Симандоу ордоос жилд 110 сая тонн төмрийн хүдэр олборлоно

hi

  Гвинейн хөрсөн доорх байгалийн арвин баялаг 2008 онд үндэстэн дамнасан корпорац, их гүрнүүдийн хараанд өртөж эхэлсэн. Улмаар 2013 онд Рио Тинто компани үйл ажиллагааг нь албан ёсоор эхлүүлсэн байна. Хэдийгээр төслийн эхэнд Рио Тинто компани өөр улсын компанитай хамтрахгүй гэж байсан ч Гвинейн Засгийн газарт мэдэгдэлгүйгээр БНХАУ-ын төрийн өмчит Хөнгөн цагаан олборлох компанитай гэрээ байгуулсан нь олон улсын анхаарлын төвд орж байлаа. Улмаар БНХАУ-ын төрийн өмчит “Chinalco” компани 2018 оны аравдугаар сард уг уурхайг хамтран эзэмшихээр болж, 2018 оны аравдугаар сарын 26-нд хэлцэл албан ёсоор хүчин төгөлдөр болсон юм. Гэрээ ёсоор Рио Тинто болон “Chinalco” компани уурхайн 45.05 хувийг хуваан эзэмшихээр болсон билээ.

   Эзэн суух ёстой Гвинейн Засгийн газар энэ уурхайн дөнгөж 15 хувийг эзэмшиж буй юм. Энэ төслийг хэрэгжүүлэх явцад Гвиней, АНУ, Франц, Европын холбооны хууль дүрмүүдийг зөрчсөн гэж Францын талын тайланд дурдсан нь бий. Яг энэ төсөлтэй холбогдуулан Австралийн Засгийн газраас гаргасан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан. Гвинейн сөрөг хүчин болон эрх баригч намын туршлагатай улстөрчид Симандоу уурхайг Гвинейн үндсэн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэн үйл ажиллагааг нь түр зогсоохоор болсон билээ. Ингээд Симандоу ордын I, II талбайг ашиглах олон улсын тендерийн шалгаруулалт 2019 оны долдугаар сард эхэлсэн юм.  Харин өнгөрсөн сард төмрийн хүдрийн үлэмж нөөцтэй Симандоу ордын I, II талбайг ашиглах эрхийн олон улсын тендерт “SMB-Winning” консорциумыг тус улсын Засгийн газраас шалгаруулжээ. “SMB-Winning”  буюу “Sociйtй Miniиre de Bokй” консорциумд Хятад, Франц, Сингапур болон Гвинейн компаниуд багтсан бөгөөд энэхүү төсөлд 14 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах санал өгснөө “SMB-Winning”-ийн захирал Фади Вазни мэдэгдсэн байна. Гвинейн Засгийн газраас тендерт оролцогчдыг уг төслийн хүрээнд 650 км төмөр зам барих, экспортын боомт байгуулах шаардлага тавьсан юм. Өнгөрсөн лхагва гарагт “SMB-Winning”  Гвинейн Симандоу төмрийн хүдрийн ордыг олборлож, үйл ажиллагаа явуулахад хамтарч ажиллах хувь нийлүүлэгч хайж байгаа  талаараа мэдээлжээ.  Уурхайгаас 650 км-ийн зайд орших Матаконг дахь усан боомтод төмөр замын дэд бүтцийг барихад хөрөнгө оруулах шаардлагатай бөгөөд үүнийг босгоход хөрөнгө оруулагч шаардлагатай байгаа юм. Төслийн эхний үе шат нь найман тэрбум орчим ам.долларын өртөгтэй, үүнд төмөр замд таван тэрбум ам.доллар, боомт, уурхайн бүтээн байгуулалтад ойролцоогоор 1.5 тэрбум ам.доллар зарцуулахаар байна. Дэд бүтэц бүрэн ашиглалтад орсон тохиолдолд Рио Тинто, Хятадын хөнгөн цагаан концерн “Chalco”-гийн эзэмшиж байгаа Симандугийн гурав, дөрөвдүгээр блокыг оролцуулаад 200 сая тн хүртэлх ачаа хүлээн авах хүчин чадалтай болох ажээ. Түүнчлэн “SMB-Winning”  эхний ээлжинд буюу 2026 он хүртэл жилд 60 сая тонн цаашлаад жилд 110 сая тонн төмрийн хүдэр олборлохоор төлөвлөж байгаа юм байна.  Симандоу нь дэлхийн хамгийн том ашиглагдаагүй өндөр агуулгатай төмрийн хүдрийн ордод тооцогддог бөгөөд ойролцоогоор хоёр тэрбум тонн хүдрийн нөөцтэй.  Тус ордын III, IV талбайг Австралийн “Рио Тинто” групп (45.05%) болон Хятадын “Chalco” компани (39.95%) тус тус эзэмшиж байна. 2018 онд “Рио Тинто” групп өөрийн хувь эзэмшлийг Хятадын талд худалдах хэлэлцээр бүтэлгүйтсэн юм. Үүнээс өмнө, 2017 онд “Chalco” компани Симандоу ордыг бүхэлд нь худалдан авах саналыг Гвиней Улсын Засгийн газарт тавьсан байдаг. Жилд 100 сая тонн хүдэр олборлох тооцоотой нийт 20 тэрбум ам.долларын өртөгтэй энэхүү төслийг Хятадын компани дангаар хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдэж байсан билээ. Симандоу  нь 1997 онд нээгдсэн ч өнөөг хүртэл ашиглагдаагүй төмрийн хүдрийн дэлхийн хамгийн том ордын нэгд тооцогддог. Уг орд нь 65-68 хувийн агууламжтай 2.4 тэрбум тонн төмрийн хүдрийн нөөцтэй, 40 жил ашиглах боломжтой гэж үздэг.
 

Хаха 2 9 Таалагдсан 2 Гунигтай 1 Нүдний булай 2 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0