Нүүр хуудас Мэдээ Их найрагч Б.Лхагвасүрэн агсаныг сүүлчийн замд нь үдлээ

Их найрагч Б.Лхагвасүрэн агсаныг сүүлчийн замд нь үдлээ

Tugmn
Tugmn, TUG.MN

    Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт яруу найрагч, соёлын гавъяат зүтгэлтэн, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч Бавуугийн Лхагвасүрэн хоёрдугаар сарын 5-нд өвчний улмаас таалал төгсөж монголын уран зохиол, соёл урлагийн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Их найрагч Б. Лхагвасүрэнтэй яг одоо Улсын драмын эрдмийн тeатрт салах ёс хийж, сүүлчийн замд нь үдэж байна. Их найрагч Б. Лхагвасүрэн 1944 оны 11-р сарын 25-нд Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрж, 75 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Түүний алтан шарилыг төрсөн нутаг болох Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг, Тост уулын энгэрт хөдөөлүүллээ. 

    Тэрээр 1963 онд Улаанбаатарт Худалдааны техникум төгсч, 1973 онд Москвагийн Киноны дээд сургуульд суралцаж, Улсын хүүхэлдэйн театр, МЗЭ-ийн үлгэрийн танхимд ажиллаж байв. 1992 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, соёл урлагийн салбарын олон арван хуулийн төслийг Их хуралд өргөн барьж, батлалцсан билээ.

    Нэрт яруу найрагч Б.Лхагвасүрэн 4000 мөр бүхий “Тамгагүй төр” эмгэнэлт жүжиг, Их Монгол Улс байгуулагдасны 800 жилийн ойд зориулсан “Атга нөж” жүжиг, “Бүлээн нурам”, “Араатан”, “Хүн чулууны нулимс”, Хүннүгийн тухай “Бор манан” зэрэг кино зохиол бичсэн бөгөөд Монголын утга зохиол, яруу найргийн салбарт оруулсан түүний үнэтэй хувь нэмрийг Монголын ард түмэн үнэлэн хүндэтгэж, эрхэм найрагчийн авьяас билэгийг бахдан шүтэж ирсэн билээ.

    “Боржигоны бор тал”, “Монголын их хээр тал”, “Учирлахын шүлэг”, “Уянгын шаглаа”, “Хүүдээ унших шүлэг”, “Чамдаа би хайргүй байхын аргагүй”, “Буруу энгэртэй дээл”, “Ижийтэйгээ байхад би баян байсан” зэрэг Монголын утга зохиолын сор болсон бүтээлүүд, зуу зуун шүлэг найраг түүнд хайртай ард түмний сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдлээ.

    Ум сайн амгалан болтугай.

Хаха 0 0 Таалагдсан 1 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлФИЛЛИПИН УЛС 210 САЯ АМ.ДОЛЛАРЫН АВЛИГЫН ГЭМТ ХЭРЭГТНИЙГ ХЯТАДАД ШИЛЖҮҮЛЭН ӨГЛӨӨ
Дараагийн нийтлэл Вьетнам улс авлигын хэргийн ялын бодлогоо чангалжээ

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү