ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛАХ

0
204

Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа гэдэг нь ажилтан, ажил олгогч хоёрын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдах тодорхой төрлийн харилцааг хэлдэг.

Ажилтан байнгын ажлын ажлын байранд ажиллаж байгаа тохиолдолд ажил олгогчтойгоо хөдөлмөрийн гэрээг заавал байгуулна.

Хөдөлмөрийн гэрээ байгуулах үндэслэл:

Хөдөлмөрийн тухай хуулийн 21.1.-т заасны дагуу Хөдөлмөрийн гэрээнд дараахь гол нөхцөлийг тохирно.

  • ажлын байрны буюу албан тушаалын нэр;
  • ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг;
  • үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ;
  • хөдөлмөрийн нөхцөл.

Дараах тохиолдолд хөдөлмөрийн гэрээг байгуулсанд тооцохгүй.

Хөдөлмөрийн гэрээ байгуулах үед талууд хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй.

Хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт заасан нөхцөлөөс дордуулсан хөдөлмөрийн гэрээний нөхцөл хүчин төгөлдөр бус байна.

Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах уу?

Хөдөлмөрийн гэрээг талууд хугацаатай болон хугацаагүй байгуулж болдог. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах бөгөөд хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болно.

Ажил олгогч ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулж болох уу?

Ажилтнууд хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхдаа ажил олгогчид хохирол / Ажил олгогч этгээдийн эд хөрөнгөнд бодит хохирол учирсан байх бөгөөд учирсан хохиролд ажилтны үйлдэл эс үйлдэхүй нөлөөлсөн байх/ учруулсан тохиолдолд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэж болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 135.3-д  зааснаар Ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ” байгуулна.

Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг ямар ажил, ямар албан тушаалтантай байгуулах вэ?

Хөдөлмөрийн сайдын 1991 оны 216-р тогтоолоор “Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх албан тушаалтны жагсаалт”-ыг удирдлага болгон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг дараах ажил, албан тушаалтантай  байгуулна. Үүнд:

       Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулах албан тушаал.

  • Хадгаламжийн газар, сан хөмрөг /фонд/, архив, агуулахын эрхлэгч нар,
  • Бүх төрлийн кассын эрхлэгч, нягтлан бодогч, нярав,
  • Мөнгө хураагч, мөнгө тоологч, мөнгө хянагч,
  • Шуудан холбооны оператори, таксфоны мөнгө тоологч- операторч,
  • Галт тэрэгний дарга, вагоны үйлчлэгч, зорчигчдын галт тэрэгний тасалбар шалгагч – байцаагч, төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын харуул,
  • Дэлгүүрийн секц, тасгийн эрхлэгч, худалдагч,
  • Гуанз нийтийн хоолны газрын ахлах тогооч,
  • Шатахуун тослох материалын агуулахын нассочин, насос шугам хоолойн оператор, шатахуун тосолгооны материалын эрхлэгч,
  • Эмийн сангийн эрхлэгч, эм олгогч, шалгагч, эм найруулагч, эмнэлгийн ахлах болон нярав сувилагч, тасгийн бага эмч, дефектор,
  • Музейн сан хөмрөгч / Фондчин/, музейн үзмэр харагч, номын сангийн ном олгогч,
  • Тэжээлийн цэгийн эрхлэгч –нярав, шувууны инкубаторын эрхлэгч,
  • Агент, аж ахуйн эрхлэгч, цех /тасаг/, лаборатори, кабинетын эрхлэгч, мастер, механикч, экспедиторч.

Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулах ажил.

  • Кассын гүйлгээний ажил,
  • Ажилчдаас бүх төрлийн мөнгөн төлбөрийг кассаар дамжуулалгүйгээр хүлээн авах, мөнгө олгох ажил,
  • Худалдаа үйлчилгээний болон мөнгөний автоматыг хариуцаж ажиллуулах ажил
  • Агуулах, бааз /нефть бааз/, шатахуун түгээх станц, хөргүүл /зоорь/, гуанз, нийтийн хоолны газар, хадгаламжийн сан, худалдаа бэлтгэлийн газар /цэг, салбар/, бараа таваарын дамжлага бааз, хадгаламжийн газруудад материалын үнэт зүйлсийг хадгалахаар хүлээн авах, боловсруулах, хадгалах, гадагш нийлүүлэх,
  • Материалын үнэт зүйлсийг баглаж боох, савлах, тээвэрлэх, хүргэх, ачиж буулгах, харж хамгаалах, түгээх ажил,
  • Эмнэлгийн байгууллага, амралт, сувиллын газар, зочид буудал, нийтийн байр, зорчигчдын амралтын өрөө, хүүхэд саатуулах газар, эмнэлэг- биеийн тамир, аялал жуулчлалын газруудад байрлаж байгаа хүмүүст материалын үнэт зүйлсийг олгох / хүлээн авах/,
  • Галт тэрэг, усан онгоц, нисэх онгоцонд хоол унд, бусад зүйлийг зэхэх ажил, ачаа- вагон, ачаа-чингэлэг хүлээлцэх ажил,
  • Соёл, ахуйн зориулалттай болон бусад материалын үнэт зүйлсийг хадгалах буюу засварлахаар хүлээн авах, түүнчлэн тэдгээрийг үйлдвэрлэх, сэргээн засварлах, чанарыг сайжруулах зэрэг бусад зориулалтаар авч хадгалах, соёл, ахуйн зориулалттай эд зүйлсийг хүн амд хөлсөөр хэрэглүүлэх /прокат/ ажил, барьцаат үйлчилгээний ажил,
  • Худалдааны арга хэлбэр, үйлдвэрийн газар, байгууллагын үйл ажиллагааны чиглэлээс хамаарахгүйгээр бүх төрлийн бараа / бүтээгдэхүүн /-г бэлтгэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, нийлүүлэх, борлуулах, худалдаанд бэлтгэх ажил,
  • Ачаа тээш, шуудангийн илгээмж, мөнгөн болон материалын үнэт зүйлсийг хүлээн авах, хүргэхээр бэлтгэх, тэдгээрийг ялгах, хүргэж өгөх, солилцох, тээвэрлэх, ачиж буулгах, тушаах /олгох/,
  • Цахим техник, радио аппарат, радио техникийн болон цахилгаан механикийн аппарат, хэрэгсэл, систем, тэдгээрийн эд ангийг үйлдвэрлэх / эвлүүлэх, угсрах, тохируулга хийх/, засварлах ажил,
  • Үнэт металл, үнэт чулуу, нийлэг эрдэс, тэдгээрээр хийсэн эдлэлийг хадгалах, боловсруулах, үйлдвэрлэлд хэрэглэх, хүргэж өгөх, тээвэрлэх, солих, худалдах, худалдан авах ажил,
  • Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, шуудангийн марк, тэдгээрийн хагас боловсруулагдсан бүтээгдэхүүнийг хүлээн авах, үйлдвэрлэх, тээвэрлэх, сонгож түүвэрлэх, цуглуулга бэлтгэх, бүртгэж тооцоолох, баглаж савлах, хадгалах, олгох ажил,
  • Бүх төрлийн билет, талон, тасалбар, падаан / болон хүн амд үзүүлэх үйлчилгээний хөлсийг тооцохтой холбоотой бусад тэмдэгтүүд/-ийг үйлдвэрлэх, борлуулах, хадгалах, тамгалах, шалгах, олгох ажил,
  • Мал, бусад тэжээвэр амьтдыг хариулах, өсгөх, үржүүлэх, тэжээж бордох ажил,
  • Үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, хадлан тэжээл бэлтгэх, арчлан хамгаалах, технологийн бүх шатны ажил,  малын хашаа, саравч, худаг, уст цэг, услалтын системийн эзэмшилттэй холбогдсон ажлууд багтана.

Дээрх ажил албан тушаалтны жагсаалтыг Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам,  Ажлын байрны тодорхойлолт бүхий албан байгууллагад байх баримт бичигт тусгаж өгөх, эсхүл “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ”-гээр энэхүү харилцааг зохицуулах боломжтой.

Хэрвээ ажил олгогч ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй, энэ талаар хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол ажилтанд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй.

ТУГ.мн

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү