Т.Даваасамбуу


Зэсийн ханш 9000 ам.доллар даваад байна

hi

   Лондоны Металлын биржид зэсийн фьючерс үнэ өнөөдөр өглөөний байдлаар 9067 ам.доллар байна. Зэсийн үнэ ийнхүү сүүлийн есөн жилийн хугацаанд анх удаа 9000 ам.доллар давлаа. Нийлүүлэлт буурч, зах зээлд хомсдол үүсэх эрсдэлтэй болоод байгаа нь үүнд голлон нөлөөлж байна. Улс орнууд цар тахлын хямралаас сэргэхтэй зэрэгцээд суурь металлуудын хэрэглээ өсөж, эрэлт нийлүүлэлтээ давна гэж тооцоолж байгаа юм байна. Түүнчлэн дэлхий даяар сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн хэрэглээг нэмэгдүүлэх, цэвэр эрчим хүчинд шилжих зорилт тавиад байна. Үүнд шаардлагатай гол түүхий эд болох зэс, никелийн үнэ огцом өсөж байгаа юм. Зэсийн үнэ ийнхүү огцом өсөж байгаа нь түүхий эдийн үнийн дараагийн суперцикл эхлэх нь гэсэн эерэг хүлээлтийг нэмэгдүүлж байна.

“Goldman Sachs”-ийн шинжээчид 2021 онд зэсийн зах зээлд их хэмжээний хомсдол үүснэ гэж тооцоолжээ. Шанхайн фьючерсийн биржийн мэдээллийг нь нэгтгэн гаргадаг агуулахууд дахь зэсийн нөөц буурч, сүүлийн 10 гаруй жилийн доод түвшинд хүрсэн нь зах зээлд хомсдол үүсэх магадлалтай болсон гэдгийг харуулж байна. Ерөнхийдөө шинжээчид зэсийн үнэ өсөх бүх шалтгаан 2021 онд бүрдэнэ гэж тооцоолж байна.

Тухайлбал дэлхийн эдийн засаг харьцангуй сэргэж, аж үйлдвэрийн салбар идэвхжихийн сацуу Хятадын зэсийн эрэлт ч мөн сайн байх дүр зураг тодорч байгаа юм. Үүний дээр вакцинжуулалт эрчимтэй өрнөж, ам.долларын ханш зах зээлд сулрах төлөв нь зэсийн ханшийн өсөлтийг илтгэснийг шинжээчид өгүүлж байна. Үүнээс гадна зэсийн гол олборлогчид болох Чили, Перуд энэ он сонгуулийн жил ажээ. “Bank of America” энэ онд зэсийн уурхайн олборлолт, хаягдал зэсийн нийлүүлэлт нэмэгдэх ч зэсийн зах зээлд нийлүүлэлтийн хомсдол үүсэх эрсдэл байсаар байгааг онцолжээ. Ингэснээр дөрөвдүгээр улиралд нэг тонн зэсийн үнэ дунджаар 9500 ам.долларт хүрч мэдэх гэнэ. Мэдээж зэсийн үнийг бууруулж болзошгүй эрсдэлт хүчин зүйлсийн дунд вакцины үр нөлөө муу байх, эдийн засгийн сэргэлт удаашрах, мөнгөний хатуу бодлого баримталж мэдэх зэрэг асуудлыг нэрлэж болно. Дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг байгууллагын таамгаар бол зэсийн үнэ тогтвортой байхаар байгаа юм. Бүр тодруулж хэлбэл, 7000-8000 ам.доллар орчимд хадгалагдчих болов уу гэсэн хүлээлттэй байгаа. Эдийн засаг унавал зэсийн ханш урьдчилж унадаг, эдийн засаг сэргэх нөхцөл бүрдвэл урьдчилж өсдөг онцлогтой.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0