Т.Даваасамбуу


Авлигаас бусдыг гэмт хэрэгт тооцдоггүй БНХАУ

hi

“Авлига авлаа гээд цаазлаад л байх юм. Гэтэл авлига нь нэмэгдээд л байх юм” гэж Хятадыг шүүмжлэгчид ярих болжээ. Авлига төдийгүй гэмт хэрэгтнүүдтэй хамгийн хатуу тэмцдэг улсын нэг бол БНХАУ. Гэтэл ийм хатуу чанга хуультай оронд хууль бус хэргийн гаралт огтхон ч буурахгүй байна. Өнгөрсөн бямба гаригт хуурамч банк байгуулан иргэдийг залилсан хэргээр хоёр хүнд Хятадын Нанжин хотын шүүх ял оноожээ. Гэмт хэрэгтнүүдийг Зэн болон Хэ гэдэг бөгөөд нэг нь урьд нь төрийн өмчит банкинд ажиллаж байсан туршлагатай хүмүүс аж. Тэд 2012 онд "Менгшин Виллажийн эдийн засгийн мэдээллийн мэргэжлийн хоршоолол" нэртэй компани байгуулжээ. Тус компанийг хөдөө аж ахуйн салбарын зөвлөгөө өгөх зорилгоор байгуулсан аж. Гэвч 2013 онд үйл ажиллагааны чиглэлээ хууль бусаар сольж банк болжээ. Тус банк нь улсын өмчит банкны байранд байрладаг, теллерийн цонх, дүрэмт хувцастай хамгаалагч, гүйлгээний баримттай байсан гэнэ. Тэд үйлчлүүлэгчдийг татахын тулд өндөр хүү амлаж байсан аж. Үүнд хууртсан 400 гаруй хүн 435 сая юань буюу 63 сая ам.доллароор хохирчээ. Гэмт хэрэгтнүүдэд 9-9.5 жилийн ял оноосон байна. Хуурамч банкийг амласан хүүгээ өгч чадаагүйд уурласан нэгэн бизнесмэн цагдаагийн газарт хандсанаар хэргийг гүнзгийрүүлэн судалж эхэлсэн байна. Энэхүү хэрэг хуурамч хүнс, бүтээгдэхүүнээс болж зүдэрсэн хятад иргэдийг ихэд алмайруулж байна гэж орон нутгийн хэвлэлүүдээр бичиж байна. Олон хүн энэхүү банк олон жилийн турш шалгагдахгүй, үйл ажиллагаагаа явуулсаар байсанд уурласан байна. Гэхдээ энэ хэрэгтэй яг адилхан хэрэг 2015 оны наймдугаар сард Хятадын олон сая хүн амтай Нанкин хотод банк нээж хүмүүсийг хуурсан этгээдүүдийг мөн баривчилж байсан. Тус хуурамч банкийг БНХАУ-ын “Бүтээн байгуулалтын банк”-ны салбар мэтээр ажиллуулж байсан нь тогтоогдсон. Хуурамч банкинд кассчид, ажилчид, тэр ч бүү хэл хамгаалалтын алба ажиллаж байсан бөгөөд үйлчлүүлэгчдэдээ хадгаламжийн өндөр хүү амлаж хуурч байсан нь нотлогдсон. Гэмт этгээдүүд хөдөө аж ахуйн салбарын зөвлөгөө өгөх л зөвшөөрөлтэй байсан хэдий ч ийм маягаар хэдэн сар ажиллажээ. Тэд үйлчлүүлэгчдэдээ ердийн хүүгээс гадна долоо хоногт хоёр хувийн нэмэгдэл олгоно гэж амлаж байжээ. Энэ нь жилийн дотор мөнгөө 100 хувь өсгөж авах боломжтой гэсэн үг юм. Мэдээж ийм учраас үйлчлүүлэгчид ч олон байсан нь ойлгомжтой. Дээрх аргаар тэд 200 сая гаруй юань буюу 32 сая ам.доллар завшжээ. Нэгэн хөрөнгөтэй үйлчлүүлэгч дансандаа 1.9 сая ам.доллар байршуулахдаа хуурамч банк болохыг нь мэдсэн байна. Энэ үеэр түүний хүүг тооцохоо больж, мөнгийг нь гаргаж чадахгүйд хүрсэн тул баян эр цагдаад хандаж, гэмт этгээдүүдийг илрүүлжээ.

“БНХАУ-д 32 сая ам.долларын авлига авсан төрийн албан хаагч шууд цаазаар авах ялаар шийтгүүлдэг. Харин хуурамч банк байгуулж ийм хэмжээний мөнгө завшсан хүн 9-9.5 жилээр хорих ялаар шийтгүүлдэг. Тэгэхээр энэ улсад авлигаас бусдыг хийж болно” хэмээн гаднын ажиглагчид бичсэн тухай “Chinadaily” мэдээлжээ.

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 2 Нүдний булай 2 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1