гэсэн үг. Бүртгэлдээ хамрагдаж амжсангүй, хугацааг нь сунгаж өгөөч гэсэн хүсэлт их ирж байгаа гэнэ. Гэвч эл хугацааг сунгахгүй гэсэн чиглэл баримталж буй сурагтай.

Энэ зуур намын даргад нэр дэвшигч таван эрхэм 10 гаруй аймгаар “аялжээ”. Тэд гишүүд, дэмжигчидтэйгээ уулзан, тус тусын мөрийн хөтөлбөрөө танилцуулж яваа. Эв нэгдэлтэй ажиллаж, сурталчилгаагаа хамт хий хэмээн намын одоогийн дарга З.Энхболд таван багц сум гардуулсан учраас тэд “хөтлөлцөөд” ажиллаж буй. Харамсалтай нь төрөлхийн “заргач” зарим нэр дэвшигч хоорондоо зөрчилдөж, тэр нь олон нийтийн сүлжээгээр цацагдаж байна.

Гэхдээ хэл амаараа нэгнээ мадлахдаа биш, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, хийсэн ажил, намын гишүүд дотроо хэр дэмжлэг хүлээдэг хүн бэ гэдэг нь л үр дүнг тодорхойлно. Тиймээс нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг харьцуулан сонжъё.

С.ЭРДЭНЭ

Тэрбээр УИХ-д хэд хэдэн удаа сонгогдсон туршлагатай, Баянгол дүүргийг бүх шатанд нь “цэнхэртүүлсэн” хүн. Тус дүүргийг “Эрдэнэ вангийн хошуу” хэмээн тодотгох нь бий. УИХ дахь АН-ын бүлгийн дарга түүний дэвшүүлсэн хөтөлбөрөөс яг л өөрийнх нь характер мэдрэгдэж байна. “УИХ-ын сонгуульд нэр дэвших хүн нь тухайн тойрогтоо ажилласан, намын гишүүдийн итгэлийг хүлээсэн, ёс зүй, улс төрийн ажлын туршлагатай байх ёстой.

Мөн тухайн тойрогт хамаарах гишүүдийн саналыг үндэслэн нэр дэвших хүнийг тодруулна” гэжээ. Энэ бол яг түүнд тохирсон заалт. Баянгол дүүргээс С.Эрдэнэ хаалтгүйгээр нэр дэвших виз авна. Мөн ахмад, залуус, эмэгтэйчүүдээ дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэх юм байна.

Тэрбээр дүүргийнхээ ахмадууд, залуустай тулж ажилладаг учраас л “өмчилж” чадсан гэдэг. Мөн АН засаглалын өөрчлөлт хийхдээ парламентыг хоёр танхимтай болгоно хэмээн амлажээ. Бас эрх баригчдыг хянах сүүдрийн Засгийн газар байгуулах аж. Түүний дэвшүүлсэн хөтөлбөрөөс халамжийн бодлогыг дэмжих санаа л илүү цухалзаж буй юм.

Ж.БАТЗАНДАН

Намын даргад нэр дэвшигчдийн дотроос тэр хамгийн сүүлд батлах гардсан хүн. 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа “долдугаар сарын 1”-ний үймээнийг зохион байгуулсан хэмээн “дээлээ нөмрөх”-д хүрч, улмаар аврал эрэн АН-д элссэн билээ. Гэвч аврал эрж явснаа мартаад намаа байнга л дотроос нь “хутгалдаг”. Өнгөрсөн долоон жилд түүнийг намаас хөөх тухай шийдвэр 2-3 удаа ч гарсан байдаг. Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагах санал өгсөн, олонхын шийдвэрийг байнга зөрж, намаа үргэлж шүүмжилдэг учраас тэр.

Тиймээс ч тэр нам дотроо хамгийн дэмжлэг муу, итгэлгүй нэр дэвшигч. Гэсэн атлаа “Би намын дарга болбол бүх гишүүнийхээ итгэлийг дааж ажиллана” гэсэн “тэнгэрийн” амлалт өгсөн байх юм. Мөн хөөгдөх асуудал байнга түүнийг дагадаг болохоор дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө өөр шигээ хүмүүст зориулсан хамгаалах заалт оруулжээ.

Энэ намд үзэл санааны шинэтгэл хийнэ, хэлмэгдүүлэлт, хууль бус явдлыг зогсооно, фракцыг татан буулгана, олигархиудаас цэвэрлэнэ гэх мэт тунхгийн чанартай санаанаас гадна “Намын гишүүдээ хөөдөг, ялгаварладаг, хоцрогдсон тогтолцоог хална” гэжээ. Үүнээс гадна намын их хурлыг хоёр жилд нэг удаа хийж, даргын бүрэн эрхийн хугацаа ч ийм байна гэсэн нь тогтворгүй нөхцөл бүрдүүлэхээр харагдаад байгаа юм. Нэг иймэрхүү “мөрөөдсөн” заалт бүхий түүний хөтөлбөр ганц хуудсанд багтаж байна.

Д.ЭРДЭНЭБАТ

АН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа намаа сонгуульд ялуулсан гавьяа түүнийх. АН-ын генсек болох хүртлээ намынхаа арын албанд зүтгэсэн энэ эрхэм удирдан зохион байгуулах чадвар, тэмцэгч, дайчин гэдгээ ил гарсан он жилүүддээ хангалттай харуулаад авсан. Элдэв хор найруулгад нэр холбогддоггүй. Мөн улс орныг халамжийн бодлогоор биш, үйлдвэржилтээ дэмжиж, баялаг бүтээж байж хөгжүүлнэ гэдгийг ухамсарласан хүн.

Тиймээс ч тэрбээр Ч.Сайханбилэгийн танхимд Аж үйлдвэрийн сайдаар хоёр жил ажиллаж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж, үйлдвэрлэгчидтэй нягт хамтарч ажилласан. Мөрийн хөтөлбөртөө ч үүнийгээ тусгасан, мөн илүү алсыг харсан, дэвшүүлсэн санаагаа ажил хэрэг болгох гарцыг хамт оруулснаараа ялгагдаж байна. Юуны өмнө тэрбээр АН-ын ирээдүйг нэгдмэл бодлоготой, хариуцлагатай, эв нэгдэлтэй, хүний нөөцийн чадавхтай, нээлттэй, оролцоог дэмжигч, шударга санхүүжилттэй, засаглаж чаддаг, дотоод ардчилалтай байх есөн зүйлээр хөтөлбөртөө томьёолжээ.

Намын аливаа хурал нь дотоод ардчиллын амин сүнс гэдгийг тодотгосон аж. Тус намын өмнөх дарга нар их хурал, ҮЗХ-ны хурлаа ч хийхээ больж, албан тушаалдаа үлдэхийн төлөө дотоод ардчиллыг умартдаг гэмтэй байсан. Үүнийг халахын тулд “Дотоод ардчиллыг бэхжүүлнэ. Намын бүх шатны хурлыг тогтоосон цагт тогтмол хуралдуулдаг журмыг нэвтрүүлнэ. Намын дүрэмд заасан хурлыг цагт нь хуралдуулаагүй бол тухайн хурлыг зарлах эрх бүхий албан тушаалтанд шат дараалан хариуцлага тооцох дүрмийг санаачилна” гэжээ.

Тэрбээр асуудлыг зөвхөн таван хүн нэгнээ ялахын төлөөх сонгууль биш, ардчилсан төрийг аврахын төлөөх тэмцэл хэмээн харж буй юм билээ. Тиймээс ардчилсан төрийг цөөнхийн засаглалаас иргэдийн оролцоотой, нээлттэй хэлбэрт шилжүүлнэ хэмээн зорьжээ. Түүний хөтөлбөрөөс хувийн эрх ашиг үнэртсэнгүй, намаа, цаашлаад төрийн тогтолцоог өөрчлөх өргөн зорилго дэвшүүлсэн нь харагдаж байна.

Н.АЛТАНХУЯГ

Нэр дэвшигчид дотроос намын даргын албыг хашиж байсан цорын ганц хүн нь тэр. Бас намынхаа түүхэнд хамгийн удаан буюу хоёр жил гаруйн турш Засгийн газрыг тэргүүлсэн. Фракцуудаа зангидаж, бүтээн байгуулах ажил чамлахааргүй хийсэн. Тэдний заримынх нь хор найруулгад бүдэрчихсэн л болохоос боломжийн үнэлгээ авахаар Ерөнхий сайд байсан болов уу.

Харин намын хэр сайн дарга байсан бэ гэвэл асуудал өөрөөр харагдана. Учир нь тэр зургаан жил энэ намыг даргалахдаа нэг ч удаа ҮЗХ-нд ротацын сонгууль явуулаагүй. Их хурлаа зохион байгуулж, статусаа баталгаажуулаагүй. Гэхдээ одоо дахин дарга болбол энэ алдаагаа засаж, “Намын дотоод ардчиллыг хөгжүүлж, шат шатны байгууллагын ротацыг тогтмол явуулна” гэжээ.

Уг намын дарга, бас Ерөнхий сайд байсан учраас хийсэн ажлуудаасаа хөтөлбөртөө түлхүү оруулсан байна лээ. Магадгүй юу хийж бүтээснээ гишүүддээ сануулахыг хүссэн байх. Шинээр юу хийхээ төдийлөн тодорхой оруулаагүй нь хуучин ажлаа үргэлжлүүлнэ гэсэн үг бололтой. Мөн эхний хоёр нэр дэвшигчтэй ижил өөртөө тохиолдсон явдлаас үүдэлтэй хамгаалах заалт хөтөлбөртөө тусгажээ.

“Өөрийн намаас байгуулагдсан Засгийн газар, Засаг дарга, хурлын дарга зэрэг төрийн эрхийг хэрэгжүүлэхдээ намын нэгдсэн шийдвэргүйгээр огцруулдаг, эсрэг ажилладаг, хувийн тоглолт хийдэг улстөрчдөд хатуу хариуцлага тооцдог болгоно” гэсэн байна. Түүнчлэн залуус, эмэгтэйчүүд, ахмад үеэ дэмжиж ажиллана гэжээ. УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх босгын тухайд С.Эрдэнийн хөтөлбөртэй яг ижил. Халамжийн зарим бодлогыг үргэлжлүүлэх тухайд тэд бас ижил саналтай байгаа бололтой.

Нам дотроо Н.Алтанхуяг мэдээж дэмжлэг сайтай. Гэвч өмнө нь дарга болоод үзчихсэн, бас дотоод ардчилал, гишүүдээ сонсож ажиллах талаар дулимагдуу байсан түүнд дахин итгэл хүлээлгэх болов уу.

Л.ГАНТӨМӨР

Насаар харьцангуй залуу өрсөлдөгч тэрбээр намын даргад нэр дэвшихээ мэдэгдээд, “Нэг ардчилал” фракцыг татан буулгаснаа зарласан. Тэгэхээр фракцгүй нам болох нь түүний зорилго. Өмнө нь З.Энхболд ийм зорилт тавьсан ч ажил болгож чадаагүй байгаа. Харин залуу хүн илүү няхуур, төлөвлөгөөтэй ажиллаж мэднэ гэж найдъя. Тэрбээр дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө үзэл санаа, арга барилын шинэчлэл хийхээ амлажээ.

Үүний тулд судалгаа, тооцоо хэрэгтэй, жирийн гишүүдийнхээ саналыг сонсоно гэсэн байна. Энэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд намынхаа дэргэд улс төрийн боловсролын сургалтын бүтэц үүсгэнэ, хүний нөөцийн бодлогод мерит буюу мэдлэг, ур чадвар, туршлагыг эрхэмлэнэ гэжээ. Түүнийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүн гэх яриа бий. Энэ талаасаа дэмжлэгтэй байж мэднэ гэсэн үг. Залуу, боловсролтой гэдэг утгаар нь Л.Гантөмөрийг дэмжих хүн цөөнгүй ч массын хэмжээнд гарч ирэх, эсэх нь эргэлзээтэй.

АН-ын даргад нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг сонжиход нэг ийм. Уг сунгаанаас нэрээ татах боломжит хугацаа маргааш дуусна. Сунгаа эхлэхэд “Н.Алтанхуяг цаг нь болоход нэрээ татна” гэх мэт мэдээлэл гарсан ч эх сурвалж үгүйсгэсэн. Өөрөөр хэлбэл, нэрээ татах бодолтой өрсөлдөгч алга. Энэ сарын 29-нд АН-ын шинэ дарга тодорно. АН-ын шинэчлэл бол улс төрийн намуудын, төрийн тогтолцооных гэдгийг ухамсарласан, зөв хүнээ гишүүд нь сонгох биз ээ.

Сэтгэгдэл үлдээх

АНХААР: Зочдын сэтгэгдэлд www.TUG.mn сайт ямар нэг хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу! Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.