Нүүр хуудас Мэдээ ЭЗБХ: Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

ЭЗБХ: Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Tugmn
Tugmn, TUG.MN

 УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2018.12.04) хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 10 цаг 14 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Байнгын хорооны өмнөх хуралдаанаар (2018.11.28 Лхагва гараг) Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах “Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх явцадаа хойшлуулахаар шийдвэрлэсэн юм. Өнөөдрийн хуралдаанаар уг асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцсэн бөгөөд санал хураалт явууллаа. 

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах “Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжлээ. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов. 

    Дараа нь Засгийн газраас 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар танилцуулсан юм. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч л уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлөх хуулийн зохицуулалт үйлчилдэг. Энэ нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид, бичил уурхайгаар ашигт малтмал олборлож буй хоршоо, нөхөрлөл, тэдгээрээс ашигт малтмал худалдан авч экспортолсон, худалдсан этгээд болон зөвшөөрөлгүй баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдийг ашигт малтмалын нөөц ашигласныг төлбөрийг төлөхгүй, холбогдох байгууллагуудад тайлан, мэдээ өгөхгүй байх нөхцөлийг бүрдүүлж байна. Үүнээс улбаатайгаар газрын хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөцөд татвар ногдуулах, холбогдох хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгээд байгаа аж. Үндэсний статистикийн газраас авсан мэдээллээр 2012-2016 онд нийт 381 сая ам.долларын 1.6 сая тонн жонш экспортод гарсан байна. Тухайн жилүүдэд 34.6 тэрбум төгрөг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэлбэрээр улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх байснаас 11.1 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна. Түүнчлэн УИХ-ын 2017 онд баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд заасан “Монголбанк, арилжааны банканд худалдсан биет болон биет бус алтны нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээний 2.5 хувьтай тэнцүү” гэсэн заалт 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр дуусгавар болж байгаа. Үүнтэй холбоотойгоор алт олборлогч болон алт худалдан авагч хуулийн этгээд хууль бусаар алтыг хил давуулан худалдах, олборлосон алтаа нуух, хадгалах, татвараас зайлсхийхийн тулд арилжааны банканд тодорхой бус хугацаагаар барьцаалах зэрэг шударга бус далд үйл ажиллагаа гаргах хандлага ажиглагдах нөхцөл үүсэх эрсдэлтэй болохыг төсөл санаачлагчийн илтгэлд дурдлаа. 

Монголбанкнаас авсан мэдээллээр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд заасан “Монголбанк, арилжааны банканд худалдсан биет болон биет бус алтны нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээний 2.5 хувьтай тэнцүү” гэсэн заалт хэрэгжсэн 5 жилийн хугацаанд банканд тушаасан алтны хэмжээ 2014 онд 12.7 тонн, 2015 онд 15.1 тонн, 2016 онд 18.3 тонн, 2017 онд 20 тонн болж өсөн, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлсэн нь хуулийн уг заалтыг дахин 5 жил үргэлжлүүлэн мөрдөх нь зүйтэйг илэрхийлж байна хэмээн үзсэн байна. Мөн аливаа этгээдийн тушаасан алтны төлбөрөөс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг суутган тооцох, түүнийг төсөвт төлөх, тайлагнах үүргийг Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд хүлээлгэх шаардлагатай гэж үзжээ. Иймд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй хувь хүн, бичил уурхай, баяжуулах, боловсруулах үйлдвэр эрхлэгчдийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх, тайлагнах, бүртгэлжүүлэх боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ Монголбанканд тушааж буй алтны хэмжээг бууруулахгүй, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх улмаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төсөвт бүрэн төвлөрүүлэх, татварын суурийг өргөжүүлэх зорилгоор төслийг боловсруулсан гэлээ. 

    Төсөлд тусгай зөвшөөрөл эзэмшигчид, бичил уурхайгаар ашигт малтмал олборлож буй хоршоо, нөхөрлөл, тэдгээрээс ашигт малтмал худалдан авч экспортолсон, худалдсан этгээд болон зөвшөөрөлгүй баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх, тайлагнах, бүртгэлжүүлэх заалтуудыг тусгажээ. Мөн аливаа этгээдийн тушаасан алтны төлбөрөөс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг суутган тооцох, түүнийг төсөвт төлөх, тайлагнах үүргийг Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд хүлээлгэх заалтыг нэмэх юм байна. 

    Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Х.Болорчулуун, М.Оюунчимэг нар асуулт асууж, холбогдох тодруулгуудыг ажлын хэсгийнхэнээс лавлав. 

    Улсын төсөв алдагдалтай, улс нэлээдгүй хэмжээний өр төлбөртэй байгаа үед тодорхой нэр төрлийн татваруудыг хэт багасгах нь улсын төсвийн орлогод сөргөөр нөлөөлөх, төсвийн цоорхой үүсгэх шалтгаан болох эрсдэлтэйг Х.Болорчулуун гишүүн хэллээ. Улсаас тогтоосон татвар өндөр байхаар хууль бус эргэлт, сүлжээ идэвхжиж байна гэдэг нь хууль хүч, хил гааль болон мэргэжлийн хяналт зэрэг холбогдох байгууллагууд нь хариуцлагагүй, хүчгүй байгаагийн илрэл хэмээн үзэж буйгаа тэрбээр хэллээ. Ирэх оны төсөвт хил гаалийн шинэ тоног төхөөрөмжөөр тоноглохоор тусгасан байгаа бөгөөд үүний үр дүн хил гааль дамжсан хууль бус үйлдлүүд илрэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж буйгаа тэрбээр илэрхийлсэн. Хөрөнгө оруулагч болон холбогдох талууд, мэргэжилтнүүдтэй зөвшилцсөний үндсэн дээр алтны татварыг дээрх хэмжээнд байлгаснаар Монгол Улсын алтны салбарын өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалтад эерэг нөлөө үзүүлнэ хэмээн тооцсон хэмээн салбарын сайд хариулт өгөв. Одоогийн байдлаар алтны салбарт 700 орчим сая ам.долларын борлуулалт хийгдэж байгаа бөгөөд үүнийг 1 тэрбум ам.долларт хүргэх, улмаар энэ хэмжээнээс давуулах зорилт тавиад байгаа аж. Ингэж чадвал нүүрсний үнэ буурахад алтны салбарт тулгуурлах, алтны үнэ дэлхийн зах зээл дээр буурахад зэсийн салбарт тулгуурлах зэргээр тэрбум ам.доллар давсан борлуулалт бүхий ашигт малтмалын хэд хэдэн салбарыг бэхжүүлэх нь улс орны эдийн засаг, нийгэмд чухал ач холбогдолтой талаар Д.Сумьяабазар сайд тайлбар хийлээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Элбэгзаяа хариулахдаа “Өнгөрсөн хугацаанд татварын хэмжээг дээрх хэмжээнд хүргэснээр алтны худалдааны далд сүлжээг ил болгоход нэлээд дорвитой үр дүнд хүрсэн гэдгийг холбогдох тоон мэдээллээс харж болох юм. Алтны нөөц ашигласны төлбөрийг үргэлжлүүлэн 2.5 хувь гэдгээр сунгах өөр нэг шаардлага бол 2021 оноос хойш Европын Холбооны Улс гарал үүсэл нь тодорхой бус алтыг худалдаж авахгүй гэдгээ мэдэгдсэн. Иймд бид алтны гарал үүслийг тодорхой, нээлттэй болгох чиглэлд арга хэмжээ авч байна” гэлээ. 

Татварын энэхүү арга хэмжээг авч хэрэгжүүлснээр алтны эргэлтийн далд сүлжээг илрүүлэх, алт тушаалтыг хянах бололцоо бүрдэх эсэхийг нягталсан М.Оюунчимэг гишүүний асуултад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын дарга Б.Дэлгэржаргал хариулахдаа хил, гаалийн тоног төхөөрөмжийг шинэчлэх чиглэлээр холбогдох яам, газруудтай санал солилцон, судалгаа, тооцооллыг хийж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. 

    Ийнхүү гишүүдийн тодруулгын дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал хэлсэн юм. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Д.Тэрбишдагва нар “Монголбанк, арилжааны банканд худалдсан биет болон биет бус алтны нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээний 2.5 хувьтай тэнцүү” гэсэн заалт 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр дуусгавар болж буйг сунгах асуудлыг дэмжихгүй гэдгээ илэрхийлж, тус бүр тодорхой тайлбар хэлсэн юм. 

    Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжснээр энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлУИХ-ын гишүүн Ж.Батзандан, Лу.Болд АН сахилгын хариуцлага хүлээсэн холбогдуулан мэдэгдэл хийлээ
Дараагийн нийтлэл ЗТХ-ийн сайд Я.Содбаатар, БСШУС-ийн сайд Ц.Цогцолмаа чөлөөлөх, огцруулах саналыг өргөн мэдүүлэв