ДЭЛХИЙД

Ази Номхон далайн орнуудын хэвлэл мэдээллийн агентлагуудын уулзалт болж байна

Хуваалцах:
Ази Номхон далайн орнуудын хэвлэл мэдээллийн агентлагуудын уулзалт болж байна

   Ази-Номхон далайн орнуудын гол мэдээллийн агентлагуудын төлөөлөгчдийн уулзалт БНСУ-ын нийслэл Сөүл хотноо өнөөдөр эхэлж, өөрчлөгдөн хувьсаж буй хэвлэл мэдээллийн салбар болон харилцан солилцоо, түншлэлийн төлөвлөгөөнүүдийн талаар хэлэлцэж байна. Ази-Номхон далайн орнуудын мэдээллийн агентлагуудын байгууллагын /ОАНА/ 17 дугаар Ерөнхий Ассамблейд Хятадын “Синьхуа”, Японы “Kиодо”, Оросын “ТАСС” зэрэг Ази-Номхон далайн 35 орны 43 мэдээллийн агентлагийн төлөөлөгч оролцож байгаа ажээ.

   НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын /ЮНЕСКО/ санаачилгаар 1961 онд байгуулагдсан ОАНА нь бүс нутгийн мэдээллийн харилцан солилцоог хөгжүүлэх зорилготой бөгөөд Ерөнхий Ассамблейг гурван жил тутам зохион байгуулдаг юм. 17 дугаар Ерөнхий Ассамблейг “Сэтгүүл зүйн шинэ сорилтууд: Технологийн инновац ба Итгэлцлийн асуудлууд” сэдвийн хүрээнд зохион байгуулж, технологийн хөгжил, худал, буруу ташаа мэдээлэл зэрэг асуудал сэтгүүл зүйн салбарт хэрхэн нөлөөлөх талаар хэлэлцэнэ.

   Ерөнхий Ассамблейн үеэр “Yonhap” агентлаг ОАНА-гийн шинэ даргаар албан ёсоор сонгогдох бөгөөд тус агентлаг ирэх гурван жилийн хугацаанд ОАНА-г даргалж, ОАНА-гийн уулзалтуудын хөтөлбөрийг бэлтгэх хэрэг эрхлэх газрын үүргийг гүйцэтгэж, гишүүн агентлагуудад санамж хүргэж, ОАНА-гийн цахим хуудасны үйл ажиллагааг хариуцна. “Yonhap” ОАНА-д элссэнээс хойш 30 гаруй жилийн дараа тус байгууллагыг анх удаа даргалах гэж буй нь энэ юм. 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих