М. Учрал


Хятадын тэрбумтнууд Их Британийн “алтан виз” хүсэх болжээ

hi

   Худалдааны дайнаас үүдэлтэйгээр Хятадын чинээлэг иргэд АНУ болон Европын орнууд руу тэртусмаа Их Британи руу олноороо цагаачлах болжээ. “Growthdeck” судалгааны байгууллагаас гаргасан судалгаанаас харахад, энэ оны эхний хагаст Хятадын 54 иргэн нэгдүгээр зэргийн хөрөнгө оруулагч гэх визийг Их Британий Элчин сайдын яаманд мэдүүлж байсан бол өнгөрсөн гурван сард 83 хүн ийм төрлийн виз мэдүүлснээс 10  нь Хонконгийн иргэн байгаа аж. Энэ нь өнгөрсөн 2014 оны дөрөвдүгээр улирлаас хойш ийм төрлийн виз Хятадаас мэдүүлж буй хамгийн олон тохиолдолд тооцогдож байна. Их Британийн гадаадын шууд хөрөнгө оруулалтын хуульд зааснаар, тус улсын компаниудад хоёр сая фунт стерлинг буюу 3.4 сая ам.долларын хөрөнгө оруулсан тохиолдолд нэгдүгээр зэргийн хөрөнгө оруулагч буюу “алтан виз” авах эрх үүсдэг юм байна. “Алтан виз” нь эхний ээлжинд гурван жил амьдрах эрх олгох бөгөөд дахиад хоёр жил сунгасны дараа иргэний харьяалал хүсэх эрхтэй болдог ажээ. “Growthdeck”-ийн тэргүүн Самуэл Ху “АНУ болон БНХАУ-ын худалдааны маргаан хурцадмал байдал шилжиж байгаа энэ үед болон Их Британийн мөнгөн тэмдэгт сул байгааг ашиглаж, Хятадын чинээлэг эрхмүүд хөрөнгө оруулалтын портфолио төрөлжүүлэхээр оролдож байна” гэжээ. Түүнчлэн Их Британийн “алтан виз”-тэй дүйцэхүйц АНУ-ын “EB-5” төрлийн виз хүсэгчдийн тоо хурдацтайгаар буурсан байна. Ерөнхийдөө ажиглагчид худалдааны дайн АНУ-ыг зорих хөрөнгө оруулагчдын сонирхлыг бууруулж байна гэж үзэж байна.Нөгөө талаас худалдааны дайнаас үүдэлтэйгээр Хятадын хөрөнгө оруулагчдыг АНУ хүлээн авахгүй байж магадгүй гэх айдас байгаа гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.  АНУ-ын “EB-5” визийг 500 болон үүнээс дээш мянган ам.долларын хөрөнгө оруулсан хүн бүр авах эрхтэй байдаг бол ирэх оны арваннэгдүгээр сараас эхлэн 900 мянгаас дээш ам.долларын хөрөнгө оруулсан хүн авах эрхтэй болох юм байна. Хил дамнасан үл хөдлөх хөрөнгийн худалдаа эрхэлдэг “Sodichan.com” компанийн тэргүүн  Эстер Ён “АНУ-аас гадна Австрали, Канад зэрэг орон визний шаардлагаа чангалж эхэлсэн энэ үед Турк, Португаль, Киприйг сонирхох хөрөнгө оруулагчдын тоо өсч байна” гэдгийг онцолжээ.  Хятадын хөрөнгө зуучлалын “Juwai” компанийн гүйцэтгэх захирал Георг Чмиел “БНХАУ дахь Португаль Улсын Элчин сайдын яаманд виз мэдүүлэгчийн 60 орчим хувь нь тус улсын “алтан виз”-ийг авахыг хүсч байгаа бөгөөд “алтан виз”-ний журмаар хятадууд тус улсад 2.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан” гэжээ. Их Британи 2016 оны зургадугаар сард Европын холбоог орхихоос өмнө фунт нь 1.50 ам.доллартой тэнцэж байсан. Гэхдээ “Brexit”-ийн байдал хурцдаж, гарах гарцгүй болсон энэ үед фунтийн ханш ам.долларын эсрэг 20 хувиар унаад байна.  Өнгөрсөн долоо хоногт л гэхэд нэг фунт 1.23 ам.доллараар арилжаалагдаж байв.

   Дэлхийн зарим улс гадаадын баян хүмүүст өөрийн оронд нь хөрөнгө оруулалт хийсэн, үл хөдлөх хөрөнгө эсвэл Засгийн газрын үнэт цаас худалдаж авсных нь хариуд иргэншил эсвэл оршин суух зөвшөөрөл олгодог. Одоогоор дэлхийн 20 улсад “алтан виз” гэх энэ төрлийн хөтөлбөр байдгаас Европын Австри, Бельги, Болгар, Кипр, Грек, Латви, Литва, Малта, Монако, Португал, Испани, Швейцарь, Их Британи гэх 13 улс “алтан виз” олгодог. Ийм төрлийн виз авснаар Европ даяарх бараа бүтээгдэхүүний чөлөөт худалдаа, татварын ашигтай байдал болон Европын нэгдсэн зах зээл, хууль эрх зүйн систем, нийгмийн хамгаалал зэргийг хүртэх олон давуу тал бий.  “Алтан виз” авахыг хүссэн иргэд улс бүрээс шалтгаалан 250 мянгаас 10 сая хүртэлх еврог төлдөг тул сүүлийн жилүүдэд энэ зах зээл хэдэн тэрбум еврогийн үнэд хүрдэг болоод байгаа билээ. 

Хаха 0 0 Таалагдсан 1 Гунигтай 0 Нүдний булай 32 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0