Т.Даваасамбуу


Монголоос нүүрс импортлоход үүсдэг тээврийн чирэгдэл, зардлын улмаас Бээжин Австралийн нүүрсний хоригийг цуцалж магадгүй

hi

   Бээжин Австралиас нүүрс импортлохыг хориглосноос хойш Хятадын гангийн үйлдвэрүүд болон цахилгаан станцууд Монголоос нүүрс худалдан авч эхэлсэн. Австралийн коксжих нүүрсийг импортлохоо зогсооход улс төрийн шалтгаан нөлөөлсөн байж болох ч цаг хугацаа өнгөрөх тусам Бээжин хоригийг эргэж харахад хүрнэ гэдгийг шинжээчид онцолжээ. АНУ, ОХУ, Канад зэрэг ханган нийлүүлэгчид богино хугацааны эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байгаатай холбоотой Австралийн Хятадын нүүрсний зах зээлд үүсгэсэн томоохон орон зайг одоохондоо Монгол орлож байна. “S&P Global Platts” Хятадын хойд хэсэг Монголын нүүрсийг хэрэглэхэд асуудалгүй ч өмнөд хэсэгт нь нүүрс тээвэрлэх ложистикийн бэрхшээл, зардлын улмаас хүндрэл үүсэх магадлалтай гэж үзэж байна. Үүнийг үр ашигтайгаар шийдэх хувилбарыг Хятадын эрх баригчид олж чадахгүй бол Монголын нүүрсний эрэлт нэмэгдэх гарцаагүй хэмээн ажиглагчид таамаглаж байгаа юм. “S&P Global Platts”-ийн шинжээч Жеффери Лу, Йиле Вэнг нар "Монголын нүүрс чанараараа Австралийн хатуу коксжих нүүрсийг орлож чаддаг. Хятадын нүүрсний хэрэглээ улам бүр нэмэгдэж байгаа нь Монгол түүхий эдийн, ялангуяа ган хайлахад ашигладаг коксжих нүүрсний хамгийн том нийлүүлэгчийн байр суурийг эзлэх боломжийг олгож магадгүй” гэжээ. “S&P Global Platts”-ийн мэдээлснээр Австрали энэ жил сүүлийн гурван жилийнхээс илүү их коксжих нүүрсийг Хятадад экспортлосон байна.

CRU-гийн түүхий эдийн зах зээлийн шинжээч Саймон Ву “Хятад, Монголын хооронд улс төрийн харилцаа улам бэхжиж байгаа нь Монголын нүүрсийг ашиглахад түлхэц болсон байж магадгүй” хэмээжээ . Монгол Улс өнгөрсөн долоо хоногт Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт (APTA) нэгдэн орсноос хойш Хятад руу экспортолдог 366 төрлийн бүтээгдэхүүний татварыг бууруулахаар тохиролцсон нь хоёр улсын худалдааны эргэлтийг өргөжүүлэхээр байгаа юм.

Гэсэн ч монгол нүүрсний өндөр үнэ, тээврийн зардал, чирэгдэл, чанарын асуудлаас болж Хятадын хэрэглэгчид Австралийн хоригийг эргэн харах талаар шаардлага тавьж магадгүй. Монголын коксжих нүүрсийг Хятадад, тэр дундаа Хэбэйгийн гангийн үйлдвэрүүд өргөнөөр ашиглаж байгаа. Гэсэн хэдий ч өмнө нь Австралийн коксжих нүүрсийг хэрэглэж дадсан гангийн үйлдвэрүүд сонголтоо өөрчлөх шаардлагатай тулгарч магадгүйг шинжээчид онцолжээ. Хятадын өмнөд нутгууд, тэр дундаа далайн эргийн мужуудад далайн тээврээр нүүрс хүргэх нь амар байдаг бол харин Монголоос нүүрс худалдан авахад төмөр замаар тээвэрлэх явцад осол гарах, төмөр замын даацын асуудал зэргээс шалтгаалан олон янзын хүндрэл үүсдэг байна. Гэтэл өөр орноос нүүрс импортлох боломж бага байгаа нь тэдгээр гангийн үйлдвэрүүдэд дотоодын өндөр үнэтэй нүүрсээ хэрэглэхээс өөр сонголт үлдээхгүй бололтой. Хэрэв тэгвэл үйлдвэрүүдийн ашиг орлогод хүндээр нөлөөлөх эрсдэлтэй юм. Жишээлбэл, Канад, АНУ, Мозамбик, ОХУ зэрэг өөр нүүрс экспортлогч орнуудаас нүүрс худалдан авъя гэхэд тэдгээр нь аль хэдийн өөр худалдан авагчийн захиалгад дарагдсан, эсвэл хомсдолтой байгаа. Түүнээс гадна дээрх экспортлогчдоос худалдан авсан нүүрс маш хол замыг туулах учир хэтэрхий уддаг гэнэ. Тухайлбал, Баруун Канадаас нүүрс захиаллаа гэж бодоход дор хаяж 21 хоног, харин АНУ-аас 45 хоногийн дараа ирэх тул одоо захиалбал шинэ он гарах үеэр сая нэг нүүрстэйгээ золгож магадгүй гэсэн үг. Хязгаарлагдмал импортын хувилбаруудаас гадна чанарын асуудал нь Хятад дахь хэрэглэгчдийг хохироох бас нэг хүчин зүйл юм. "Австралийн дээд зэрэглэлийн хатуу коксжих нүүрс нь бат бэх чанар, хүхэр,үнс бага ялгаруулдаг. Харин БНХАУ нүүрсний экспортоо зогсоогоод буй энэ үед Австрали хэдийнэ Бээжинг орлох түнш хайж эхлээд байна.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0