Наадамчин олон дээл гоёлоо танилцуулж байна

Наадамчин олон дээл гоёлоо танилцуулж байна

Б.Буяннэмэх:  Буриад эмэгтэйчүүд хутгагүй явдаггүй

Бид БЗД-ын 27 дугаар хороонд амьдардаг. Гэр бүлээрээ аав, ээж охин, хүүгийн хамтаар оролцож байна. “Дээлтэй Монгол” наадамд зориулж ээжтэйгээ хамт энэхүү дээл хувцаснуудыг урласан.  Ээж маань дээлийг нь, би ууж, малгай, түүнийхээ гоёлууд, ээмэг зүүлт, хүзүүний гуурийг хийсэн. Ээж бид хоёр Чингэлтэй үүргийн 5 дугаар хороонд оёдолын цехтэй. Ээж маань үслэг эдлэлийн мэргэжилтэй урт цагаанд насаараа оёдолчин хийж тэтгэвэртээ гарсан н.Нарантуяа хүн бий.  Манай гэр бүр өвөлдөө үслэг эдлэлээ оёж зундаа дээл хувцас урладаг. Бидний уг гарвал Чита. Өвөө эмээ маань Улаан-Үд хотод амьдардаг байсан. Бид багадаа Сэлэнгэ аймгийн Буриадууд гэгддэг байлаа.  Аав маань хотод ирж тэгээд л гэр бүлээрээ Улаанбаатар хотод суурьшсан даа. Бүлээрээ цуглахаараа буриад хэлээрээ ярина. Гэхдээ л халх аялгаар гол төлөв ярьдаг. Цаашид буриад хэлээ сайтар сурна гэж төлөвлөж байгаа. Би дээл хувцас урлахад суралцаад л явна. Энэ өмссөн дээл хувцасаа танилцуулбал: Буриад дээл бүсэлхийнээсээ эмэгтэй хүнд юу хэрэгтэй байна тэр бүгдээ зүүдэг зориулалттай.  Ер нь бол гоёл л доо.  Буриад эрэгтэй, эмэгтэй ерөөс хэт хутгагүй явдаггүй уламжлалтай. Гэхдээ би энэ удаад баяр наадамд оролцохдоо зүүсэнгүй ээ.  Өөр дээлнүүдэд минь бий л дээ. Малгайны доодох гоёлыг тойровч гэдэг.  Буриад хүүхнүүд их ганган ш дээ. Дээл хувцас нь торго, тор, шүр сувд орно хийц их нарийн. Муу оёдолыг голдог. Халх хувцас шиг хурдан оёогддоггүй. Нарийн ажиллагаа шаардаж удаан оёдог.

Бавуудоржын Баярмаа: Би хотгойд ястай буриад хүн

Би энэ “Дээлтэй Монгол” наадамд оролцохоор ОХУ-ын нутгаас зорьж ирсэн Хонгойдор овогтой, Хойход ястай, Буриад хүн байна. Хөвсгөл аймгийн Ханх суманд төрсөн өссөн боловч одоогоор Буриад улсад Ахай аймагт амьдарч байгаа. “Дээлтэй Монгол” наадамд оролцох гээд их л баяртай явж байна. Миний хүүхдүүд Улаанбаатар хотод Чингэлтэй дүүрэгт амьдардаг. Тэгшээгийн Энхжин, Тэгшээгийн Энх-Намуун, Тэгшээгийн Эгшиглэн гэж гурван бяцхан сэвгэрүүдтэйгээ ирлээ. Эднийхээ дээл гоёлыг би өөрөө оёсон. Энэ өмсөж байгаа хувцас бол манай Хөвсгөлийн Цаатан гаралтай хүмүүсийн хувцас зүүсгэл. Гэхдээ энэ хувцасыг ОХУ-ын Саяаны нурууны цаана нутагладаг Цаатангууд өмсдөг. Манай Хөвсгөлийнхөн хараахан өмсөж эхлээгүй байгаа. Цаатан үндэстэнгүүд Тайгад суудаг. Нэг ёсондоо өнгөлөн далдлалтын өнгө гэж цагаан цайвар хувцас өмсдөг. Малгайг гоёл чимэглэлээр булганы арьсаар хийсэн. Ан агнуур зонхилсон үндэстэн болохоор ангийн үсээр хувцасаа гоёдог.

Т.Энхмэнд: Би гэр шиг дээлээр гангарсан

Намайг Тулгын Энхмэнд гэдэг. Би “Мисс жентелмэн” загварын дамжаанд суралцдаг. Загварынхаа дамжаанд олон амжилт гаргасандаа урамшиж энэ удаагийн “Дээлтэй Монгол” наадамд монгол гэрээ бэлгэдэж энэ дээлийг өмссөн байгаа. Уг дээлийг маань 60 дугаар сургуулийн хөгжим бүжгийн багш н.Эрдэнэ-Очир урласан.

ХУД-ийн 8 дугаар хорооны иргэн Ч.Наянтай: Монголоос өөр хаана ч байхгүй дээл гоёлоороо бахархдаг

Би энхэр Л.Золзаяагийн хамтаар хоёр хүүхдээ дагуулаад “Дээлтэй монгол” наадамдаа гэр бүлээрээ оролцож байна. Дэлхийн аль ч үндэстэн өөрийн гэсэн хувцасны соёлтой. Монголчууд түүхийн хуудаснаа тухайн амьдарч буй цаг үеүүдийг харуулсан дээл, хувцасны уламжлалтай байдаг. Тэр бүрийг уншихнээ дээл хувцасны соёл цаг уурын нөхцөлтэй хамаатай юм шиг байгаа юм. Европ хувцас шиг бүсгүй дээл хувцас энэ сэрүүн уур амсгалтай монгол нутагт амьдрахад зохицохгүй шүү дээ. Дээл хувцас маань яалт ч үгүй Монголын эрс тэс уур амьсгалтай жилийн дөрвөн улиралд тохирох хувцас юм.  

Н.Алтанхуяг: Би XIII-XVII зууны үеийн Манжийн дарлалаас өмнөх язгуур Монгол хувцас урладаг

Намайг Нэргүй овогтой Алтанхуяг гэдэг. Би Монголын Морьт харвааны холбооны тамирчин. Бид Морьт харвааны “Намнай” клубээс нийт 25 морьтон Нийслэлийн аялал жуулчлалын газраас “Дээлтэй Монгол” наадамд оролцож байгаа. Би өөрийн сонирхолоороо монгол язгуурын дээл хувцас судалдаг юм. Манай клубынхэн бүгд XIII-XVII зууны үеийн Манжийн дарлалаас өмнөх язгуур Монгол хувцасаараа гоёсон. Баярын өдрүүдэд зарим хүн муухай түүх рьлаа гэх байх. Гэхдээ үнэн нь тэр шүү дээ. Монголчууд бид Манжид дагаар орсоноороо хувцас соёлын хувьд шашин шүтлэгийн хувьд их өөрчлөгдсөн. Одоогоор манай Монголчуудын баяр бүрээр гоёдог хувцас бол Манжийн дарлалын үеийн түүхээс улбаатай. Харин бидний өмссөн энэ хувцас бол XIII-XVII зууны үеийн Монголчуудын хэрэглээ байсан гэдэг нь түүх археологийн олдвороор баталгаажсан юм.

Дээл нь ахуйтайгаа уялдаад бэлхүүс дээрээ ширээстэй, бүчтэй, мөрөлжин энгэртэй байгаа. Дэрвэгэр хормой учраас алхаж гишгиж явах, морин дээр морьдоход саадгүй тийм давуу талтай. Энэ малгай бол жонон малгай гэдэг. Юань гүрэний үед үүссэн. Нар дээрээс тусахад гялбаанаас хааж, халхалж өгдөг. Энэ бүхнээ багтаасан “Хуяг” гэдэг брэндийг би үүсгэсэн. Та бүхэн фэйсбүүк хуудаснаас илүү мэдээлэл үзэх боломжтой.  

СБД-ийн 16-р хорооны хэсгийн ахлагч М.Энхсарнай: Хэсгийн ахлагчдаа ийм гоё болсоныг хараад сайхан санагдаж байна

Бид дарга Б.Эрдэнэсүхтэйгээ 16-уулаа “Дээлтэй монгол” наадамд оролцлоо. Дүүргээс нэгдсэн зохион байгуулалттайгаар Торгууд үндэсний хувцас өмссөн. Манай дарга энэ улаан дээлтэй хүн. Хүүхнүүд нь өөрсдийн гараар хийсэн цэнхэр дээлээр жигдэрсэн юм. Дээлний баяраа дуусаад гэр бүлээрээ сайхан наадахаар бүгд төв талбайдаа цуглаад байна даа. Жил бүр уламжлал болсон энэ арга хэмжээнд оролцож байгаадаа баяртай байна. Төв талбайдаа өнгө алаглан харагдах Монгол түмнээ хараад сэтгэл сэргээд хэлэх үг олохгүй сайхан л байна даа.

СБД-ийн 16-р хорооны хэсгийн ахлагч М.Эрдэнэсувд: СБД-ийн 16 дугаар хороо маань Дарь эх явах замд 33-ийн буудалд байрладаг. Өнөөдрийн баярт манай хорооны хэсгийн төлөөлөгчид төдийгүй иргэд хамрагдан 16-лаа оролцож байгаа. Сэтгэгдэл их өндөр байна. Гадна дотны жуулчид Сүхбаатрын талбайд их иржээ. Монголчууддаа дээл хувцсааараа гоёод дэнж хотойтол сайхан наадаарай гэж хэлье.

СБД-ийн Засаг даргын орлогч П.Давхарбаяр: “Дээлтэй Монгол” наадамдаа түрүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна

Жил бүрийн “Дээлтэй монгол” арга хэмжээнд манай дүүргийн хамт олон өндөр амжилттай оролцдог. Энэ жилийн тухайд дүүргийн тамгийн газрын нийт 60 гаруй албан хаагчид, 300 орчим хүний нэгдсэн бүрэлдэхүүнтэйгээр 13 дугаар зууны үеийн хаад ноёд, түшмэдийн өмсгөл, монголын олон үндэстний дээл хувцас зүүсгэлийг наадамчин олондоо ёсолж танилцууллаа.  

Манай Сүхбаатар дүүрэг нийт 20 хороотой. Тэдгээрээс тус бүр 10 хүн оролцож байна. Ингээд нийт 300 орчим хүн нэгдсэн парадад жагсалаа. Бид тамгийн газрын ажилчдын өмсгөл зүүсгэл болох 13 дугаар зууны үеийн дээл хувцасыг түрээсээр авсан. Харин парадад оролцсон иргэд өөрсдийн хувцасаар гоёсон. Энэхүү наадамд оролцсон дүүргийнхээ нийт албан хаагчид иргэддээ талархал илэрхийлж сайхан наадахыг ерөөе.

ТҮГЭЭХ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү