Сайдууд авлигын хэрэгт холбогдвол

hi

Өнгөрсөн 2017 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Москва хотын шүүх ОХУ-ын Эдийн засаг, хөгжлийн сайд асан Алексей Улюкаевт холбогдох  хоёр сая ам.долларын хахуулийн хэргийг хянаж шалгаад түүнийг чанга дэглэмтэй хорих ангид найман жил хорих, 130 мянган рублийн торгууль ноогдуулах шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан “ТАСС” агентлаг бусад орнуудад сайдууд авлигын хэрэгт холбогдсон тохиодолд  хэрхэн хянан шалгаж, шийтгэл хүлээлгэдэг талаар мэдээлжээ.

Грек

Грек Улсын Батлан хамгаалахын сайдаар 1996-2001 оны хооронд ажиллаж байсан Акис Цохадзопулос цэргийн шинэ техник худалдан авах явцад хахууль авсан гэх үндэслэлээр түүнд 2013 оны аравдугаар сард 20 жилийн хорих ял ноогдуулжээ. Тэрбээр хахуулийн мөнгөө оффшор бүс дэх компаниараа дамжуулан авдаг байжээ. Уг хэрэгт түүнээс гадна 18 хүн шалгагдсан бөгөөд улсад 55 сая еврогийн хохирол учирсан гэж шүүх үзсэн байна. 

БНХАУ

10.5 сая орчим ам.доллар хахуульд авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр 2003-2011 онд БНХАУ-ын Төмөр замын сайд асан Лю Чжицзюнд холбогдох хэргийг Бээжин хотын шүүх 2013 оны долдугаар сарын 8-нд хуралдаж, хэлэлцээд гэм буруутай болохыг нь тогтоожээ. Шүүх түүнд хамгийн дээд ял болох цаазын ял оноосон боловч тус шийдвэрт 2015 оны арванхоёрдугаар сард өөрчлөлт орж, түүнийг бүх насаар нь хорих ялаар сольжээ.

БНХАУ-ын Олон нийтийн аюулгүй байдлын сайдын орлогч асан Ли Дуншиныг тус улсын шүүх авлигын хэрэгт буруутган, 15 жилийн хорих ял оногдуулжээ. Мөн шүүхийн шийдвэрээр түүнээс 152 мянган ам.долларыг хураан авчээ. Шүүхийн шийдвэрт дурдсанаар, тэр хувь хүмүүст болон байгууллагад давуу байдал олгох зорилгоор албан тушаалаа урвуулан ашиглаж 3.35 сая ам.долларын хахууль авсан байна.

БНСУ

БНСУ-ын шүүх тус улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдаар 2013-2015 онд ажиллаж байсан Мун Кен Пхед холбогдох авлигын хэргийг 2016 оны зургадугаар сарын 8-нд хянан шалгаж, гэм бурууг нь тогтоон, 2.6 жилийн хорих ял оногдуулжээ. Тухайн үед тэр Үндэсний тэтгэврийн санг давхар хариуцдаг байсан бөгөөд уг сан нь Самсунг компанийн хамгийн том хөрөнгө оруулагч нь болж байжээ. 2015 онд Самсунг компани хөрөнгөө нэгтгэн нэгдмэл компани болгон өөрчилж байсан байна. Тэр үед Мун Кен Пхе Үндэсний тэтгэврийн санд шахалт үзүүлэх замаар албан тушаалаа урвуулан ашиглаж, компани нэгдэж байгаатай холбогдуулан ашигтай шийдвэр гаргуулж байсан гэх хэрэгт буруутгагджээ.

Саудын Араб

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 5-нд Саудын Арабын  Эдийн засаг, төлөвлөлтийн сайд Адель Факих авлига болон мөнгө угаасан хэрэгт шалгагдан, баривчлагдсан. Тус улсын эзэн хааны явуулж буй авлигын эсрэг компанит ажлын хүрээнд баригдсан бөгөөд  одоогоор шүүхийн шийдвэр гарахыг хүлээж байгаа аж.

Колумб

Колумб Улсын шүүх тус улсын Хөдөө аж ахуйн сайдаар 2005-2009 онд ажиллаж байсан Андрес Филипе Ариаст холбогдох хэргийг 2014 оны долдугаар сарын 16-нд хянан шалгаад түүнийг “Odebrecht” гэх Бразилийн барилгын компанид гэрээ байгуулж өгсөнийхөө хариуд хахууль авсан болохыг нь тогтоож, 17 жилийн хорих ял оногдуулсан байна. Шүүхийн шийдвэр гараад удаагүй байхад тэрбээр АНУ руу зугтсан боловч 2017 оны есдүгээр сард баривчлагдан, ялтан шилжүүлэх гэрээгээр эргэн иржээ.

Бразил

Бразил Улсын төрийн өмчит Петробрас компанитай холбоотой авлигын хэрэгт холбогдсон хүмүүсийн нэг нь тус улсын Сангийн сайдаар 2003-2006 онд ажиллаж байсан Антонио Палоццид 12 жилийн хорих ял оногдуулсан байна. Тэрбээр сайдаар ажиллаж байхдаа авлига, мөнгө угаасан хэрэгт холбогдсон юм байна. Шүүх Палоццигийн болон тухайн үед эрх барьж байсан Хөдөлмөрчдийн намын гишүүд “Odebrecht” гэх барилгын компанитай холбоотой байсныг нотолсон баримтыг үндэслэлтэй гэж үзжээ.

Хаха 1 2 Таалагдсан 8 Гунигтай 1 Нүдний булай 4 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0