Хүн үр дүнтэй ажиллаж байхын тулд хангалттай нойр авч байх хэрэгтэй. Унтаж байх үед бие организм сулран амарч, шинэ эрч хүч цуглуулж байдаг билээ. Нойр дутах, нойргүй хонох, унтах цаг солигдох зэрэг нь эрүүл мэндэд ихээхэн хохирол учруулж, ажлын бүтээмжид нөлөөлж байдаг.. Тэгэхээр та хэдэн цаг унтах нь нойр бүрэн авах, эрүүл саруул байх, эрч хүч нөөцлөх нөхцөл болох вэ?

Энэ удаа хүний нас нойртой ямар хамаатай болон өөр бусад сонирхолтой зарим нэг баримтуудыг танилцуулъя.

Хүн хэдэн цаг унтах хэрэгтэй вэ?

Ихэнх хүн 8 цаг, магадгүй зарим нэг нь үүнээс арай их цаг хэлж болох юм. Гэвч бүх насны хүн найман цаг унтаад бүрэн амралт авна гэж ойлгох нь буруу юм. Өөрөөр хэлбэл хүний наснаас хамаарч унтах цаг өөр байх ба нас насанд унтах хэмжээ ч бас харилцан адилгүй байх нь.

Харвардын их сургуулийн профессор Чарльз Ксейслер нэгэн сонирхолтой туршилт хийж нас насны ялгаа унтах хэмжээний зохицлыг тодорхойлохыг зорьсон байна. Гарсан үр дүн нь:

Дөнгөж төрсөн хүүхэд (0-3 сар) 14-17 цаг

Нялх хүүхэд (4-11 сар) 12-15 цаг

Хүүхдүүд (1-5 нас) 11-14 цаг

Сургуулийн өмнөх нас (6-13 нас) 9-11 цаг

Өсвөр насныхан (14-17 нас) 8-10 цаг

Залуу нас (18-25 нас) 7-9 цаг

Насанд хүрэгчид (26-64 нас) 7-9 цаг

Настай хүмүүс (65-аас дээш) 7-8 цаг

Бүх хүнд тохирох нэг сайн хуваарь гэж байхгүй ба гутлын хэмжээтэй адил юм. Өөрийн гэсэн график гарган, туршилт хийх хэрэгтэй. Нойр гэдэг бол маш сонирхолтой, хэрхэн зөв унтах, хичнээн хугацаагаар унтах, энэ нь биед яаж нөлөөлдөг гээд олон юм нь гүйцэд тайлагдаагүй зүйл юм. Тийм ч учраас эрдэмтэд одоог хүртэл энэ талаар элдэв туршилт хийсээр байна.

Нойр дутуу байх нь эрүүл мэндэд хортой гэж хэлэхэд буруудах зүйлгүй ба энэ нь зарим нэг биеийн үйл ажиллагаа: аливаа хариу үйлдэлд удаан болох, анхаарал сулрах зэрэгт сөргөөр нөлөөлдөг. Гэхдээ нэг өвөрмөц зүйл бий. Тэр нь ердөө 4 цаг унтсан хүн 7 цаг унтсан хүнтэй адилхан анхаарал төвлөрүүлж чаддаг байдал.

Учир утга нь өөр зүйлд байх ба ямарваа нэгэн зүйл хийж байгаа хүн хичнээн унтсанаас үл шалтгаалан анхаарал сарних тохиолдол үе үе гарна. Энд л гол ялгаа харагдах ба хангалттай нойр авч чадсан хүн эргээд бүх л зүйлдээ амархан төвлөрөх бол харин 4 цаг унтсан хүнд энэ нь маш хэцүү зүйл байх болно.

Харвардын профессор Клиффорд Сапер хэлэхдээ:

“Нойр дутуу хүний тархи толгой хэвийн ажиллах боловч хааяа хааяа цахилгаан хэрэгслийн тэжээл доголдохтой адил зүйл тохиолдоно”. Иймэрхүү доголдлын үед тархины айдас хариуцах хэсэг идэвхжих ба хүнд ямар нэг аюул занал тулгарч байгаа мэт байдлаар ажиллаж эхэлдэг. Үүнээс болж булчин шөрмөс чангаран, алга хөлөрч, сэтгэл санааны байдал ч тогтворгүй болно.

Хамгийн гол бэрхшээл нь иймэрхүү байдалд орсон хүн үйл ажиллагааны үр дүн нь буурч байгааг мэдрэхгүй ба аюулгүй байдалд байгаа гэсэн хуурамч сэрэхүйд хөтлөгддөг. Энэ нь ихээхэн муу үр дагавар дагуулж болзошгүй ба чухам ийм учраас жолооны ард суух бол заавал хангалттай нойр авсан байх хэрэгтэй гэсэн юм.

Нойрны талаар өөр үзэл бодол бас бий. Жишээ нь профессор, сэтгэл судлаач Даниель Крипке нь нойр судлалаар ихээхэн судалгаа хийсэн бөгөөд түүний үзэж байгаагаар хэтрүүлж унтах нь бас хортой гэнэ. “Өдөрт 6,5-7,5 цаг унтдаг хүмүүс илүү урт насалдаг ба үр бүтээлтэй, аз жаргалтай байдаг. Харин илүүдэл нойр хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй ба 8,5 цаг унтсан хүн 5 цаг унтсан хүнтэй харьцуулахад өвчтэй хүн шиг байдаг байна.”

Дахиад хэлэхэд нойр бол хувь хүнээс ихээхэн шалтгаалах ба хамгийн зөв, энгийн зөвлөгөө бол бүтэн нойртой байх явдал юм. Олон төрлийн судалгааны дүнгээс харахад насанд хүрсэн хүн 7-9 цаг унтах хэрэгтэй ба энэ хэмжээнд хүрэхгүй бол бие организмд элдэв өөрчлөлт явагдаж эхэлнэ.

Мөн өдрийн унталт гэж нэг чухал зүйл байх бөгөөд боломж, нөхцөл байвал үүнээс татгалзах хэрэггүй. Зарим судлаачид өдрийн цагаар 20 минут унтах нь хүнийг сэргээж, ажлын үр дүнд сайнаар нөлөөлдөг гэж үздэг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү