Нүүр хуудас Мэдээ С.Зориг агсаныг хөнөөсөн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусчээ

С.Зориг агсаныг хөнөөсөн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусчээ

Tugmn
Tugmn, TUG.MN

Одоогоос 20 жилийн өмнө буюу 1998 оны аравдугаар сарын 02-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зориг бусдын гарт амиа алдаж монголчуудын хувьд эх оронч хүүгээ алдсан эмгэнэлт явдал болсон. Хэрэг гарсанаас хойш талийгаачийн амь насыг хохироосон гэмт этгээдүүдийг орон даяар эрэн хайж, журмын нөхөд нь хүртэл сэжиглэгдэж байсан боловч “алуурчныг” олоогүй. Харин 17 жилийн дараа гэнэт гэмт этгээдүүд олдож С.Зориг агсаны амь насыг хохироосон Ц.Амгаланбаатар нарт холбогдох эрүүгийн хэргээс тусгаарлан шалгахаар авч үлдэн "С.Зоригийн амь насанд халдахыг захиалсан, зохион байгуулсан" гэх хэргийг шалгах хамтарсан ажлын хэсгийг Тагнуулын Ерөнхий газрын мөрдөн байцаах хоёрдугаар хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагчдын бүрэлдэхүүнтэй хэсэг татан буугдах болоод байна. Учир нь С.Зоригийн амь насыг гардан хөнөөсөн гүйцэтгэгч нарт ял оноосон боловч түүний амь насыг хөнөөхөөр захиалсан, зохион байгуулсан этгээдүүдэд хариуцлага оногдуулах мөрдөн шалгаж шүүхэд шилжүүлэх ажиллагааны хугацаа дууссантай холбоотой ажээ.

Эрүүгийн хуулийн 1.10.1.4 дахь хэсэгт байх “...бүх насаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэнээс хойш хорин жил өнгөрсөн...” бол мөрдөн шалгаж байгаа хүнд гэмт хэргийг хэрэгсэхгүй болгоно гэснээр С.Зоригийн хэргийн шалгаж мөрдөх хугацаа дууссан тул мөрдөх ажиллагааг зогсоохоос өөр аргаггүй болсон байна. Тус ажлын хэсгээс хэргийг хааж ажлын хэсгийг татан буулгах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлжээ. Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан уг хэрэгт хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн прокурорын газарт үүрэг болгосон байжээ.
С.Зоригийг хөнөөх ажиллагааг гардан гүйцэтгэсэн гэх Ц.Амгаланбаатар мэдүүлэгтээ хэргийн гүйцэтгэгч болон захиалагч нарыг тодорхой мэдүүлсэн боловч хууль хяналтынхан захиалагч нарыг нэрлэж байгаа мэдүүлэгт итгэхээс татгалзаж харин гүйцэтгэгч нар болох Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын заасан мэдүүлгийг үнэн, бодит гэж үзэн шүүхэд шилжүүлснээр шүүхээс тэдэнд 25 жилийн ял оноосон билээ.
С.Зоригийн хэргийн захиалагч, зохион байгуулагч нар хэргээ хүлээсэн, үйл баримтууд нь нотлох баримтаар нотлогдож байгаа боловч тэдэнд ял оноох боломжгүй болжээ.

Хаха 5 6 Таалагдсан 4 Гунигтай 28 Нүдний булай 5 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлХалаагуур хэрэглэдэг айл өрхийн анхааралд
Дараагийн нийтлэл Хүүхдэд гар хүрэх нь зөв үү?