Т.Даваасамбуу


Дэлхийн бүх хүнд ногдох вакцин үйлдвэрлэхэд багадаа 1.5 жил шаардлагатай

hi

    ДЭМБ, НҮБ тэргүүтэй олон улсын байгууллага коронавирусийн вакциныг тэгш хуваарилах асуудлыг чухалчилж байгаа ч өндөр хөгжилтэй орнууд олон сая тунгаар урьдчилан захиалж байна. Одоогоор коронавирусээс хамгаалах үр дүнтэй, аюулгүй вакциныг албан ёсоор гаргаагүй, зарим төсөл гуравдугаар шатны буюу клиник туршилт дээрээ явж буй ч АНУ, Их Британи, Япон тэргүүтэй орнууд нийтдээ 1.3 тэрбум тунг урьдчилан захиалсан тухай “Bloomberg” мэдээлжээ. Бэлэн болоогүй, туршилтын шатанд яваа вакциныг ийнхүү үнэ хаян захиалж буй нь орлогын зөрүү, эдийн засгийн үзүүлэлтээс үүдсэн тэгш бус байдлыг улам тодоор харуулж буйг судлаачид онцолно. Вакциныг гаргаж авсан компанид эрх баригчид эхний ээлжинд дотоодынхоо хэрэгцээг хангаад, дараа нь гаднын орнууд руу нийлүүлэхийг үүрэг болгож байв. Цар тахлын энэ үед ч коронавирусийн вакцин гарган авсан тохиолдолд мөн л ийм явдал давтагдах нь дамжиггүй.

Хөгжил буурай, эдийн засгийн чадавх муу улс орнууд вакцины араас дугаарласан урт дарааллын хаахна байх вэ, вакциныг хэн, хэрхэн хуваарилах вэ,хамгийн түрүүнд хэнд эхний тунг өгөх вэ зэрэг олон асуудлыг ДЭМБ судалж байна. Жонс Хопкинсын их сургуулийн халдварт өвчин, цар тахал судлаач, мэргэжилтэн Амеш Адальягийн таамаглаж буйгаар хамгийн түрүүнд вакцин гарган авсан улс энэхүү бүтээгдэхүүнд экспортын хориг тавих магадлал өндөр аж.

Судлаачдын онцолж буйгаар цар тахлыг зогсоохын тулд бүх нийтийн вакцинжуулалт хийх шаардлагатай агаад хүн бүрт ногдох тун үйлдвэрлэхэд чамгүй урт хугацаа, их хөрөнгө, хүч орно. “Economist” сэтгүүлийн гаргасан тооцоогоор өдгөө дэлхий дахинд жил бүр таван тэрбум тун вакцин үйлдвэрлэж буйн 1.5 тэрбум нь улирлын чанартай ханиад томуунаас урьдчилан сэргийлэх бэлдмэл байдаг аж. Вакцин үйлдвэрлэлийн хүчин чадлыг энэ тоогоор баримжаалбал 7.8 тэрбум хүнд ногдох тунг үйлдвэрлэхэд хамгийн багадаа 1.5 жилийн хугацаа шаардлагатай болох нь.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 4 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0