Нүүр хуудас Мэдээ С.Зориг:..."Сонгуульд ялсан ямар ч нам, эвсэл төрийн хэм хэмжээг хатуу барих ёстой"...

С.Зориг:..."Сонгуульд ялсан ямар ч нам, эвсэл төрийн хэм хэмжээг хатуу барих ёстой"...

Г.Болор-эрдэнэ
- 5 минут

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн,УИХ-ын гишүүн агсан Санжаасүрэнгийн Зоригийн хэлж байсан үгс өнөөдөр ч үнэ цэнтэй хэвээр байсаар байна.

1997 оны хоёрдугаар сард “Өнөөдөр” сонинд өгч байсан ярилцлагын онцлох хэсэг

  1. Хүн өөрийгөө хэзээ ч зөв дүгнэдэггүй. Орчин тойрны хүмүүсийн дүгнэлт л хамгийн зөв байдаг. Нэг хүний тухай янз бүрийн дүгнэлт гарна. Тэр нь ямагт зөв байхгүй.
  2. Зарим хүн надаас “Эвслийн гишүүн байж яагаад өөрийнхөө дотор байгаа муу муухайг илчлэхэд оролцоод байна вэ” гэж асууж байсан. Төр нь нийгмийн өмнө хүлээсэн тодорхой үүрэг, хариуцлагатай. Тиймээс сонгуульд ялсан ямар ч нам, эвсэл төрийн хэм хэмжээг хатуу барих ёстой. Зохих хязгаар байх учиртай. Түүнээс хэтэрч болохгүй.
  3. Төрийн тухай нэг буруу ойлголт нийгмийн сэтгэл зүйд бий болчихож. Тэр нь төр, түүний албан тушаалууд нь хүмүүсийн амьжиргааны хэрэгсэл болоод үүнийгээ баяжих үндэс гэх байдлаар ойлгох нь зонхилчихож. Иймээс албан тушаалын уралдаан буй болсон байна.
  4. УИХ хоёр үндсэн үүрэгтэй. Нэг нь хууль тогтоох, нөгөөх нь хянан шалгах. Миний бодлоор одоо хоёр үүргээ хоёуланг нь муу гүйцэтгэж байна. Хууль тогтоох үүргээ яагаад муу гүйцэтгэж байна вэ гэхээр УИХ-ын шийдэх ёстой асуудлуудыг Засгийн газар нь шийдсэн хэвээр байна. Энэ бол сүүлийн гурван парламент, Засгийн газар дамжсан дутагдал.
  5. Саяхан сургуулиудыг хичээлийн таван өдөртэй болголоо. Одоо ажлын таван өдөртэй болгоно гэсэн төсөл хэлэлцэж байна. Мөн хувьчлал, үнэ чөлөөлөх гэх мэт асуудал байна. Хамгийн сүүлийн жишээ дурдахад, Германд саяхан дэлгүүрүүд ажиллах хугацаагаа хоёр цагаар сунгалаа. Парламент нь өчнөөн жил маргаан болж байж шийдлээ. Гэтэл манайд ийм асуудлуудыг УИХ шийдэхгүй, Засгийн газар дураараа шийдээд байна. Засгийн газрын тогтоолуудад тиймэрхүү зүйл олон бий. Би гайхаад хуульчдаас ямар асуудлыг нь УИХ, ямрыг нь Засгийн газар шийдэх ёстойг нь тодруулж өгөөч гэж асуудаг. Миний ойлголтоор бол, Засгийн газар зөвхөн хэрэгжүүлэгч байгууллага. Гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх учиртай. Түүнээс нийгмийн амьдралтай холбоотой бие даасан шийдвэр гаргах байгууллага биш.
  6. Үндсэн хуулиар төрийн эрх барих дээд байгууллага нь УИХ гэж байгаа атал яг бодит амьдрал дээр хамгийн их эрх мэдэлтэй нь Засгийн газар болчихоод байна.
  7. УИХ өөрөө өөрийгөө дүгнэх биш, хуулийг яаж хэрэгжүүлж байна гэж Засгийн газраа дүгнэх ёстой. Ажиллаж чадаж байвал магтъя. Чадахгүй байвал арга хэмжээ авъя гэсэн байр суурьтай байгаа.
  8.  Төрийн салаа мөчир бие биеэ хүндэтгэх ёстой. Тухайлбал, Ерөнхийлөгчтэй хамтарч зөвшлийнхөө арга замыг сонгож баймаар. Манайд санал бодол солилцох, зөвшилд хүрэх механизм дутагдаж байна. Намууд нь ч, төрийн өндөрлөгүүд нь ч бие биедээ ихэрхээд, хурдан шийдэх асуудлыг удаашруулаад байдаг.
  9.  Улс төр судлаачийн хувьд хэлэхэд, болж өгвөл нийгэмд энгийн бүтэц байх тусмаа сайн.
  10.  Улсын төсвийг юунд зарцуулах вэ гэдгээ зарлаж маргалдаж, хэлэлцэж байгаад шийдэх ёстой юм. Зарцуулалтаа хүмүүст тайлбарлах хэрэгтэй.
  11.  Төсөв дотор эргэлдээд хүмүүсийн амьдрал сайжрах бололцоо байхгүй. Төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд үйлдвэрлэлийг сэргээж хөрөнгө оруулалт, шинэ техник технологи оруулж ирэх шаардлагатай. Дотоодын хөрөнгө оруулалт бага учраас гадаадын хөрөнгө оруулалтыг нэлээд татах нь зүйтэй.
  12.  Ерөнхий сайд гоц ухаантай хүн байх албагүй. Гол нь ухаантай хүмүүсийг зөв зохион байгуулаад оновчтой шийдвэр гаргадаг байх ёстой. Энэ албыг УИХ-ын аль ч гишүүн хашиж чадна гэж бодож байна. Гол нь Ерөнхий сайдын ажлыг сайн хийх үү, муу хийх үү гэдэгт асуудал байгаа юм. Улс орныг босгох чадвартай Ерөнхий сайд уу, эсвэл зүгээр унагах ч үгүй, босгох ч үгүй мөлхүүлээд байдаг Ерөнхий сайд уу гэдгээс хамаарна.
  13.  Эвслийг би хоёр нам гэж ялгадаггүй. Нэг бүтэн цөм гэж боддог. Зарим хүн өөрөөр ойлгодог юм билээ. Зөвхөн намын сонирхлоо боддог хүмүүс ч ажиглагддаг. Эвсэл бүхэл бүтэн байж л нэгдсэн бодлогоо хадгалж тууштай явна.

  14. Тодорхой улс төрийн албан тушаал дээр намын гэсэн боловсон хүчин байж байгаа. Тиймээс заавал баг гэдгээр найз нөхдөө авчрах нь утгагүй. Бодлого хэрэгжүүлэх гэж байгаа болохоос биш хөлбөмбөг тоглох гээгүй шүү дээ
  15.  Залуучуудыг дэвшүүлж гаргах нь зөв. Харин өмнө нь ажиллаж байсан мэргэжлийн өндөр ур чадвартай хүмүүсийг зайлшгүй ашиглах шаардлагатай. Төрийн залгамж холбоо гэдэг нь зайлшгүй зүйл.

УИХ-ийн чуулганд хэлж байсан үг

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлОнгоцны хөдөлгүүрт мянган зөгийн сүрэг үүрээ зассан байжээ
Дараагийн нийтлэл БАЙНГЫН ХОРООДЫН ӨНӨӨДРИЙН ХУРАЛДААНЫ ХУВААРЬ,ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү