Заамарын иргэд газар шорооныхоо төлөө тэмцэнэ

0
90

Төв аймгийн Заамар суманд “Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснийг эсэргүүцэн тус сумын ИТХ-ын төлөөлөгчид болон иргэд мэдээлэл хийлээ. Тус хөтөлбөрийн хүрээнд Заамар сумын 15 мянган га газарт “Эрдэнэсийн эрэг” ХХК-д хууль бусаар тусгай зөвшөөрөл олгосон гэнэ. Өмнө нь тус суманд “Алт-1” хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан. Ингэхдээ нэг ч удаа нөхөн сэргээлт хийгээгүй. Малчдын амьдрах орчин, мал аж ахуйг хөгжүүлэх боломжийг хаасан. Гэтэл дахин “Алт-2” хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгааг нутгийн иргэд эсэргүүцлээ. Иргэд хууль бусаар олгосон тусгай зөвшөөрлийг цуцлуулахын төлөө нэгдэж хуулийн дагуу цаашид шат дараалсан арга хэмжээ авна гэдгээ хэллээ.

Тусгай зөвшөөрөл олгосон 15 мянган га талбай нь сумын төвийн малчдын өвөлжөө, хаваржаа бүхий түүхийн дурсгалт газруудыг хамардаг аж. Мөн эрт үеэс уламжлан ирсэн тахилга шүтлэгтэй уултай. Тухайн уулын өвөр тал бүхий байгалийн үзэсгэлэнт газар нутагт, аргаль, угалз зэрэг нэн ховор амьтад нутагладаг байна. Ийм байтал “нутгийн иргэд, удирдлагуудын саналыг сонсохгүйгээр шууд Засгийн газраас тусгай зөвшөөрөл олгосон. Энэ нь хэт их ашгийн төлөө, нутаг ус, малчин иргэдийн ирээдүйг сүйтгэсэн болно” хэмээн хэвлэлийн хуралд оролцогчид онцоллоо. Энэ үеэр тэд БОНХЯ, АМГТГ-т албан тоот хүргүүлснээ хэлэв. Энэ хүсэлтийг хүлээн авч “Эрдэнэсийн эрэг” компанид олгосон тусгай зөвшөөрлөө цуцлахгүй бол Захиргааны хэргийн шүүхэд хандана гэнэ.

Хэвлэлийн хуралд оролцсон иргэдийн сэтгэгдэл:

-Огтоно ч орогнох газаргүй болсон-

Заамар сумын нутгийн зөвлөлийн дарга Д.Дамбадагва:

“Үндсэн хуулинд орон нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэрээс давсан шийдвэр байж болохгүй” хэмээн заасан байдаг. Гэтэл Заамар сумын нийт нутгийн 3/1 буюу 52 мянган га газар  уул уурхайн 25 компани мэдэлд хамрагдаж байна. Тус суманд мал сүрэг битгий хэл үлийн цагаан огтоно ч орогнох боломжгүй болсон. Галав юүлсэн гамшгийн хэмжээнд хүрсэн байна. Заамар сум орших уу, эс орших уу гэдэгтэй хүрсэн. Аливаа зүйлд хязгаар гэж байдаг. Уул уурхайг ажлыг одоо байгаа хэмжээнээс тэлж болохгүй. Хэсэг бүлэг хүмүүсийн шуналд хөтлөгдөн уул уурхайн ажил явагдах учиргүй. Цаашид бид тэмцэнэ. Иргэний эрх гэж байдаг л бол бид уул уурхайн компаниудад нэмж газар олгохгүй. Олон жил орон нутгаа ухуулсан. 140 тн алтыг эрдэнэсийн санд хуримтлуулсан. Аливаа зүйлд хязгаар гэж байдаг.

-Иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлж байна-

Нутгийн Зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн Ж.Ханджав:

“Зуд болдоггүй Тосон Заамар, Ган болдоггүй бор булантай” нутгийн ард түмэн өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж байна. Тус сумын нутагт 1992 онд “Алт-1” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Энэ үед манай улсын эдийн засаг хүнд байсан. Тиймдээ ч Заамар сумын иргэд улс орныхоо ирээдүйн хөгжлийг бодож хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг зөвшөөрч байсан. Ингэхдээ 90 мянган га талбайгаас 140 гаруй тонн алт олборлон улсын эрдэнэсийн санд тушаасан байдаг. Гэтэл үүний нөлөөгөөр газрын хөрсөн дээр 60-70 төрлийн ургамал байсан бол одоо гарын таван хуруунд багтах болсон. Мөн иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлсөн. Гэтэл “Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Энэ нь хууль бус. Стратегийн үнэлгээ хийлгэж Байгаль орчны яамаар баталгаажаагүй. Үүссэн энэ нөхцөл байдалтай уялдуулан багийн иргэдийн нийтийн хурлаас 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдсон.

-Төр Засагтаа итгэж байна-

Өндөр настан Н.Гантөмөр:

“Алт-1” хөтөлбөр хэрэгжсэнээр хэсэг бүлэг хүмүүс л баяжсан.

  1. Ган болдоггүй бор булангийн талыг 1976 онд Булган аймгийн Баяннуур сумын тэжээлийн сангийн аж ахуйд өгсөн.
  2. 1986 онд Цайдмын нуурыг таллаад Цээлийн сангийн аж ахуйд өгсөн.
  3. 1992 онд Заамар хайрханы ар талыг “Алт-1” хөтөлбөрт лиценз болгон өгч сүйтгэсэн.

Үндсэндээ бид хойч үедээ үлдээх нутаггүй болсон. Алт хөтөлбөрийн балгаар Туул голын эко систем алдагдсан. Хөдөө аж ахуйн зориулалтаар малын бэлчээрт хүлээлгэн өгсөн нэг ч га газар байхгүй. Иймд нутгийн иргэд, малчдаас сонсгол хийж шийдвэр гаргаж бай гэж хүсэж байна. Гаргасан шийдвэрээ эргэн харж цуцална гэдэгт найдаж байна. Төр Засагтаа итгэж байна.

-Хүй дарах чулуугүй, хүүрээ тавих газаргүй боллоо-

Малчин Г.Эрдэнэцогт:

Бид Монгол Улсын иргэн. Бидэнд үлдсэн хавчигдмал газар нутагт уул уурхайн ажил битгий явуулаач. Амьдрах боломж бидэнд олгооч. Тусгай зөвшөөрөл олгосон талбай чинь бидний Өвөлжөө, хаваржаа бэлчээрийн бүс нутаг юм. Ажлын хэсэг гаргаад бодит байдал дээр нь очиж үзээд шийдвэр гаргаач. Ухсан нүх, овоолсон шорооноос зугтсан малчид бэлчээрийн газар байтугай нүүдэл сэлгэх газаргүй болж байна. Төр засаг гэж байгаа бол жирийн малчин биднийг амар тайван амьдрах нөхцөл олгооч. Эцэст нь бид чинь Хүй дарах чулуугүй, хүүрээ тавих газаргүй болж байна.

Г.Мягмарсүх

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү