2030 он гэхэд дэлхийн цэвэр усны хэрэглээ 40 хувиар өснө

.

   Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Кейптаун хот ундны усны нөөцөө барсан дэлхийн анхны хот болох нөхцөл үүсээд удаж буйг албаныхан анхааруулсаар байгаа. Сүүлийн гурван жилийн хугацаанд бараг хур тунадас ороогүй, хүн амын өсөлтийг дагаад усны хэрэглээ хоёр дахин нэмэгдсэн зэрэгтэй холбоотойгоор энэ хотод усны гүн хямрал үүсээд байгаа юм. Хотын захиргааны зүгээс усны хямралыг шийдвэрлэхийн тулд далай тэнгисийн давстай усыг цэвэршүүлэх, гүний ус татаж гаргах төслүүдийг хэрэгжүүлэх, хэрэглэсэн усыг дахин боловсруулах зэрэг арга хэмжээнүүдийг авч байгаа юм. Кейптаун хот нь дөрвөн сая оршин суугчтай бөгөөд хотын захиргааны зүгээс ард иргэдийг усаа аль болох хэмнэхийг, өдөрт 87 литрээс ихгүй ус хэрэглэхийг анхааруулсаар буй. Усны хямралтай холбоотойгоор машин угаалгын газар, усан сан зэрэг газар хэдийнэ хаагдаад байгаа юм. Үүнээс гадна “ BBC” агентлаг Кейптауны араас  ундны усны хомсдолд орох хамгийн өндөр магадлалтай хотуудыг нэрлээд буй.

   Ундны усгүй болох магадлалтай хотуудын жагсаалтад Бразилийн санхүүгийн нийслэл гэгддэг дэлхийн хамгийн олон хүн амтай 10 хотын нэг болох Сан-Паулу, Энэтхэгийн “технологийн төв” гэгддэг Бангалор, БНХАУ-ын нийслэл  Бээжин, Египетийн Каир, Индонезийн нийслэл Жакарта,  ОХУ-ын нийслэл Москва,  Туркийн Истанбул, Мексикийн нийслэл Мехико, Японы нийслэл Токио хот багтсан.  Үүнээс гадна зөвхөн хотууд бус цэвэр усны нөөцгүй болсон хотуудын тоо ч сүүлийн үед хурдацтайгаар нэмэгдэх болжээ. Тухайлбал, Номхон далайн Тувалу арал улс 2011 онд ундны усны нөөцгүй болж, онц байдал зарласан юм. Олон жижиг  арлаас тогтдог энэ арлын улсын нийслэлд ундны усны хомсдол нүүрлэж, эдүгээ Европын холбоо, Шинэ Зеландаас илгээдэг тусламжийн усаар амьдарч байна. Дэлхийн хамгийн нам дор газар оршдог Тувалу ердөө 11 мянган  хүн амтай бөгөөд нийслэл Фунафутид тэн хагас нь амьдардаг. Мөн Токелау Улс ундны усны хомсдлоос үүдэн онцгой байдал зарлаад байна. 2017 онд явуулсан дэлхийн хамгийн том 500 хотыг хамруулсан судалгаагаар дэлхийн дөрвөн том хот тутмын нэг нь “усны асуудалтай” гэж гарчээ. 

НҮБ-ын мэдэгдсэнээр, уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаа болон хүн амын өсөлтийн улмаас 2030 он гэхэд дэлхийн цэвэр усны эрэлт хэрэгцээ 40 хувиар нэмэгдэх төлөвтэй байгаа юм.

Эх сурвалж: www.bbc.com

Хаха 2 1 Таалагдсан 2 Гунигтай 3 Нүдний булай 13 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0