Нүүр хуудас Мэдээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгуг хүлээн авч уулзав

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгуг хүлээн авч уулзав

Tugmn
Tugmn, TUG.MN

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр  ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, Армийн генерал С.К.Шойгуг хүлээн авч уулзлаа.

С.Шойгу 2001 онд ОХУ-ын Онцгой байдлын сайд байхдаа манай улсад айлчилж, малчдад хүргэх тусламжийг авчирч байсан. Энэ удаа Батлан хамгаалахын сайдын хувиар хүрэлцэн ирсэнд талархаж байгаагаа Ерөнхий сайд уулзалтын эхэнд дурдав.

 

  Монгол Улсын Засгийн газар ОХУ-тай харилцах харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгч, Стратегийн түншлэлийг хөгжүүлэх бодлогыг тууштай баримталдаг. Энэ талаархи хөтөлбөрт цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхээр туссан гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэв. 

Цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас буцалтгүй тусламж үзүүлэх, боловсон хүчнийг үнэ төлбөргүй бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад нь талархал илэрхийлэв.

  Монгол Улс Зэвсэгт хүчнээ зэвсэглэх, мэргэшсэн боловсон хүчнээр бэхжүүлэх зорилтоо ОХУ-тай тогтоосон уламжлалт хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлэх бодлого баримталдаг гэлээ.

  Цаашид “Цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээр”-ийн үйлчлэлийг урт хугацаагаар сэргээх, зарим шаардлагатай  техник, зэвсэглэлийг ОХУ-аас буцалтгүй тусламжаар нийлүүлэх боломжийг судалж үзэхийг Батлан хамгаалахын сайд С.Шойгугаас хүсэв. 

Ирэх онд болох Халхын голын байлдааны хамтын ялалтын 80 жилийн ойг хамтран тэмдэглэх үед ОХУ-аас өндөр, дээд хэмжээний зочид хүрэлцэн ирнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв.

  Найрамдалт харилцаатай Монгол Улсад дахин зочилж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу илэрхийлээд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины мэндчилгээг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уламжлав. 

  Айлчлалынхаа үеэр Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх хэлэлцээ хийн, “Цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөр”-т гарын  үсэг зурж, Монгол Улсын Зэвсэгт хүчинд нисэх буудлын техник, тоног төхөөрөмжийг тусламжаар хүлээлгэн өгснөө дурдав. 

Цаашид цэрэг-техникийн хамтын ажиллагаагаа улам хөгжүүлж, хамтарсан сургуулилт хийх, боловсон хүчин бэлтгэх зэрэг олон чиглэлээр хамтран ажиллахад бэлэн гэлээ. Мөн ахмад дайчдын алдар гавьяаг мөнхжүүлэх зорилгоор Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээг хамтран зохион байгуулах хүсэлтээ ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу илэрхийлэв.

  Уулзалтын үеэр хоёр орны хоорондох худалдааны эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, төмөр зам, байгалийн хий дамжуулах хоолой барих зэргийн талаар санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Хаха 0 3 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Дараагийн нийтлэл Оросын сайтууд МАН-ын "шоолж" эхлэв

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү