ГЭР БҮЛ ЦУЦЛАХ ТУХАЙ

1
844

Гэрлэлтийг шүүхийн болон захиргааны журмаар цуцална.

Шүүхийн журмаар гэрлэлт цуцлах гэдэг нь гэрлэгчдийн аль нэг нь гэр бүл цуцлалтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа , гэрлэгчид 18 хүртэлх насны хүүхэдтэй, эд хөрөнгийн маргаантай тохиолдолд гэрлэлтийг шүүхийн журмаар цуцална.

Захиргааны журмаар гэрлэлт цуцлах гэдэг нь гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, 18 хүртэлх насны хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй бол  гэрлэгчид энэ тухай тус тусдаа бичиж, гарын үсэг зурсан хүсэлтээ иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гаргана.

Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага нь хүсэлтийг хянан үзэж 30 хоногийн дотор гэрлэлтийг цуцалж болно.

Гэрлэлт цуцлуулахаар шүүхэд хандахдаа дараах баримтуудыг бүрдүүлж нөгөө талынхаа оршин суугаа газрын шүүхэд хандана. Үүнд:

1.Гэр бүл цуцлуулах тухай нэхэмжлэл хариуцагчийн оршин байгаа газрын шүүхэд өгнө. Нэхэмжлэл нь 2 хувь байна.

  1. Гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
  2. Хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

4.Хэрэв бага насны хүүхэдтэй бол өрхийн эмчийн хүүхэд эрүүл бойжиж байгаа тухай тодорхойлолт,

  1. Хорооны засаг даргын тодорхойлолт,
  2. Эд хөрөнгийн маргаантай тохиолдолд тухайн хуваах эд хөрөнгийнхөө үнэлгээнээс хамаарч улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэрэв ямар нэгэн эд хөрөнгийн маргаангүй тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ 70200 төгрөг төлнө/

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шүүгчид хуваарилах бөгөөд нэхэмжлэлийг хүлээн авсан шүүгч 7 хоногийн дотор иргэний хэрэг үүсгэдэг. Иргэний хэрэг үүссэн өдрөөс хойш хэргийг 60 хоногийн дотор анхан шатны журмаар хянан шийдвэрлэдэг.

Гэрлэлт цуцлалтыг шийдвэрлэх үед хүүхдийн асрамжийг тогтоох асуудал нэн чухал байдаг бөгөөд хэрэв хүүхэд 7-оос дээш настай бол хүүхдээс хэний асрамжид үлдэх талаар өөрийнх нь саналыг асуудаг.

Шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд гэрлэгчдийг эвлэрүүлэх хугацаа өгч болдог. Энэ хугацаанд талууд эвлэрээгүй тохиолдолд шүүх гэрлэлтийг цуцална.

Хэрэв гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл хохирол учирсан нь тогтоогдсон бол шүүх эвлэрлийн хугацаа өгөлгүйгээр гэрлэлтийг шууд цуцална.

Шүүх гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулна.

ТУГ.МН

1 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү