Т.Даваасамбуу


Владимир Путин: ОХУ, АНУ-ын хооронд дайн дэгдвэл хэн ч үлдэхгүй

hi

    ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Америкийн кино найруулагч Оливер Стоунтой улс төрийн асуудал, АНУ, ОХУ-ын харилцаа, олон улсын бодлогын талаар ярилцсан ярилцлагадаа АНУ, ОХУ-ын хооронд дайн эхлэвэл яах вэ гэсэн асуултад “ОХУ, АНУ-ын хооронд дайн дэгдвэл дэлхий дээр хэн ч амьд үлдэхгүй байх” гэж хариулжээ. Харин НАТО-гийн талаар ОХУ-ын Ерөнхийлөгч “Дорнод Европын эвсэл гэж байхаа больсон, Зөвлөлт Холбоот Улс ч гэж байхгүй болсон. Гэтэл НАТО яагаад татан буугдахгүй байсаар байна вэ. НАТО өөрийн оршин тогтнож байгаагаа зөвтгөх зорилгоор ямагт дайсан хайж байдаг, эсвэл хэн нэгнийг дайсан болгохын тулд өдөөн хатгалга байнга хийж байдаг.

Одоогийн байдлаар НАТО бол АНУ-ын гадаад бодлогын хэрэгсэл болсон, энэ эвсэлд холбоотон гэж байхгүй, тэнд зөвхөн аялдан дагалдсан хараат орнууд байдаг. Аль нэг улс НАТО-гийн гишүүн болсныхоо дараа АНУ-ын шахалтыг эсэргүүцэхэд маш хэцүү болдог” хэмээн ярьжээ.

Америкийн кино найруулагч, кино зохиолч, продюсер, гурван удаагийн “Оскарын” эзэн Оливер Стоун ОХУ-ын Ерөнхийлөгчийн тухай баримтат кино бүтээсэн юм. Уг баримтат кинонд Путиний цуврал ярилцлагууд багтахаас гадна АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Оросын нөлөө байсан эсэх талаар, өнөөгийн Цагаан ордны эзэн Дональд Трампын засаг захиргаа болон Кремлийн харилцаа, Ерөнхийлөгч болсон 2000 онд ОХУ-д ямар хэрэг явдал хэрхэн өрнөсөн, өөрөө энэ талаар ямар бодолтой байгааг кинонд өгүүлнэ. Оливер Стоун “Энэ бол баримтат кино гэхээсээ асуулт хариултаас бүтсэн кино болох юм” гэжээ. Тэрбээр 2014 онд анх Ерөнхийлөгч Владимир Путиний тухай баримтат кино хийх хүсэлтэй буйгаа илэрхийлж байсан юм. “Ерөнхийлөгч Путиний бичлэгийг хийхээр бид сүүлийн хоёр жилийн дотор дөрвөн удаа Москвад ирсэн. Америкчууд бидний мэддэггүй ертөнцийг үзэх үзлийг энэ кино бидэнд нээж өгөх болно. Путин бол дэлхийн хамгийн хүчтэй манлайлагчдын нэг. АНУ түүнийг өөрийн дайсан, гэж зарласан болохоор тэрбээр юу гэж хэлэхийг хүсдэг болохыг бид сонсох нь маш чухал. Би эхэндээ Путинтэй Эдуард Сноудений /АНУ-ын тусгай албаны ажилтан асан/ хэргийн талаар ярилцаж байсан, энэ тухай кинонд өгүүлэх болно. АНУ батлан хамгаалахдаа бараг нэг их наяд ам.долларыг жилдээ зарцуулж байгаа нь дэлхийн бүх орнуудын нийлбэр зардлаас хамаагүй илүү юм. Ухаалаг, тооцоотой байхын төлөө гэдэг үзэл баримтлалтай хүмүүсийн хувьд энэ нь өршөөж боломгүй зүйл. Кремльтэй холбоотой хүмүүс АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөхөөр мэдээллийг “WikiLeaks”-т дамжуулсан гэдэгт би итгэхгүй байна” гэж Оливер Стоун ярьжээ.

Хаха 0 3 Таалагдсан 0 Гунигтай 1 Нүдний булай 2 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0