Зөвлөлтийг дайчдын хөшөөг нураах тухай хууль Польшид хэрэгжиж эхэллээ

1
134

Зөвлөлтийн дайчдад зориулан босгосон хөшөө дурсгалыг буулган үгүй хийхийг зөвшөөрсөн хууль өнгөрсөн бямба гарагаас эхлэн Польшид хүчин төгөлдөр болж байна.

Үндэсний дурсгалын хүрээлэнгийн мэдээлснээр Польшид 450 гаруй хөшөө байдаг бөгөөд үүнээс 230 нь зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулан босгосон юм. Хуулийн заалтад нийцэж буй бүх хөшөө дурсгалыг 12 сарын дотор буулгах ёстой ажээ. Польшийн засгийн газраас энэ ажилд зориулж таван сая злот (1,4 сая орчим ам.доллар) төсөвлөсөн байна. Польшийг чөлөөлөх дайнд 600 мянган зөвлөлтийн дайчин амь үрэгдсэн ба 700 мянга гаруй олзлогдсон улаан цэргүүдийг нацистууд устгасан билээ.

“Нэг талаас бид Улаан арми польшийг германы боолчлолоос чөлөөлсөн гэдэгт эргэлзэхгүй бөгөөд энэ нь үнэний хувьтай юм. Гэхдээ нөгөө талаас бол энэ чөлөөлөлтийн дараа Польш тусгаар улс болж чадаагүй, харин ч зөвлөлтийн түрэмгийлэл, коммунист засаглал, хэлмэгдэл дагаж ирсэн гэдэг нь түүхэн үнэн билээ. Тэгэхлээр бид энэ үеийг дараагийн түрэмгийлэл гэж үзэхээс өөр аргагүй” хэмээн Польшийн үндэсний дурсгалын хүрээлэнгийн мэргэжилтэн Даниел Марковский ярьсан байна.

Тэрбээр мөн Улаан армид зориулан босгосон хөшөө, дурсгалын цогцолборуудыг гадаадын түрэмгийлэл хийгээд ганцаар эзэрхэн захирах засаглалыг сурталчилсан обьектууд хэмээн үзэж олон нийтэд зориулсан орон зайнаас зайлуулах ёстой гэжээ.

Энэ хууль Улаан армийн дайчдыг оршуулсан оршуулгын газруудад хамаарахгүй юм байна. Үндэсний дурсгалын хүрээлэнгийн төлөөлөгч энэ талаар тодоруулахдаа  “Энэ хууль оршуулгын газруудад хамаарахгүй гэдгийг онцлон хэлмээр байна. Учир нь аливаа дайнд амь үэрэгдсэн цэрэг эрсийн булш нь үндэс язгуур, шашин шүтлэгээс үл хамааран польшийн засгийн газрын хувьд ариун гэгээн газар бөгөөд эдгээр обьект нь польш улсын төр засгийн хууль ёсны хамгаалалтад байх болно” гэжээ.

Гэсэн хэдий ч польшийн засаг захиргаа тоталитар дэглэмийн бэлгэ тэмдэг оршуулгын газарт ч үлдэх ёсгүй хэмээн үзэж байгаа ажээ.

Марковский хэлэхдээ “Оршуулгын газрын тухайд бол хамгийн түрүүнд бид алх хадуур, Сталины хөрөг зэрэг зүйлсийн тухай ярьж байгаа юм. Эдгээр зүйлсийг оршуулгын газраас хэдийн зайлуулсан. Харин Улаан армийн тэмдэг болох улаан таван хошууг бид хөндөхгүй” гэсэн байна.

Орчуулагч: Ц.Баянзул

 

1 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү