Гэмт хэрэг үйлдэгчдийн 42.5 хувийг 18-29 насны хүмүүс эзэлжээ

0
16

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ШСМС төвийн захирал Ц.Мандах, ШЕЗ-ийн Хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Сарантуяа, ШЕЗ-ийн ХМ олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ш.Отгонцэцэг нар хэвлэлийн хурал хийж 2017 оны шүүн таслах ажиллагааны тойм мэдээллийг хүргэлээ.

Тус байгууллагын Анхан шатны шүүх 2017 онд эрүүгийн 8839 хэрэг, иргэний 45233 хэрэг, захиргааны 1908 хэрэг, нийт 55980 хэрэг маргааныг хянан шийдвэрлэж, 12675 зөрчил, зөрчлийн хэрэгт шийтгэл ноогдуулжээ. Мөн 1204 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж, 2765 хүнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулвал эрүүгийн хэрэг 53,4 хувиар, захиргааны хэрэг 7.2 хувиар тус тус өсч, иргэний хэрэг 2 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.

2017 оны хэрэг бүртгэлийн мэдээллээс онцолбол:

Төрийн албаны маргааны тоо өсч, газрын маргааны тоо буурчээ

Захиргааны хэргийн хувьд төрийн албаны маргаан 58.3 хувиар, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлтэй холбоотой маргаан 34.9 хувиар, ашигт малтмалтай холбоотой  маргаан 21.1 хувиар өссөн байна.

Ял шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн тоо өсөв

Монгол улын хэмжээнд 2017 онд хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 53.4 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 37.4 хувиар тус тус өссөн байна. Шүүхээр ял шийтгүүлсэн хүмүүсийг зарим бүлгээр авч үзвэл ял шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн тоо өмнөх оноос 415 хүн буюу 80.1 хувиар өсчээ.

Гэмт хэрэг үйлдэгчдийн нас залуужив

Мөн Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/-аар  хэрэгтнийг үйлдэл тус бүрээр нь ял шийтгэж байгаа нь гэмт хэргийн тоо өсөх шалтгаан болсон талаар  тэд мэдэгдсэн юм. Монгол улсын хэмжээнд өнгөрсөн онд гэмт хэрэг үйлдэгчдийн 42.5 хувийг 18-29 насны хүмүүс эзэлсэн нь гэмт хэрэг үйлдэгчдийн тоо тогтмол байдлаар залуужиж байгаа нь статистик мэдээллээс тодорхой харагдаж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү