Нүүр хуудас Мэдээ Г.Одонцэцэг: Ханиадыг богино хугацаанд урхаггүйгээр эдгээх бүрэн боломжтой

Г.Одонцэцэг: Ханиадыг богино хугацаанд урхаггүйгээр эдгээх бүрэн боломжтой

Tugmn
Tugmn, TUG.MN

Ханиад томуу, амьсгалын замын өвчлөлийг уламжлалт анагаах ухаанаар үр дүнтэй эмчилж байгаа талаар болон урьдчилан сэргийлэх, хэрхэн дархлаагаа сайжруулах талаар Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн Зөвлөх эмч, АУ-ы доктор Г.Одонцэцэгтэй ярилцлаа.

-Сүүлийн үед тохиолдоод байгаа маш өндөр халуурдаг, уушгины хатгаа үүсгэдэг ханиадыг H1N1 вирусаар үүсгэгдсэн гэж байна. Ямар ч хүчтэй антибиотикт дарагдахгүй байгаа ханиадыг уламжлалтаар маш үр дүнтэй эмчилж байгаа. Ер нь ханиад яаж ч зүсээ хувиргасан уламжлалт эм, эмчилгээгээр маш хурдан хугацаанд үр дүнтэй эмчилж байгаа эмчилгээний зарчим нь юу вэ?

-Ханиад бол халуун төрлийн өвчин. Халуун өвчин дөрвөн язгуур хэлбэртэй байдаг. Ханиад гэхэд халдварт болон шарын халуунаар хямарсан ханиад гэж байна. Халдварт ханиад байна уу, хямарсан ханиад байна уу гэдгээс шалтгаалаад оношилгоо, эмчилгээ нь өөр байдаг. Ялангуяа вирусээр үүсгэгдэж байгаа ханиад буюу халдварын гаралтай ханиад нь хийн бэлгэ чанартай зайлшгүй хавсарсан байдаг. Халуун шарын бэлгэ чанар ихссэнийг бууруулан тэгшитгэх, вирусыг устгах, хийн бэлгэ чанарыг тэгшитгэх гэсэн эмчилгээний үндсэн зарчмыг баримтлан эмчилнэ.  Хэрэв халдварт ханиадны үед зөвхөн вирус, халууны эсрэг эмчилгээ хийгээд хийг тэгшитгэх эмчилгээг орхигдуулвал халууны суурь нь хийн бэлгэ чанараар өдөөгдөөд өвчин түргэн хугацаанд хүндэрч, эдгэрэлтийн хугацаа удааширдаг. Мөн хий, халуун хавсарснаар таталт өгөх, ясанд шунаснаар яс үес, зүрх амин судсанд хий хямрах, чихээр хатгуулах зэрэг хийн эрхтэнүүдийг давхар хямрааж, эдгээр эрхнүүдийг хоёрдогчоор өвчлүүлэх магадлалтай байдаг. Тиймээс эмчилгээний зарчмаа зөв тодорхойлоод, тэрхүү зарчмын дагуу эм, эмчилгээгээ зөв сонгоод хийвэл харьцангуй богино хугацаанд, урхаггүйгээр эдгээх бүрэн боломжтой юм.

-Уламжлалт эм тан сайн байна гэхээр хүмүүс шууд л ямар тан сайн байгааг асуугаад түүнийг нь хүүхэддээ уулгах гээд байдаг. Уламжлалт эмийг ингэж ууж болох уу?

-Ханиадны үед нийтлэг хэрэглэгддэг эм тан байна. Ер нь өвчний хүнд, хөнгөн байдлаас шалтгаалаад эмчилгээг хийнэ. Биеийн дархлаа сайтай, өвчин хөнгөн үед заавал эм, тан заслын эмчилгээ хийлгээд байх шаардлагагүй. Энэ үед сайн унтаж амрах, ажлын ачааллаа багасгаад, чацарганы шүүс, халуун аарц, хонины махтай сармистай шөл зэрэг хоол унд хэрэглэхэд ханиад намдана. Харин халуурах, олон удаа ханиах, нус цэр ихсэх, толгой өвдөх, биеийн хүч тамир суларч доройтох, уушгинд хатгаа үүсэх зэргээр хүндэрсэн тохиолдолд мэргэжлийн эмчид хандаж, эмчийн заавар, зөвлөгөөний дагуу эм, эмчилгээг хийлгэх хэрэгтэй. Мэргэжлийн бус хүний таамгаар эмчилгээг явуулж болохгүй. Ялангуяа хүүхдийн өвчин, тэр дундаа халуун өвчин бэлгэ чанараасаа хамаараад маш хурдан явцтай байдаг. Өвчин маш хурдан хүндрэх, бусад эд эрхтэнийг хамрах, цаашлаад амь насанд эрсдэлтэй тул зайлшгүй эмчид хандах нь зүйтэй.

-Уламжлалтаар ханиадыг хэдий хугацаанд эмчлэх боломжтой вэ?

-Ханиадны хүнд, хөнгөнөөс хамаараад өвчний явц тодорхой хугацаанд үргэлжилдэг учраас үүнтэй уялдаад эмчилгээг нь тодорхой хугацаанд тасралтгүй үргэлжлүүлэх шаардлагатай байдаг. Дунджаар үндсэн эмчилгээ буюу эмчийн хяналтанд эм тан уух, жин дэвтээлэг, төөнүүр, зөгийн балтай татлага гэх мэт тохирсон эмчилгээг 5-7 хоног хийлгэнэ.  Цаашдаа урхагийг нь арилгах эмчилгээг дахиад 7-10 хоногт хийж, үүний дараагаар урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авч байна. Эмчилгээний явцад хувь хүн, хүүхдийг бол эцэг, эхчүүд нь асарч, сувилан хоол унд, явдал мөр, эмчилгээний дэглэмийг сайтар мөрдөх хэрэгтэй.

-Тан уусан хүүхдийн дархлаа маш сайн тогтдог гэсэн. Тэгэхээр уламжлалт эм дархлаа тогтоох давхар үйлчлэлтэй гэсэн үг үү?

-Уламжлалт эм тангийн жоронд халуун бууруулах, нян вирусыг устгах үйлчилгээтэй ургамлууд байхын зэрэгцээ хийг тэгшитгэх, дархлаа сайжруулах, хаван хөөх зэрэг үйлчилгээтэй ургамлын найрлага давхар орсон байдаг. Тэгэхээр яг тухайн хүнд ямар эмгэг өөрчлөлтүүд байгаа эсэхээс хамаараад жороо сонгодог. Уламжлалт анагаах ухаанд баримталдаг эмчилгээний зарчим маш нарийн байдаг. Ганц эд эрхтэнийг анагаагаад бусад эд эрхтэнийг орхигдуулдаг зарчим байдаггүй. Түүгээр үл барам халуун, халдварт өвчний үед илэрдэг сэтгэлзүйн эмгэг өөрчлөлтийг нь ч харгалзан үзэж, сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг. Энэ нь эмчилгээний үр дүнд чухал нөлөөтэй байдаг.

-Эм тан ууж байхад юуг анхаарах ёстой вэ?

-Тухайн тангийн үйлчлэлийг бууруулах хоол унд хэрэглэх, өвчний явцыг цааш улам дэлгэрүүлэх явдал мөрийг цээрлэж, эмчилгээний дэглэм сахих хэрэгтэй. Ялангуяа  халдварт ханиадны үед эмчилгээний дунд үеэс буюу өндөр халууралт нь буураад ирмэгц хий бэлгэ чанар ихсэхтэй нь зэрэгцээд сармистай шөл, битүү шөл, халуун аарц, сүүтэй цай, банштай цай, гурилтай шөл, хуушуур зэрэг тослог, бүлээн чанартай хоол ундыг хэмжээг нь тохируулан хэрэглэх нь үр дүнтэй байдаг. Мөн энэ үед нуруу, хөлийн ул, гарын алга зэргийг сүүлний тосоор тослож, илэх, далан дээр нь тогшилттой массаж хийж өгөх хэрэгтэй. Ийнхүү үндсэн эмчилгээний хажуугаар хийг дарах эмчилгээг хийснээр хүндрэл багатай, эдгэрэлт нь түргэн байдаг.

-Дархлаагаа сайжруулах, ханиаднаас урдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах вэ?

-Ид хүйтний улирал болж байгаа учраас ноос, ноолуур, арьсан хувцас зэрэг дулаан хувцас өмсөж, толгой чихээ далдалсан малгай өмсөх, бөгсөн биеэ хаасан урт хормойтой пальто, үслэг дотортой гутал өмсөх, гэр орноо сайтар дулаалж, гадны хүйтэн агаар салхинаас биеэ сайтар хамгаалах хэрэгтэй. Биеийн дотоод галын илчээ тэтгэж, бодисын солилцоог сайжруулах хоол унд хэрэглэх нь зүйтэй. Хүйтэн ус ундаа уух, хэтэрхий сэрүүн чанартай жимс, өргөст хэмх, салатны навч зэрэг түүхий ногоо хэрэглэх, их хэмжээгээр ус уух зэргийг хориглох хэрэгтэй. Биеийн дасгал хөдөлгөөн тогтмол хийж, хий цусны гүйдлийг сайжруулж байх хэрэгтэй. Мөн хоорондоо хэрэлдэж тэмцэлдэх, архи дарс уух, зугаа цэнгэлийг хэтрүүлэх, сэтгэлээр гутрах зэрэг хэл, сэтгэлийн буруу үйдлээр биеийг хямраахаас сэргийлж, өдөр тутам зөв, өөдрөг, өөрт болон бусдад тустай  сэтгэлээр өөрийнхөө болон үр хүүхэд, эргэн тойрны хүмүүсийн сэтгэлийг тэтгэж, халамжилж байх нь өвчнөөс урьдчилан сэргийлэх чухал нөхцөл болно.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Мамба дацан эмнэлэг

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэл2018 ЭДИЙН ЗАСГИЙН ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛ
Дараагийн нийтлэл Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, Ш.Раднаасэд нар БНАЛАУ-д албан ёсны айлчлал хийлээ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү