М. Учрал


“Сибирийн хүч” хий дамжуулах хоолойгоор албан ёсоор байгалийн хий нийлүүлж эхэллээ

hi

“Сибирийн хүч” хий дамжуулах хоолойгоор ОХУ-ын байгалийн хийг БНХАУ-д өчигдрөөс нийлүүлж эхэллээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар телевизийн шууд дамжуулалтаар холбогдон хий дамжуулах уг хоолойг нээх ёслолд оролцжээ. “Сибирийн хүч” хий дамжуулах хоолойг ашиглалтад оруулснаар ОХУ, БНХАУ-ын эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа шинэ түвшинд гарна гэдгийг Владимир Путин онцолжээ. Харин БНХАУ-ын дарга Ши Жиньпин нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, хоёр улсын хамтын ажиллагаа олон салбарт цаашид улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. “Сибирийн хүч” бол “Газпром” болон Хятадын үндэсний нефть-хийн корпорацын /CNPC/ хамтарсан төсөл юм. Хийн дамжуулах уг хоолойг тавих ажил 2014 онд эхэлжээ. 3000 км урт хий дамжуулах хоолой нь Сибирийн хамгийн хүйтэн бүсэд орших Чаяндин, Ковыктины ордуудаас Хятадтай залгаа хилийн бүсэд орших Оросын Благовещенск хотод хүрнэ. Ингэснээр Хятадын дотоодын хий дамжуулах хоолой “Сибирийн хүч”-тэй холбогдож, улмаар өмнө зүгт Шанхай хот хүртэлх 3370 км зайд хий дамжуулах юм. “Сибирийн хүч”-ийн Оросын нутаг дахь хэсгийг “Газпром” компани хариуцах ажээ. Эхний зургаан сард хийн хоолойн шахуургыг ашиглалтад оруулах горимоор ажиллуулах бөгөөд "Сибирийн хүч" 2025 онд бүрэн хүчин чадлаараа хий дамжуулж эхэлнэ.
 

Хаха 0 0 Таалагдсан 1 Гунигтай 0 Нүдний булай 32 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0