М. Учрал


БНАСАУ-ын цор ганц удирдагчийг залгамжлах Ким Ё Жон гэж хэн бэ

hi

    Пхеньян онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны оронд түүний эмэгтэй дүү Ким Ё Жоныг томилохоор бэлтгэж эхэлсэн гэж Японы "Иомиури" сонин Өмнөд Солонгосын болон Америкийн эх сурвалжуудын мэдээллээс иш татан мэдээлжээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, өнгөрсөн оны сүүлчээр болсон Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны хурлын үеэр Ким Жөн Уныг гэнэт нас барсан тохиолдолд түүний бүх эрх мэдлийг эмэгтэй дүү Ким Ё Жонд шилжүүлэн өгөхөөр шийдвэрлэсэн байна. Тиймээс Ким Ё Жон Хойд Солонгосын шатлан захирах тогтолцооны хоёр дахь хүн  болоод байгаа юм.  Цусны даралт ихсэх болон чихрийн шижнээр өвчилсөн Ким Жөн Уны биеийн байдал муудсаны улмаас Францын  эмч нар Пхеньянд өнгөрсөн нэгдүгээр сард очсон тухай зарим эх сурвалж мэдээлжээ. Түүнчлэн түүнийг  эрүүл мэндийн асуудалтай болсон байж магадгүй гэх таамгийг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дэвшүүлээд байгаа юм. Ерөнхийдөө сүүлийн үед БНАСАУ-ын удирдагчийн эрүүл мэндийн талаарх  эргэлзээтэй мэдээллүүд дэлхийн томооохон хэвлэлүүдийн нүүрийг дүүргэж байна.

Ким Ё Жон гэж хэн бэ

    Ким Ё Жон 1987 оны есдүгээр сарын 26-нд Пхеньянд төрсөн. 1996-2000 онд ах Ким Жөн Унтай хамт Швейцарьт сурсан. Эх орондоо ирээд Ким Ир Сений нэрэмжит Цэргийн их сургуульд суралцаж мөн Ким Ир Сений их сургуульд мэдээлэл зүй судалсан гэнэ. Ахтайгаа хамт суралцах хугацаандаа тэд улам дотно болсон гэдэг. Тэдний нэг ангийнхны хувийн архив дахь дүрс бичлэгт ах дүү хоёр сургуулийн концертод хамтдаа дуулж байгаа нь бий. Сонирхолтой нь Ким Ё Жон сургуульд Ким Ен Сун нэрээр суралцаж байсан гэдэг. Гадаадад байхдаа ч Ким байнгын хяналт, анхааралд байж ахтайгаа хамт хувийн байранд хамгаалагчтай байсан тухай “North Korea Leadership Watch” хэвлэлд бичсэн байна.
2015 оны нэгдүгээр сард Засгийн газрын албан хаагч Чхве Рён Хэгийн хоёр дахь хүүтэй гэр бүл болж тавдугаар сард хүүхэд төрүүлжээ. Хүүхдийн эцэг хэн гэдгийг, хэн ч мэдээгүй ч Ким Ир Сений их сургууль төгсөгчдийн нэг, цэргийн тагнуулд юм уу, СХН-ын 39 дүгээр товчоо, эсвэл төрийн тэргүүний хамгаалалтын албанд хариуцлагатай ажил хашдаг нэгэн байх гэсэн таамаг бий.

Албан тушаалын замнал

    Хамгийн анх тэрбээр 2010 оны есдүгээр сард СХН-ын гуравдугаар бага хурлын үеэр хэвлэлийнхний хараанд өртсөн юм. 2011 онд Ким Чен Ирийг оршуулах үеэр ах Ким Жөн Уны дэргэд өндөр албаныхантай хамт зогсож байжээ. 2012 оны эхээр  Үндэсний батлан хамгаалах комисст аялал жуулчлал хариуцсан менежерийн алба хашиж ахтайгаа хамт цэргийн полигонд очиж байсан юм.

2014 оны нэгдүгээр сард тэр СХН-ын 54 дүгээр хэлтсийн орлогч эрхлэгч болж зэвсэгт хүчний материал хангамжийн асуудал хариуцах болж, тэр жилээ Ардын дээд хурлын депутатаар сонгогдсон. 2014 оны арваннэгдүгээр сарын 28-нд түүнийг СХН-ын Төв Хорооны Суртал нэвтрүүлгийн хэлтсийн орлогч эрхлэгчээр томилсон бол тун удалгүй жинхэнэ дарга, дэд сайдын алба хашиж Ким Жөн Уныг байнга дагалдан явах болжээ. Ким Ё Жон улс оронд болж байгаа олон нийтийн бүхий л томоохон арга хэмжээг зохион байгуулдаг гэж БНАСАУ-аас зугтааж гарсан дипломат Тэ Юн Хэ 2017 онд ярьсан байдаг. 2017 онд Ким Ё Жоныг СХН-ын Төв Хорооны Улс Төрийн товчооны орлогч гишүүнээр сонгосон нь түүхэнд энэ албан тушаалд очсон хоёр дахь эмэгтэй болсон юм.

Хаха 122 247 Таалагдсан 256 Гунигтай 95 Нүдний булай 193 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 10