Нүүр хуудас Мэдээ Монголчууд уран олборлолтыг эсэргүүцэж захиргааны шүүхэд хандсан

Монголчууд уран олборлолтыг эсэргүүцэж захиргааны шүүхэд хандсан

Ариунтуул

             Дорноговь аймгийн Улаанбадрах суманд уран олборлож байгааг эсэргүүцэж “Бадрах энержи” ХХК-ийн “А” лицензыг цуцлуулах шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2018.10.08/ 11:30 цагаас Захиргааны хэргийн шүүхэд болж гуравдагч этгээдийн хүсэлтээр хойшиллоо. Тодруулбал: Монгол Улсад 2016 оноос эхлэн ашиглалтын тусгай зөвшөөрлөөр уран олборлож байгаа Францын хөрөнгө оруулалттай “АРЕВА Монгол” ХХК буюу “Бадрах энержи” ХХК -ийн үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа асуудлаар “Босоо хөх монгол” ТББ-ын тэргүүн Монгол Улсын Харцага Ганзоригийн Ганхуяг, Удирдах зөвлөлийн гишүүн Д.Чойпүрэв, Э.Төмөрхуяг, Г.Батхуяг, ОУ-ын зэвсгийн шинжээч хурандаа Д.Эрдэнэцогт‎, “Байгаль орчны иргэний зөвлөл”-ийн хяналтын хороон дарга Ж.Ганбаатар, “Их, Бага Баяншарга” ТББ-ын тэргүүн Л.Бор, Монгол Улсын зөвлөх инженер Т.Минжүүр нарын нэхэмжлэлтэй, өмгөөлөгчөөр Монголын хуульчдын холбооны гишүүн Г.Батбаяр, хариуцагчаар “Ашигт малтмал, газрын тосны газар”, гуравдагч этгээдээр “Бадрах энержи” ХХК буюу хуучнаар “Кожеговь” ХХК нар тус шүүх хуралдаанд оролцжээ. Шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгчид Дорноговь аймгийн Улаанбадрах суманд уран олборлож эхэлсэнээс хойш үүсч байгаа асуудлыг баримттайгаар хэлэлцэх бөгөөд төрийн болон гадаадын, төрийн бус байгууллагуудын, орон нутгийн ард иргэдийн цуглуулсан бодит нотлох баримтыг харуулах зорилготой байж. Шүүхэд дэлгэн харуулах нотлох баримтуудын дотор 80 гаруй эмэгтэй үр зулбасан, ургын гажигтай төл мал, төл хаясан малын ураг, үхсэн малын гэдэс дотор, 3 хөлтэй унага төрсөн зэрэг олон баримт байгаа юм. Эдгээр баримт нь өмнө олон нийтэд дэлгэгдээд няцаагдаж байсан баримтуудаас хойш үүссэн бөгөөд нөхцөл байдлын үнэн байдлыг сайтар нягтлуулахаар дээрхи байгууллага, иргэдийн зүгээс ундны усанд хийсэн шинжилгээ, цацрагын тархац, ургамлын аймгийн нөхцөл байдал, агаар, хөрсөнд хийсэн шинжилгээ гээд Улаанбадрах сумын мал эмнэлэгийн газар, Улсын мал эмнэлгийн ерөнхий лабораторид хийгдсэн хяналт шинжилгээг нягтлах, дахин шинжлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаж байна. Шүүх хурлын дараагаар олон нийтэд хандаж мэдээлэл хийлээ.

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү