Өчигдөр Өмнөд Солонгосын Пёнчанд тамирчид олимпийн 6 багц медалийн төлөө өрсөлдлөө. Урьдчилсан шатны тэмцээнүүдийг эргэн хараваас сонирхолтой зүйл олон болсон.
Сочигийн олимпийн наадмаас хөтөлбөрт багтсан уран гулгалтын багийн тэмцээн дуусах болоогүй ч өчигдөр нэгэн чухал үйл явдал болсон нь Евгения Медведева эргэн ирсэн явдал байлаа. Тэр зүгээр нэг эргээд ирсэнгүй, богино үзүүлбэрт дэлхийн рекорд (81,06 оноо) тогтоож, багтаа 10 оноо авчирснаар ОХУ-ын баг 2-р байрт дэвшсэн. Канадын багийг гүйцэхэд хүндхэн боловч  юутай ч гэсэн медаль авахаар боллоо.

Медведевагийн хувьд энэ улирал маш хэцүү болж байгаа. Хөтөлбөрөө сольсон, 11 дүгээр сард хөлөө гэмтээсэн, хугарсан хөлөө эдгээх гэж Гран-при финал, УАШТ-д оролцоогүй, Европын АШТ-д эргэн ирсэн ч нэг багшийн шавь Алина Загитовад ил тод ялагдсан гээд л санаа зовох олон шалтгаан байсан. Харин тэр Пёнчанд хэн нь эзэн бэ гэдгийг яруу тодоор харуулж чадлаа. Өнөөдөр болох багийн тэмцээний эмэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэрт Загитова гулгана.

1. Евгения Медведева (ОХУ) – 81,06 (дэлхийн рекорд)
2. Каролина Костнер (Итали) – 75,10
3. Кейтлин Осмонд (Канад) – 71,38
4. Сатоко Мияхара (Япония) – 68,95

Багийн дүн 8 үзүүлбэрээс 5 үзүүлбэрийн дараа
1. Канад – 45 оноо
2. ОХУ – 39
3. АНУ – 36
4. Итали – 35
5. Япон – 32

Өчигдөр Пёнчанд 6 багц медалийн төлөө өрсөлдөөн болсон.
Сноуборд
Эрэгтэй, слоупстайл

17 настай америк хөвгүүн Жерард түрүүлж, сноуборд залуу насны спорт гэдгийг харуулав.
1. Редмонд Жерард (АНУ)
2. Максанс Парро (Канад)
3. Марк Макморрис (Канад)

Гүйлтийн цана
Эрэгтэй, скиатлон

Норвегийн цаначид бүх байрыг эзэллээ. Крюгер гараанд унаж, таягаа хугалсан ч сүүлийн 3 км-т “давхисаар” түрүүлж чадсан.
1. Симен Хегстад Крюгер (Норвеги)
2. Мартин Йонсруд Сундбю (Норвеги)
3. Ханс Кристер Холунн (Норвеги)

Тэшүүр
Эрэгтэй, 5000 м

Голландын Свен Крамер энэ зайд гурван олимп дараалан түрүүлсэн анхны тамирчин боллоо. 6:09.76 олимпийн рекорд амжилт.
1. Свен Крамер (Голланд)
2. Тед-Ян Блумен (Канад)
3. Сверре Лунде Педерсен (Норвеги)

Чарга
Эрэгтэй

Сүүлийн гараа хүртэл олимпийн 3, дэлхийн 12 удаагийн аварга Фе́ликс Лох тэргүүлж явсан ч хамгийн сүүлийн мөчид алдаа гаргаснаар медальгүй хоцорч, шинэ аварга төрсөн.
1. Давид Гляйршер (Австри)
2. Крис Маздзер (АНУ)
3. Йоханнес Людвиг (Герман)

Биатлон
Эрэгтэй, спринт

Хүчтэй салхитай байснаас Йоханнес Бо 4, Фуркад 3 удаа алдаж буудсанаар эрэгтэй, эмэгтэй спринт Германых боллоо. Пайффер олимпийн шинэ аварга.
1. Арнд Пайффер (Герман)
2. Михал Крчмарж (Чех)
3. Доминик Виндиш (Итали)

Фристайл
Эмэгтэй, могул

1. Перрин Лаффон (Франц)
2. Жюстин Дюфур-Лапуант (Канад)
3. Юлия Галышева (Казахстан)

Гурван алт, нэг хүрэл медальтай Германы баг тэргүүлж, Норвеги, Голландын шигшээ удаалж байна.

 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү