Т.Даваасамбуу


Үр дүнтэй нь батлагдаад буй коронавирусийн эсрэг вакцинууд ямар үнэтэй вэ

hi

  Коронавирус дэлхий дахиныг айдаст автуулж, нийгмийн дэг хэмжээг эвдсээр байна. Тиймдээ ч вакцины үнэ цэн өдрөөс өдөрт өсөж, өрсөлдөөн улам бүр ширүүссээр байгаа билээ. Одоогоор олон улсад коронавирусийн эсрэг нийт 165 янзын вакцин хөгжүүлж байгаагаас 30 гаруй нь хүн дээр туршигдаж эхлээд байгаа. Хятадын хэд хэдэн компаниас гадна АНУ-д “Moderna”, Оросын “Sputnik V”, Их Британид Оксфордын их сургууль болон “AstraZeneca”-ийн хамтарсан багуудын хөгжүүлж буй вакцин тэргүүн эгнээнд яваа билээ. Одоо хүмүүсийн анхаарлыг хамгийн ихээр татаж буй ганц зүйл бол үнэ ханшийн мэдээлэл юм.

“Moderna”-гийн хөгжүүлж буй вакцины үнэ 37 ам.доллар

“Moderna” бол коронавирусийн вакцинаас ашиг олох сонирхлоо тодорхой илэрхийлсэн хувийн компани. Өнгөрсөн наймдугаар сард вакциныхаа нэг тунг нь 37 ам.доллароор худалдаана хэмээн мэдэгдэж байсан. Вакцины нэг тунг дөрвөн долоо хоногийн хугацаатай хоёр удаа тариулж дархлаа тогтоно.

Вакцинд хэн түрүүлж хамрагдах вэ

Тус компани АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн 2.48 тэрбум ам.долларын санхүүжилтээр вакцинаа хөгжүүлж буй. Жилийн эцэс гэхэд 20 сая тунг АНУ-д нийлүүлэхээр зорьж буй. Тиймээс тус вакцинд хамгийн түрүүнд америкчууд хамрагдана гэсэн үг.

“Pfizer”-ийн боловсруулсан коронавирусийн эсрэг вакцины үнэ 20 ам.доллар

“Pfizer” болон “BioNTech”-ын хамтран бүтээсэн вакцин 95 хувийн үр дүнтэй нь батлагдаад байгаа билээ. Хөгжүүлэгчид вакциныхаа нэг тунг 20 ам.доллароор худалдана хэмээсэн нь “Moderna”-гаас хамаагүй хямд байна. Нэг тунг 21 хоногийн зайтай хоёр удаа тарина.

Хэн түрүүлж хамрагдах вэ

Их Британийн Засгийн газраас хамгийн түрүүнд асрамжийн газрын хүмүүс, ажилтнууд болон эмнэлгийн ажилтнууд, 80-аас дээш насны ахмадуудыг вакцинжуулахаа мэдэгдсэн. Хүмүүсийг насаар нь эрэмбэлж вакцинжуулах бөгөөд жагсаалтын хамгийн сүүлд 50-иас доош насны хүмүүсийг оруулжээ.

“AstraZeneca” болон Оксфордын их сургуулийн хамтран хөгжүүлж буй вакцины үнэ 3-4 ам.доллар

Английн эм үйлдвэрлэгч томоохон компани болох “AstraZeneca” Оксфордын их сургуультай хамтран “Ковид-19”-ийн вакцин бүтээж байгаа билээ. Хожуу шатны туршилтуудын мэдээлэл ирэх сард гарна. Тэдний бүтээж буй коронавирусийн эсрэг вакцины үнэ ойролцоогоор 3-4 ам.доллар байх аж.

Хамгийн түрүүнд хэн хамрагдах вэ

Энэтхэгийн эрүүл мэндийн ажилтнууд болон ахмад настнууд ирэх оны дөрөвдүгээр сараар вакцинд хамрагдах юм байна. Энэтхэгийн Ийлдэс судлалын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Адар Пуоналла "Энэтхэгчүүдийг 2024 он хүртэл вакцинжуулах болно" гэжээ.

ОХУ-ын боловсруулсан “Sputnik V” вакцин оросуудад үнэгүй

ОХУ-д боловсруулсан коронавирусийн вакцин “Sputnik V” 92 хувийн үр дүнтэй нь батлагдаад буй. “ТАСС” агентлагийн мэдээлснээр коронавирусийн эсрэг вакцинд ОХУ-ын иргэд үнэ төлбөргүй хамрагдах аж. Харин дэлхийн бусад улс орнуудад ямар үнээр борлуулах нь тодорхойгүй байна. Гэсэн хэдий ч Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн гүйцэтгэх захирал Кирилл Дмитриев бусад вакцинаас хямд байх болно гэдгийг онцолсон.

Хэн түрүүлж хамрагдах вэ

Энэтхэг,Казахстан, Бразил, Мексик Улстай вакцин нийлүүлэх гэрээ байгуулсан учир оросуудаас гадна дээр дурдсан орны иргэд “Sputnik V” вакцинд хамрагдах боломжтой аж.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0