Нүүр хуудас Мэдээ Японы эрдэмтэд тэмцэж байна

Японы эрдэмтэд тэмцэж байна

Г.Болор-эрдэнэ
- 1 минут

Дэлхийн хоёрдугаар дайны үед Манжуурт байрлаж байсан Японы квантуны армийн 731 дүгээр анги амьд хүмүүс дээр хими, бактерлогийн зэвсэг туршиж байсан юм.

Тэгвэл энэхүү харгис туршилтын үр дүнд авсан эрдмийн зэрэг цолыг хүчингүй болгох шаардлагыг Японы хэсэг эрдэмтэд Киотогийн их сургуулийн удирдлагад хүргүүлж байв.

Долдугаар сарын сүүлээр Шигагийн анагаах ухааны их сургуулийн профессор Кацуо Нишияма тэргүүтэй зургаан эрдэмтэн бусад 540 хүний гарын үсэгтэй захидлыг Киотогийн их сургуулийн ерөнхийлөгч Жүйчи Ямагивад хүргүүлжээ.

Тэгвэл саяхан тус сургуулийн дэд ерөнхийлөгч Макото Нода удирдах зөвлөл нь уг асуудлыг есдүгээр сард хэлэлцээд гарсан үр дүнг нь мэдээлэх болсноо эдгээр эрдэмтдэд мэдэгдсэн байна.

Нишияма профессор сургуулийн захиргааны мэдэгдлийг таатай хүлээж авч байгаагаа илэрхийлээд энэ үйлдэл нь Японы бусад сургуулиудад үлгэр жишээ болох ач холбогдолтойг хэвлэлд ярьжээ.

Түүний ахалсан эрдэмтдийн баг 1945 оны тавдугаар сарын 31-нд 731 дүгээр ангийн офицерийн Киотогийн их сургуульд илгээсэн судалгааны ажлыг жишээ болгон дурдсан юм.

Тухайн үед Киотогийн Эзэн хааны их сургууль нэртэй байсан тус сургуульд ирүүлсэн материал нь “Тахал өвчин нохой бөөсөөр дамжиж тарах боломж” гэсэн нэртэй байжээ.

Энэхүү судалгааны тайланд туршилтыг сармагчин дээр хийсэн бөгөөд нохой бөөсөөр халдварлуулснаас 6-8 хоногийн дараа “сармагчингуудын толгой өвдөж, халуурч, хоолны дуршил нь буурч байгаа”-г өгүүлсэн байдаг гэнэ.

Цааш нь бичихдээ нэг сармагчин “таван өдөр дараалан 39 хэмээс дээш халуурч, зургаа дахь өдрөө үхсэн” гэсэн байна.

Нишиямагийн багийнхан уг туршилтыг үнэндээ сармагчин дээр биш хүн дээр хийсэн гэж дүгнэжээ. Учир нь сармагчингууд толгой өвдөж байгаагаа илэрхийлж чадахгүй, сармагчингууд ямар төрөл зүйлийнх байсныг дурдаагүй, сармагчингуудын хувьд 39 хэм нь өндөр халуунд тооцогдохгүй зэргээр тэд үндэслэлээ тайлбарласан байна.

731 дүгээр ангийнхан туршилтуудаа голдуу Хятад, Оросын олзлогдсон цэргүүд дээр хийдэг байсан гэдэг. Тус ангийг удирдаж байсан Широ Иши нь Киотогийн их сургуулийг төгсөгч байсан юм.

Нишияма профессор “Энэ бүх туршилтыг ганц мэргэжилтэн өөрийн сонирхлоор хийж чадахгүй. Японы анагаах ухааны салбар бүхлээрээ оролцсон байж таарна. 731 дүгээр анги бол ердөө мөсөн уулын орой юм” хэмээн ярьжээ.

2015 онд Японы засгийн газар батлан хамгаалах салбарын технологид ашиглагдаж болох их дээд сургуулиудын судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх хөтөлбөр зарласан юм.

Харин Нишияма тэргүүтэй эрдэмтэд энэ хөтөлбөрийг эсэргүүцэж, дайны үеийн ноцтой баримтуудыг дэлгэж харуулахаар ажиллаж байгаа ажээ.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлУБТЗ-ын дарга Д.Жигжиднямаад холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ
Дараагийн нийтлэл Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд ухаалаг утас ашиглахгүй байх шийдвэр гарчээ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү