
НҮБ 2012 оноос хойш жил бүр дэлхийн хамгийн аз жаргалтай орнуудын жагсаалтыг гаргаж байгаа билээ. Аз жаргалтай орнуудын жагсаалтыг гаргахдаа дэлхийн улс орнуудын хувийн болон иргэний эрх чөлөө, дундаж наслалт, нэг хүнд ногдох орлого, авлигын түвшинг багтаасан байна. Харин энэ жилийн хувьд үндсэн шалгуур үзүүлэлтээс гадна коронавирусийн цар тахалтай холбоотойгоор хүмүүсийн сэтгэл хөдлөл, Засгийн газрууд үүссэн бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэж буй нь болоод Засгийн газарт итгэх итгэл зэргийг нь судалж үзжээ. Финланд дэлхийн хамгийн аз жаргалтай орнуудын жагсаалтыг дөрөв дэх жилдээ тэргүүлсэн байна. Харин Финландын араас Исланд, Дани, Швейцарь, Нидерланд, Швед, ХБНГУ, Норвеги, Шинэ Зеланд, Австри бичигдэж байна. 2020 онд жагсаалтын 61 дүгээрт бичигдэж байсан бол Хорват энэ жил 23 дугаар байрт орж, огцом урагшилсан байна. Харин Зимбабве, Танзани, Энэтхэг, Иордан зэрэг улс хамгийн аз жаргалгүй орноор тодорчээ.