Хэзээ ч уйдамгүй Шинэ жилийн сэдэвтэй кинонууд

hi

Баярын өдрүүдийг шинэ жилийн тухай  киногүйгээр төсөөлөх аргагүй. Хэчнээн олон удаа  үзсэн ч уйдамгүй кино гэж байдаг. Тэгвэл жил бүр гардаг ч уйдамгүй кинонуудыг хүргэж байна.

It"s a Wonderful Life (Гайхалтай амьдрал)

Жил болгоны Зул сараар найруулагч Франк Капрагийн  бүтээл,  гол дүрд нь Жеймс Стюарт, Донна Рид, Лайонел Бэрримор, Уорд Бонд, Томас Митчелл, Глориа Грэхэм нар тоглосон “It’s wonderful life” хэмээх кино нь бараг Зул сарын нэрийн хуудас болсон гэхэд хилсдэхгүй. Филип Ван Дорен Штерний 1943 онд хэвлэгдсэн "Хамгийн гайхамшигтай бэлэг" өгүүллэгээс сэдэвлэн бүтээжээ. Дэлгэцэнд гарахдаа амжилт олоогүй ч цагийн шалгуурыг даван Америкийн төдийгүй дэлхийн кино урлагийн сонгодог бүтээлийн нэг болсон энэ кино өдгөө жил бүрийн Зул сарын баяраар олон орны сая сая үзэгчдэд хүрэх болжээ.

The Polar Express (Туйлын хурдан галт тэрэг)

Оскарын шагналт найруулагч Роберт Земекийн (Robert Zemeckis) 2004 онд найруулан гаргасан “The Polar Express” буюу Туйлын хурдан галт тэрэг  хүүхэлдэйн кино нь шинэ жилийн сэдэвтэй гайхалтай кинонуудын нэг. Киноны хувьд шинэ жилийн үдшээр хойд туйлыг зорих шидэт галт тэргэнд суусан хүүхдүүд  гайхалтай аялалд гарж буй тухай өгүүлдэг. 
How the Grinch Stole Christmas (Гринч Зул сарыг хэрхэн хулгайлав)
Уг киног 1957 оны бичсэн Доктор Сьюзийн “Гринч Зул сарыг хэрхэн хулгайлав” зохиолоос сэдэвлэн бүтээсэн юм. “Universal Pictures” болон “Imagine Entertainment”-ын хамтын бүтээл энэхүү зул сарын тухай кино нь 2000 онд дэлгэцнээ гарсан. Түүнчлэн уг киног Рон Ховард (Ron Howard) найруулан бүтээж продюсераар нь Брайн Гразер (Brian Grazer) ажилласан бөгөөд гол дүрд нь жүжигчин Жим Керри тоглосон юм. Энэхүү сонирхолтой бүтээл нь АНУ-ын кино чартыг дөрвөн долоо хоног тэргүүлж байсан бөгөөд бүхий л цаг үеийн дэлхийн хамгийн өндөр орлоготой баярын сэдэвтэй кино бүтээлийн жагсаалтын хоёрдугаарт  ордог юм.

Home alone (Гэртээ ганцаараа цувралууд)

Найруулагч Крис Колумбсын  (Chris Columbus)  “Home Alone” буюу “Гэртээ ганцаараа” кино нь хүүхэд багачууд төдийгүй бүх насныхан хамгийн сайн мэддэг баярын сэдэвтэй кино. Анх гарснаасаа  эхлээд өдийг хүртэл  хүн бүрийн сэтгэлд хоногшсон шилдэг кинонуудын нэг.

Elf (Элф)

Жон Фаврогийн (Jon Favreau) бүтээл  гол дүрд нь Вилл Феррелийн (Will Ferrell) тоглосон Элф кинонд  Бадди хэмээх хүү асрамжийн газраас оргон  Сантагийн хүүдийнд орон, Хойд туйлд ирснээр анаахай нартай хэрхэн өсч буй тухай гардаг. Нас биед хүрсэн залуу болсон тэрбээр өөрийгөө Сантагийн анаахай биш гэдгээ ойлгож, төрсөн эцэг Вольтер Хоббсыг олохоор Нью Йорк руу явна. Урьд нь хүмүүсийн дунд байж үзээгүй түүнтэй маш олон адал явдал тохиолддог.
The Muppet Christmas Carol
Английн нэрт зохиолч Чарльз Дикенсийн “Зул сарын магтуу”  зохиолоос сэдэвлэн бүтээсэн даавуун тоглоомнууд  Зул сарын баярт дургүй нэгэн хөгшинд зориулан Зул сарын гайхалтай үлгэрүүд өгүүлж байгаа тухай кинонд өгүүлнэ. Кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан энэ бүтээл нь хүүхэд багачуудын хамгийн дуртай киноны нэг юм.

Miracle on 34th Street (34 дүгээр гудамжны гайхамшиг)

Энэ кинонд алдарт Натали Вүүд балчир багадаа тоглосон байдаг. Крис Кринглийн дүрд Эдмунд Гвенн тоглож шилдэг туслах дүрээр Оскар хүртсэн бол, нөхрөөсөө салсан эмэгтэйн дүрийг Холливуудын од Морин О’Хара бүтээжээ. Энэ киноны зураг авалт хар цагаан хальсан дээр хийгдсэн ч орчин үеийн технологиор кадр бүрийг нэг бүрчлэн өнгөт болгосон байдаг. 

Christmas Carol ( Зул сарын Карол)

Зул сараар хүн бүр баярлаж, гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлдэг билээ. Харин Скрудж тийм биш. Хөгшин эрийн санаанд нийцэх зүйл ч ховор. Асар баян атлаа харамч нь дэндсэн нэгэн бөгөөд ширхэг зоос гарздах бүртээ өр зүрх нь урагдах шиг болдог нь нарийн нэгэн. Гэтэл нэгэн Зул сарын баяраар таван жилийн өмнө өөд болсон сайн найзынх нь сүнс түүн дээр ирнэ. Мөн удахгүй дахин гурван  сүнс Скруджийнд ирдэг. Тэдгээр сүнс хөгшин эрийн амьдралыг хэрхэн өөрчилдөг тухай алдарт Чарльз Дикенсийн зохиолоос сэдэвлэсэн уг кинонд гардаг.

Arthur Christmas (Артур Зул сар)

“Columbia Pictures” болон найруулагч Сара Смитийн бүтээл  уг кинонд гол дүр болох Санта болон хатагтай Санта нарын сайхан сэтгэлтэй боловч эв дүй муутай, болхидуу хүү Артурын  Зул сарын шөнө нэгэн зайлшгүй шаардлагатай даалгаврыг гүйцэтгэхийн тулд аавынхаа сайжруулсан технологи бүхий ажиллагааг ашиглаж байгаа тухай харуулдаг.

TWELVE DISASTERS OF CHRISTMAS (Зул сарын 11-н бүтэлгүйтэл)

2000 жилийн өмнө Бетлехемын од Есүс Христийг зарлан,  тэнгэрт үзэгдсэн гэдэг. Энэ Зул сараар тэрхүү од дэлхийн төгсгөлийг зарлахаар ахин үзэгдэнэ. Энэ бол домгийн үргэлжлэл. Бурханд итгэдэггүй баатрууд дэлхийн сүйрлийг зөгнөгчдийн эсрэг хөдөлгөөнийг эхлүүлнэ. Гэхдээ хамгийн гол нь тэд Зул сарын зоогноос өмнө дэлхийг аврах ёстой.

Under the Mistletoe

Ганц бие ээж болох Сьюзан Жайме, Рэй, Ньюмэн хөвгүүдтэйгээ амьдардаг бөгөөд тэднийгээ л нэн тэргүүнд тавьж өөрийгөө гаргуунд нь орхидог нэгэн. Түүний сахилгагүй хүү нь радиогийн болзооны нэвтрүүлэг рүү утасдаснаар, Сьюзаны бүх зүйл өөрчлөгддөг тухай кинонд гардаг.

“Зул сарын мэнд хүргэе” (Joyneux noel, 2005)

Кристиан Карионы найруулсан энэ кинонд 1914 оны арванхоёрдугаар сард буюу Дэлхийн I дайны үеэр Франц, Шотланд, Германы цэргүүд дайн түр зогсоох гэрээ байгуулж, Зул сарын баяр хамт тэмдэглэсэн бодит түүхээс сэдэвлэсэн. Тодруулбал энэ нь 1914 онд байлдааны баруун фронтод байсан Герман, Английн цэргүүдийн дунд болсон явдал бөгөөд Зул сарын өмнөх үдэш "Аниргүй шөнө" дууг Герман цэргүүдийн дуулж байхыг сонссон Британи цэргүүд ч мөн дагаж дуулсан гэдэг.
Ингээд Зул сарын өдөр буюу арванхоёрдугаар сарын 25-ны өглөө хоёр талаас цэргүүд гарч ирснээр тэд Зул сарын баярын өдрүүдэд бие биетэйгээ эвтэй байж, хоолоор дайлж, бэлэг дурсгалын зүйлс хүртэл солилцож байжээ. Тэд бүр хамтдаа хөлбөмбөг тоглож байжээ.  Гэсэн ч дайны бүсийн бусад хэсэгт гарч буй дэлбэрэлтийн дуу ойртох тусам тэд тушаалаа дагаж байр байрандаа очиж буй тухай кинонд гардаг.

“Чамайг унтаж байх зуур” (While you’re sleeping, 1995)

Чикагогийн метроны буудалд тасалбар түгээгчээр ажилладаг Люси гэх эмэгтэй Зул сарын өдөр санамсаргүй тохиолоор Питер хэмээх  залууг метронд дайруулах гэж байхад нь аварна. Гэсэн ч залуу комд ордог бөгөөд Люси түүний сүйт бүсгүй байсан хэмээн өөртөө болон бусдад итгүүлснээр киноны үйл явдал өрнөнө. Тус киног  Жан Туртелтауб найруулсан бөгөөд ердөө 17 сая ам.доллараар бүтээж, нийт 182 сая ам.долларын ашиг олж шуугиан тарьж байв. Сандра Баллок Люсигийн дүрээр “Алтан бөмбөрцөг”-т нэр дэвшсэн. Бүх цаг үеийн хамгийн романтик киноны жагсаалтад тус бүтээл дээгүүрт жагсдаг. 
Ирония судьбы, или С лёгким паром (Хувь заяаны эргүүлэг)

Монгол хүн бүрийн хамгийн сайн мэддэг мөн шинэ жилийн үеэр байнга гардаг кино бол Мосфильмийн  “Хувь заяаны эргүүлэг” гэдэг кино. Хэдийгээр жил бүр гардаг ч хэзээ уйдамгүй кинонуудын нэг яах аргагүй мөн. Уг кмно  Мосфильм студийн түүхэн дэх хамгийн амжилттай бүтээл болсон бөгөөд  Зѳвлѳлтийн үед  хамгийн олон хүн үзсэн кино юм. 1976 оны нэгдүгээр сарын 1-нд анхны цацалтаа хийхэд нийт 100 сая үзэгч уг киног үзжээ. Мөн үзэгчдийн хүсэлтээр телевизээр дахин давтаж гаргасан анхны кино болсон юм.
 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0