Монголд хүүхдийн эрхтэн худалдаалах наймаа байдаг уу?

1
1069

Гарчигт дурьдагдсан асуултыг цагдаагийн байгууллагаас сэтгүүлчид удаа дараа асуудаг боловч тэд “үгүй ”гэх ганцхан үгээр хариулдаг. Гэвч Д.Сэржмядаг охины хэргийн талаар өнөөг хүртэл дорвитой хариулт өгч чадахгүй л байна.   

Монгол Улс хүний наймааны дамжуулагч орон хэмээн 1990 онд анх олон улсад зарлагдсан бол 2011 оноос хүлээн авагчийн статуст шилжиж  5 жилийн өмнөөс хүний наймаа үйлдэгч орон хэмээн нэрлэгдсэн. Тэгвэл өнөөдрөөс 55 хоногийн өмнө Дорноговь аймгийн Замын –Үүд суманд гэгээн цагаан өдрөөр гэрээсээ сургууль орохоор явсан наймхан настай Д.Сэржмядаг охин ор сураггүй алга болсон.

Үйл явдлын талаар сошиал орчинд хурдтай тархмагц цагдаагийн байгууллагаас “Охиныг хүний наймааны золиос болсон уу? гэх сэтгүүлчдийн таамаглалд яаран хариулт өгөхөөр хэвлэлийн хурал зарласан юм. Хамгийн сүүлд Боомт суманд харагдсан гэх гэрчийн яриагаар сураг тасарсан охиныг хил давуулсан гэж таамаглаж байгаа ч Эрээн хот дахь консулын газраас охиныг хилээр нэвтрээгүйг мэдэгдсэнээр эрлийг мухардалд орууллаа.

Алга болсон хүүхдүүд хаана байна? 

Д.Сэржмядаг охиныг эрэн хайх явцад 2017 оны байдлаар 70 гаруй хүүхэд алга болсон гэх мэдээлэл нийтэд цацагдсан ч ЦЕГ-аас хийсэн хэвлэлийн хурлын үеэр эдгээр хүүхдийн 24-ийг нь олдсон талаар хэлэв. Алга болсон хүүхдүүд эцэг, эхийн анхаарал сул, тоглоомонд донтсон, гэр бүлийн байдлаас болж гэрээсээ дайжиж зугтсан хүүхдүүд байсныг тайлагнаад амжив. Тэгвэл үлдсэн 46 хүүхэд өнөөг хүртэл олдоогүй гэсэн үг байх нь. Эдгээр хүүхэд хаана байна?

Хүүхэд хулгайлсан Хятад эмэгтэйг “сэтгэцийн өвчтэй ”хэмээн сулласан

Монголд төрж өссөн “Цагаан байрны ”гэх тодотголтой газарт амьдардаг Wang Fulian гэх эмэгтэйг 2017.05.25-ны өдөр цагдаагийн байгууллагаас хүүхэд хулгайлсан хэргээр шалгасан. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байсан уг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг хойшлуулшгүй явуулж нэгэн эмэгтэйн мэдээллээр охидыг олсон юм. Уг эмэгтэй мэдүүлэгтээ… “Тэди ”төвд утас сонирхож явж байтал бага насны нэгэн охин “Эгчээ бид нарыг хулгайлчихлаа. Авраарай. Машинд надаас гадна зөндөө хүүхэд байгаа ”гэж хэлсэн учир цагдаад шууд хандсанаа хэлжээ.

Хэргийг шалгах явцад хятад эмэгтэйг сэтгэцийн өвчтэй гэдгийг тогтоож Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв рүү хүргүүлж, албадан эмчилгээнд хамруулахаар болсоноор хэрэг намжив.

Уг хэрэгт хэд хэдэн нухацтай бодож үзэх үйлдлүүд байдаг тухай хэвлэлийнхэн онцлон тэмдэглэглээд амжив.

  • Хүүхэд хулгайлсан гэх этгээд дөрөвдүгээр ангийн гурван сурагчийг “Гоё юм авч өгнө “гэж хэлээд сургуулийн ойр орчмоос нь дагуулан явсан.
  • “Wechat “ашиглан хятад үсгээр хүмүүстэй харилцаж байхыг нь “Тэди “төвийн ажилтан анх харсан гэдгийг албан бус эх сурвалж мэдээллэсэн байдаг.
  • Хүүхдүүдийн гэрийнх нь ойр орчмоор хэд хоногийн өмнө харсан эмэгтэй мөн зэргээр эцэг эх нь гэрчилж байсан тухай дурьдав.

Хятадад хүүхэд хулгайлж мөстэй хайрцагт тээвэрлэсэн аймшигт хэрэг гарав  

Хятадад хүүхдийн эрхтэн наймаалдаг худалдаачдыг илрүүлсэн бичлэг цахим орчинд тавигдсанаар олны жихүүцлийг төрүүлсээр байна. Хүүхдүүдийн эд эрхтэнг худалдаалах зорилгоор хулгайлсан нь тогтоогдсон уг хэргийг тухайн улсын хууль хяналтын байгууллагынхан  нухацтай анхаарч, бүлэглэлүүдийг илрүүлэхээр тууштай ажиллаж байгааг Хятадын хэвлэлүүд онцолсоор…

Олон улсын байгууллагууд Монголын Засгийн газарт анхааруулсаар байгаа

“Human trafficktiborg ”сайтад Олон Улсын судалгааны байгууллагын судалгааг үндэслэн Монгол Улсыг  “Хүний наймаа хийхээр зорьж очих, дайран өнгөрч болох газар ”гэж тодорхойлсон.    

                   Мөн 2014 онд Азийн сангаас Монгол Улс дахь хүний наймааны талаархи тайланг гаргахдаа Азиас 2 дугаар зэрэглэлд хамруулав. Өөрөөр хэлбэл АНУ-ын Төрийн департаментын Хүн худалдаалах гэмт хэргийн судалгааны тайланд манай улс энэ төрлийн гэмт хэргээр II зэрэглэлд орсон юм. Уг тайланд  хүний наймааны дамжих зам, худалдан авагчид, гэмт бүлэглэлүүдийн тухай тэд бичээд зогсохгүй монгол охид БНХАУ-ын Эрээн, Бээжингээс эхлээд Хонконг, Макао зэрэг газруудад  хэдэн зуугаар биеэ үнэлдэг. 2007 онд л гэхэд дээр нэр дурдсан газруудад нийт 700 гаруй охид бие үнэлдэг байсныг дурьджээ.

Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамны вэб сайтад байршуулсан “2017 оны Хүн наймаалах асуудлын төлөв байдлын тухай тайлан ”-д  Монгол улсын Засгийн газар хүний наймааг таслан зогсооход тавигдах наад захын шаардлагыг бүрэн хангахгүй байгааг анхааруулсан байв.

Монгол төр хүүхдүүдийнхээ төлөө юу хийж байна вэ ?

Хүйсийн тэгш эрх ТББ-аас авсан баримтад өнгөрсөн 16 жилийн хугацаанд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон 300 гаруй хүнийг гадны 8 улсаас авч ирсэн байна.  Харин тэдний 40 орчим тохиолдолд нь Цагдаагийн байгууллагаас хэрэг үүсгэжээ.

АНУ-ын Элчин сайдын яамнаас Монголын Засгийн  газрын хүний наймаатай тэмцэх хүчин чармайлт өсөн нэмэгдсэн  ч “Монгол улс 2-р шатлалд байсан хэвээр байна ”гэдгийг онцолсон.  Төрөөс хүний наймаатай холбоотой илүү олон хэрэгт ял шийтгэл оногдуулж, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, улмаар засгийн газрын агентлагууд, холбогдох талуудад зориулж сургалтууд зохион байгуулах зэргээр мэдэгдэхүйц чармайлт гаргасан боловч хүний наймааг таслан зогсооход тавигдах наад захын шаардлагыг хэд хэдэн гол чиглэлүүдийн хүрээнд бүрэн хангаагүйг цохон тэмдэглэв.
Засгийн газар хүний наймаанд өртөх эрсдэл бүхий хүн амын бүлгүүдээс хохирогчдыг таньж илрүүлэх тал дээр идэвх санаачлага гаргаагүйн дээр эрх бүхий байгууллагууд хүний наймаанд өртсөн байж болзошгүй хохирогчдыг хүний наймааны шууд үр дагавар байж болох үйлдлээр нь баривчлах, эсвэл түр саатуулсан. Тухайн жилд хохирогчийг хамгаалах байр болон тэдэнд зориулсан үйлчилгээнд төрөөс санхүүжилт хийгээгүй гэв. Үнэн бодит байдал дээр Монголд хүний наймаатай тэмцдэг ганц төрийн бус байгууллага байдаг гээд чангахан хэлчихэд буруудахгүй. Тэр байгууллагаа дорвитой дэмждэггүй. Ядуурлаас үүдсэн ажлын байрны хомсдол нь хүний наймаа, хар тамхи, гэмт хэргийг нэмэгдүүлэх хүчин зүйл болдог гинжин урвалт харилцаатай. 

Хүний наймаатай тэмцэх хууль нь байна

2012 онд батлагдсан Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангахад шаардлагатай үлдсэн 6 журмыг баталсан. Эрүүгийн хуулийн 113-р зүйлд хүн наймаалах бүх төрлийг хориглож, хүний наймааг олон улсын хууль тогтоомжийн дагуу тодорхойлсон бөгөөд хүн худалдаалсан нь тогтоогдвол 15 хүртэлх жилээр хорих ял оноохоор хуульчилсан нь хүчин гэх мэт бусад хүнд гэмт хэрэгт оноодог ялтай дүйцхүйц хүнд, нийцсэн заалт болсон. Засгийн газрын зүгээс ялын тухай дэлгэрэнгүй мэдээлээгүйн дээр өнгөрсөн хугацаан дахь ял шийтгэлийг 2016 оны шинэ хэргүүдээс тодорхой ялгаж салгаагүй байна. 2016 онд төрөөс 113-р зүйлийн дагуу хүний наймаа байж болзошгүй 3 хэргийг мөрдөн шалгаж (2015 онд 14), 14 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж (2015 онд 5), хүн наймаалсан 9 этгээдийг ялласан (2015 онд 8) байна. Өмнөх жилүүдээс үргэлжилж шалгагдаж байгаа буй хэргүүд болон 2016 онд шинээр үүсгэгдсэн хэргүүдэд тухайлан ялын дүгнэлт зэрэг бусад мэдээллийг төрийн зүгээс  ангилан гаргах боломж байгаагүй аж. 

Цөөн үгээр хэлбэл Монгол улсын Засгийн газар хүний наймааны хохирогчдыг хамгаалах хүчин чармайлтаа бууруулсан.

 Хохирогчдод үзүүлэх хамгаалах үйлчилгээний дийлэнхийг ТББ-ууд үзүүлсний дээр урт хугацааны үйлчилгээг төрийн дэмжлэггүйгээр хийсэн байдаг юм.  

Монгол хүнийг аль орнуудад худалдсан байдаг вэ?

Монголын эрэгтэй, эмэгтэй хүмүүс болон хүүхдийг албадан хөдөлмөрлүүлэхээр Турк, Казакстан, Израйл, Норвеги, Швед улсуудад, харин бэлгийн мөлжлөгт ашиглахаар Өмнөд Солонгос, Япон, Хятад, Хонконг, Макао, Малайз, Герман, Швед, Бельги, Турк, АНУ улсууд руу худалддаг. Охид, эмэгтэйчүүд массажны газар, зочид буудал, баар цэнгээний газар болон караоке клубүүдэд бэлгийн мөлжлөгийн зорилго бүхий хүний наймаанд дотооддоо өртөж байна. Эцэг эхийнх нь гарын үсэг зурж байгуулсан гэрээний дагуу ажилладаг уран нугараач Монгол охидыг гол төлөв Монгол, Туркт, мөн цөөн тоогоор Хонконг, Сингапурт албадан хөдөлмөр эрхлүүлдэг. Монгол эмэгтэйчүүдийг Хятад эрчүүд, мөн сүүлийн үед давтамж нь буурсан ч Өмнөд Солонгосын эрчүүдэд арилжааны зорилготой зуучлалаар гэр бүл болгосны дараа гэртээ зарцлах, эсвэл хүчээр биеийг нь үнэлүүлдэг. Хүний наймаачид зарим үед хар тамхи, олон нийтийн хуурамч сүлжээ, ажлын байрны цахим зар, англи хэлний хөтөлбөрүүд зэргийг ашиглан хохирогчдыг хууран мэхлэх замаар бэлгийн мөлжлөгт татан оруулдаг ажээ. Хөдөө орон нутгийн ба эдийн засгийн хувьд ядуу хорооллын хохирогч нар Улаанбаатар хотод болон хилийн ойр орчим бэлгийн мөлжлөгт олноороо өртөдөг. Түүнчлэн Япон болон Өмнөд Солонгос Улсын жуулчид хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох сонирхлоор Монголд ирдэг тухай АНУ-ын Элчин сайдын яамны вэб сайтад тодорхой дурьджээ.

1 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү