БНХАУ агаар бохирдуулагч 1089 үйлдвэрийг хаана

hi

   Утааны гамшигт нэрвэгдээд байсан Хятад Улс 2014 онд Ханжоуд болсон “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр дэлхийн улс орнуудын тэргүүн нарыг утаагүй, цэлмэг тэнгэртэй угтахын тулд үйлдвэрүүдээ 14 хоногийн турш хааж байсан нь саяхан. Гэтэл өнөөдөр Хятад Улс утаатай тэмцэх ажлын үр дүнгээрээ дэлхийн үлгэр жишээ орны  нэг болж, хамгийн их утаатай 10 улсын тооноос хасагдаад байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпин АПЕК-ийн чуулганы үеэр үг хэлэхдээ “Би өглөө сэрээд Бээжингийн агаарын чанарыг шалгадаг” хэмээн мэдэгдэж байсан удаатай.

   2014 онд Хятадын Төрийн зөвлөлийн дарга Ли Көцян албан ёсоор агаарын бохирдлын эсрэг тэмцэхээ зарласан билээ. Агаарын бохирдлын эсрэг тэмцлийн хүрээнд хорт утаа ихээр ялгаруулдаг үйлдвэрүүдийг хаахаас эхлээд агаарын бохирдлын тусгай цагдаагийн эргүүлийг гаргах зэрэг олон арга хэмжээ авсан нь Бээжингийн утааны төвшинг хэд дахин бууруулж чадсан. Гэхдээ  тус улс дахь агаарын бохирдлын эсрэг тэмцэл дуусах болоогүй, агаарын бохирдлын төвшин өндөртэй олон хот үлдсэн. Тийм ч учраас  Хятадын зүүн нутгийн мужууд агаарын бохирдолтой тэмцэх ажлаа идэвхжүүлээд байна. Тус улс “Цэвэр агаар 2018-2020” үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу агаар бохирдуулагч үйлдвэр  аж ахуйн 1900 газрыг нүүлгэх, хаах,   шинэчлэх арга хэмжээ авахаар төлөвлөсөн байна. Нийтдээ 1089 үйлдвэрийг хааж, нүүлгэн шилжүүлэх бол 816- ийнх нь үйл ажиллагааг байгальд ээлтэй болох  хүртэл нь  түр хаахаар  болжээ. Нүүрсээр баян Шаньси мужид мөн агаарын чанарыг сайжруулахын тулд   энэ оны  эцэс гэхэд агаар бохирдуулагч утаа ялгаруулдаг нүүрсний зуухууд, үйлдвэрүүдийг хаах  тогтоол гаргасан  байна. Түүнчлэн Хятадын боомт хот Даляньд 2020 он гэхэд нийтийн тээврийн хэрэгслийг бүрэн шинэчилж байгальд ээлтэй шинэ цэвэр хөдөлгүүртэй болгох зорилт тавьсан байна.

   БНХАУ-ын Засгийн газар дэлхийн хамгийн том агаар цэвэршүүлэгч цамхагийг Хятадын Шаньси мужийн Шиань хотод байгуулж, өнгөрсөн жил ашиглалтад оруулсан билээ. 100 метр  өндөр тус агаар цэвэршүүлэгчийг ажиллуулж эхэлснээс хойш Шиань хотын агаарын чанар 10 кв.км талбайд мэдэгдэхүйц сайжирсан бөгөөд PM2.5 тоосонцрын хэмжээ 15 хувиар буурчээ. Уг  цамхаг нь туршилтын жижигрүүлсэн загвар бөгөөд үр дүнтэй байвал үүнээс ч томыг Хятадын олон хотод барихаар зорьж байгаа юм. БНХАУ агаарын бохирдолтойгоо дөрөв дэх жилдээ идэвхтэй тэмцэж байна. Хятадын эрх баригчид 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах тал дээр дэлхийд тэргүүлэх зорилт тавьсан. Иймд цахилгаан болон холимог хөдөлгүүртэй автомашины хэрэглээг идэвхтэй дэмжиж аяндаа бүх машиныг цахилгаан болгохоор мөн зорьж байна. 

Хаха 2 6 Таалагдсан 2 Гунигтай 1 Нүдний булай 2 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0