Т.Даваасамбуу


Аавдаа үнэнч Иванка Трамп

hi

    Тэнгэр баганадсан өндөр барилгууд Трампаар овоглож, харин тэрээр гэр бүлийнхний хамт “Боинг 727”-гоо хөлөглөн дэлхий тойрон аялсаар л… Дональд 1977 онд өрх толгойлж, олимпийн медальт цаначин Иванатай гэрлэжээ. Тэд бага Дональд, Иванка, Эрик гэсэн гурван хүүхэд төрүүлж, өсгөн 15 жил хамт амьдарсны эцэст 1992 онд сүр дуулиантай хоёр тийш болсон. Дональд тийм ч олон жил гоонь эр явж, хөрөнгөнд дуртай бүсгүйчүүдийн анхаарлыг татсангүй. Анхны эхнэрээсээ албан ёсоор салснаас жилийн дараа Марла Маплес хэмээх бүсгүйтэй гэрлэж, Тиффани охинтой болов. Гэхдээ энэ гэрлэлт ч бас аз жаргалтайгаар төгсөж чадаагүй юм. Тэд 1999 онд гэрлэлтээ цуцлуулжээ. Улмаар 2005 онд тэр Словени гаралтай загвар өмсөгч Меланиа Кнаусстай гэрлэж, Баррон нэртэй хүүтэй болсон. Мэдээж тэрбумтны гэр бүлд өсөж торнихын давуу тал цөөнгүй. Давуу талтайн хажуугаар энгийн хүүхдүүдтэй харьцуулахад харьцангуй өндөр хариуцлага хүлээх шаардлагатай болдог. Трампын хүүхдүүдээс хамгийн амжилттай яваа нь Иванка Трамп гэж хэлж болно. Тэрбээр Ерөнхийлөгчийн зөвлөх хэмээх албан тушаалд томилогдон ажиллаж буй. Түүний нөхөр Жейрэд Кашнер Ерөнхийлөгчийн ахлах зөвлөхөөр ажиллаж байгаа.

Иванка Трампыг Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллахад мэдлэг чадвар дутна гэж зарим хүн үзэж байсан ч барууны хэвлэл мэдээллийн хэрэгслээр цаашдын улс төрийн карьерынхаа эхлэлийг тавьж байна хэмээн бичиж байв. Иванка Трамп “Бид хамгийн сайн гэсэн сургуульд суралцаж мэдлэг олж авдаг байв.

Сургуулиа төгсмөгц ажиллана. Трампынханд цаг зав гэсэн ойлголт байдаггүй. Бидний сурч эсвэл ажиллаж байгаа нь сонин биш. Гол нь цаг завгүй өөрийгөө хөгжүүлэх нь л аавын хувьд тун чухал. Тиймээс би түүнийг гайхалтай сайн эцэг гэж хэлнэ. Би болон ах дүү нар маань аавын замаар л замнана гэдгийг бүр бага байхаасаа л мэддэг байсан. Тиймээс хэдий хүүхэд ч гэр бүлийнхээ бизнест гар бие оролцож, үүний сайхныг мэдрэхийг хүсдэг байсан” хэмээсэн байдаг. Трампын анхны эхнэр Ивана чех гаралтай бөгөөд тэдний дундаас гурван хүүхэд мэндэлсний хоёр дахь нь Иванка Трамп. Тэрбээр 1981 онд Нью-Йоркт төржээ.

Тэр үеийнхээ хамгийн баян, нөлөө бүхий гэр бүлд төрсөн учраас Иванка бусад хүүхдийн адил хүссэнээрээ амьдарч чаддаггүй байж. Зун бүр Чех рүү эмээ дээрээ очихоор явдаг байсан бөгөөд хүүхэд байхдаа Манхеттаны “Чапин” сургуульд суралцдаг байжээ. Гэхдээ эцэг эх нь салах хүртэл. Түүнийг 10 настай байхад эцэг эх нь салж, амьдрал нь ч өөрчлөгдөж эхэлжээ. Түүний эцэг Трамп Марла Маплес гэх жүжигчин бүсгүйтэй дотносч эхэлсний дараа бараг бүх л хэвлэл тэдний хувийн амьдралыг сонирхож эхэлжээ. Үүний улмаас Иванкаг ч гэсэн папарацчид байнга дагаж, олонд танигдаж эхэлсэн гэхэд хилсдэхгүй. 10 настай байхад нь зурагчид сургуулийнх нь гадаа отож байгаад түүнээс “Марла эцэгтэй чинь янаг амрагийн холбоотой гэдэг нь үнэн үү” гэсэн хачин жигтэй асуулт тавьж, зовоодог байсан гэдэг. Ахлах сургуулиа төгссөнийхөө дараа Иванка Пенсильванийн их сургуулийн салбар сургууль “Вартон” \Wharton School of the University of Pennsylvania/ бизнесийн сургуульд элсэн суралцаж, сургуулиа төгссөнийхөө дараа нэгэн үл хөдлөх хөрөнгийн компанид дадлагажигчаар ажиллажээ. Амьдралынх нь туршид бусад хүмүүс түүнд “Трампын генийг өвлөсөн охин” гэдэг үүднээс хандсаар иржээ. Ийм хандлага Пенсильванийн их сургуульд сурч байхад нь туйлын их дарамт болж мэдрэгдэж байсан гэнэ. Багш нар түүнээс хамгийн хэцүү асуултыг асуудаг, харин ангийнхан нь “ингэх л ёстой” гэсэн үүднээс хардаг байлаа. Гэвч Иванка энэ бүхнээс өөрийгөө чөлөөлж сурсан гэнэ. Өөрийнхөө бус өрөөлийн төлөө амьдарч буй мэт сэтгэгдлээс ангижирч, бусдын нөлөөнд автахгүй байхыг хичээж иржээ. Салбартаа өөрийн хүчээр нэр алдар олж авахыг хүссэн учраас тэр өөрийгөө Трамп гэх нэрнээс тусгаарлаж байсан байж ч болох. Гэхдээ хүссэн хүсээгүй Иванка гэр бүлийнхээ бизнест орж эхэлсэн. 2006 онд тэрбээр Трамп байгууллагын дэд Ерөнхийлөгч болсон билээ.

“Миний үеийнхэн хориод насандаа карьерын шат өөд өгсөх гэж төрөл бүрээр өөрийгөө сорьж байсан бол би тэдгээр шатыг алгассан. Үүнд надад “Трамп карт” ихээхэн тусалсан. Би гэр бүлийнхээ найз нөхөд, танилын хүрээний ачаар бизнесийн салбарын хамгийн бүтээлч, чөлөөтэй сэтгэдэг хүмүүстэй харилцах боломжтой болсон. Гэвч танилын хүрээгээ зөвөөр ашиглах эсэх нь миний л мэдэлд байсан юм” хэмээн Иванка хэлсэн байдаг.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0