Б.БАТ-ЭРДЭНЭ: МАШ ХУРДТАЙ УНАСАН ЭДИЙН ЗАСГИЙГ ТОГТВОРЖУУЛАХЫН ТӨЛӨӨ ЗАСГИЙН ГАЗАР ХИЧЭЭЖ АЖИЛЛАСАН

0
184

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах эсэх асуудлыг  хэлэлцсэн. Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ өөрийн байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Би та бүхнийхээ итгэлийг хүлээгээд батлан хамгаалах салбарыг тэргүүлээд нэг жилийн хугацаанд ажилласан. Олон салбаруудад сахилга, хариуцлага суларсан байна. Энэ бол ганц хоёр жилийн дотор бий болсон нөхцөл байдал биш. Олон жилийн хугацаанд хуримтлагдсан асуудал. Тиймээс ч би хаалттай чуулган дээр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийг мэдээлэл хийх үеэр зэвсэгт хүчний салбарт бий болоод байгаа асуудлыг хөндөж байсан. Хуулиараа улстөрийн дээд удирдлагыг хэрэгжүүлдэг байгууллага бол УИХ. 2016 оны хууль эрхзүйн зохицуулалтаар Зэвсэгт хүчний бүх хамаарал Ерөнхийлөгчид очсон.

Хуучин хуулиар Батлан хамгаалахын сайд Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагын томилгоонд оролцдог, орлогч, төрлийн цэргийн командлалуудыг томилдог байсан бол шинэ хуулиар сайдын эрх мэдэлд байсан бүх түвшний томилгооны ажил байхгүй болсон. Удирдлагын томилгоог хийж байж бодлогоо хэрэгжүүлдэг, хяналтаа тавьдаг. Ийм боломж үнэхээр хязгаарлагдмал болсон. Үүнийг УИХ нь Зэвсэгт хүчний улс төрийн дээд удирдлагыг авч хэрэгжүүлж байгаагийн хувьд авч үзэх хэрэгтэй байх. Улс орны эдийн засаг маш хурдтай унасныг бид мэднэ. Энэ уналтыг зогсоох, тогтворжуулах, өсөлт бий болгохын төлөө Засгийн газар их ажилласан. Авч хэрэгжүүлсэн тодорхой зөв бодлогын үр дүнд эерэг өөрчлөлтүүд мэдрэгдэж байгаа. Засгийн газрын ажилд алдаа дутагдал байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ улс орны ирээдүйн том зургаар харвал нилээн эгзэгтэй цаг үе ирсэн учраас Засгийн газрыг унагаах асуудалд УИХ нухацтай, бодитойгоор хандах зайлшгүй шаардлагатай” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү