Хүчтэй салхи л хором сарниах, хөнөөлт утаа биднийг нөмөрсөөр…

1
78

Хорин дөрвөн цагийн дотор агаарын чанар нь 10 дахин муудаж нүүрстөрөгчийн дутуу исэл нь 1,146-4,783 болж нэмэгдэх уршигт утаа хэзээ үгүй болох вэ! Мэддэг бүх бурхан төрийн түшээдээсээ гуйгаад тусыг эс олсон ядарсан иргэд маань одоо хэнээс асуухаа мэдэхээ байлаа. Төр засгийн эрхмүүдийн олон жил мөнгө угаах хэрэгсэл болсон хорт утааг алга болгож иргэдийн санааг амрааж өгөх буянтан үнэхээр алга уу? Нэгэн цагт мишээсэн дагина шиг, миний улаанбаатар хэмээн дуунд хүртэл мөнхөрсөн их хот маань хорь гаруй жил тэсрэх бөмбөгөнд бөмбөгдүүлсэн мэт хорт утаанд жингүйдэж суух нь хэн гээч эрхмүүдийн тарьсан үйлийн үр гээч вэ? Эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийн улсуудын сүүл мушгиж яваа бид дэлхийн утаатай улсуудын жагсаалтад Энэтхэг, Пакистан, Боцвана улсын хотуудыг гүйцэж Иран улсын Ахваз хотын дараа дэлхийд хоёрт давхиж явна. Энэхүү гамшигийг үүтгэх анхдагч шалтгаан болсон түүхий нүүрсээ байгалийн Натураль байдлаар нь хэрэглэдэг улс орон дэлхийд одоо тун цөөхөн болсон. Нийслэлийн маань агаарт тархах

PM10 – Том ширхэгт тоосонцор

CO – Нүүрстөрөгчийн дутуу исэл

NO2 – Азотын давхар исэл

SO2 – Хүхрийн давхар исэл-гэх мэт хүний биед нэн хортой утаат ислүүд монгол хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсаар удлаа.

АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль Калифорнийн их сургуулийн багтай хамтран 2012 — 2014  онуудад “Улаанбаатар хотын агаарын бохирдлын эрүүл мэндийн нөлөөлөл ”судалгааны дүгнэлтээр агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр яаралтай цогц арга хэмжээ авахгүй бол 2017 — 2024 оны хооронд цаг бусаар, эрт нас барагчдын тоо 13,000 тохиолдлоор ихсэнэ гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Тэгвэл энэхүү судалгааг хийсэнээс хойш гурван жил хэдий нь өнгөрчихөөд байхад хорт утааны бохирдлын хэмжээ ихэссэнээс буурсангүй. Хичнээн хүний амийг энэ уршгаар хөнөөсөн байх нь уу. Энэ хугацаанд төрийн болон нийслэлийн удирдлагууд маань утаагүй түлш, төслийн зуух, цахилгаан халаагуур, авто тээврийн хэрэгслийн татвар, шөнийн цахилгаанийг тэглэсэн атал юу ч өөрчлөгдсөнгүй. Эсрэгээрээ өч төчнөөн тэрбум төгрөгийг төрийн түшээд болон үндэсний нэртэй хэдэн компаниудад залгиулчихаад байна.Нийслэлийн оршин суугчид Утаат мананы нөлөөгөөр нүд хуурайших, хоолой хорсох, амьсгал бачуурах, амьсгалын үйл ажиллагаа алдагдах, астма сэдрэх, дархлаа сульдах, арьсны хорт хавдар үүсэх цаашлаад амьсгал зүрх судасны үйл ажиллаагаанд нөлөөлж нас баралтад хүргэх шалтгаан болсоор байна. 60 жилийн өмнө Английн Лондон хот манайхтай адилхан утаатай байсан агаад үүнийхээ эсрэг дэд бүтэц барилга байгууламжийг ихээр бариж иргэдийнхээ амьдрах орчинг өөрчилснөөр гамшигт утааг үгүй хийж чадсан. Тэгвэл манай төр 40 мянга, 100 мянган айлын орон сууц төсөл хөтөлбөр хэрэгжүүлж хотын төвд хүүхдийн тоглоомын талбай болон машин тавих газаргүй болтол барилга барьсан ч утаа сарниж алга болоогүй л байна. Учир нь энэхүү урт хугацааны төслөөр баригдсан байранд орох иргэдэд тавих шаардлага нийгмийн доод давхаргынхан хэзээ ч хүрч чадахааргүй өндөр байгаад оршино. Нийгмийн дунд давхарга гэж үгүй манай нийгмийн хувьд утааг үгүй хийхэд нэн тэргүүнд шаардагдаж байгаа асуудал бол нийгмийн доод давхаргынханд хүрч ажиллах төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлж, чанартай ажлын байрыг олноор бий болгож, орон сууцныхаа тэнгэрт хадсан үнийг бууруулвал тодорхой хугацааны хойно хөнөөлт утаа сарниж замхрахгүй гээд хаачих вэ дээ.

1 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү