Нүүр хуудас Мэдээ Л.Насанцэнгэл: Хоёр нас хүртлээ хөхөө хөхсөн хүүхэд аливаа стресс, бэрхшээлийг даван туулах чадвартай болдог

Л.Насанцэнгэл: Хоёр нас хүртлээ хөхөө хөхсөн хүүхэд аливаа стресс, бэрхшээлийг даван туулах чадвартай болдог

Tugmn
Tugmn, TUG.MN

Энэ удаагийн “Чухал хүн” буландаа СЭМҮТ-ийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор, дэд профессор, ЭМШУИС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхмийн эрхлэгч Лхагвасүрэнгийн Насанцэнгэлийг урьж, ярилцлаа.

Тэрбээр сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах албанд тасралтгүй 24 жил зүтгэсэн нэгэн юм. 

-Юуны өмнө сонины маань урилгыг хүлээж авсан танд баярлалаа. Манай уншигчдад өөрийгөө товч танилцуулахгүй юу?

-Намайг Лхагвасүрэнгийн Насанцэнгэл гэдэг. Би 1990 онд ЭМШУИС-ийг төгссөн. Улмаар 1990-1997 онд ЭМШУИС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимд багшаар ажилласан. Харин СЭМҮТ-ийн ерөнхий захирлаар 2013 оны тавдугаар сараас томилогдон ажиллаж байна.  

Үүний зэрэгцээ ЭМШУИС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхмийн эрхлэгчийн үүргийг хавсран гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл, энэ салбартаа тасралтгүй 24 жил ажилласан жирийн нэгэн эмч. 

-Сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд тасралтгүй 24 жил зүтгэсэн гэлээ. Энэ чиглэлээр мэргэших хүсэлтэй оюутнууд харьцангуй цөөн байдаг гэж сонссон юм байна. Таны хувьд яагаад энэ амаргүй  мэргэжлийг сонгох болов? 

-ЭМШУИС-ийн V курст сэтгэцийн эрүүл мэндийн хичээл ордог. Тухайн үед бид их сайхан хүнээр хичээл заалгаж, номын дуу сонсох боломж олдсонд одоо ч олзуурхаж, багшаараа бахархаж  явдаг юм. Миний багш бол энэ салбарынхаа бурхан нь хэмээн шүтэгддэг байсан профессор н.Доржжадамбаа. 

Хүний биеийн эрүүл мэнд, нийгэмд эзлэх байр суурь зэрэг олон зүйл сэтгэцээс хамаарч байдаг.

Манай албаны үүсгэн байгуулагч, анхны доктор, СЭМҮТ-ийн захирлын албыг хашч байсан хүн. Нэг удаа багш маань надад оюутны эрдэм шинжилгээний ажил хийх даалгавар өгсөн юм. Миний эрдэм шинжилгээний ажил ЭМШУИС-даа тэргүүлж, их дээд сургуулиудын хэмжээнд хоёрдугаар байр эзэлж байв. 

Дараа нь 1990 онд ЭМШУИС-ийг  төгсөхөд сургуульдаа багшаар үлдэх боломж тохиож байсан юм. Учир нь тухайн үед  онц дүнтэй төгссөн 10 гаруй оюутныг тэнхим бүрт нэг нэгээр нь багшаар хуваарилж байсан нь одоо ч санаанаас гардаггүй. 

Миний хувьд хүүхдийн болон халдвартын тэнхимд багшаар хуваарилагдчихсан байсан чинь нэг өдөр н.Доржжадамбаа багштайгаа сургуулийнхаа гадаа таарлаа. Тэгээд “Чи хаана ажиллаж байна” гэж асуухаар нь “Өө би сургуульдаа багшаар үлдсэн шүү дээ” гэсэн чинь “Чи манай тэнхимд ажилла” гэж байна. 

Тэгэхээр нь би “Тэгсэн ч яах вэ багшаа” гэж хэлчихээд 14 хоног амарчихаад сургуульдаа ирсэн чинь намайг сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимд хуваарилсан байсан. Ингэж би сэтгэцийн эрүүл мэндийн албатай хувь заяагаа холбосноос хойш нэг л мэдэхэд 24 жил өнгөрсөн байна. 

Би ажил, мэргэжилдээ хайртай. Учир нь хүн гэдэг чинь сэтгэлийн амьтан. Тухайн хүний биеийн эрүүл мэнд, нийгэмд эзлэх байр суурь зэрэг олон зүйл сэтгэцээс хамаарч байдаг. Тиймээс ч миний ажил маш онцлог, нарийн сайхан мэргэжил. Би ажлынхаа гарааг маш сайхан эхэлсэн гэж боддог юм. 

Тухайн үед дөрвөн эрэгтэй багштай би ганцаараа нэг тэнхимд ажилладаг байлаа. Тэгэхэд их өвөрмөц, сайхан санагддаг байсан юм. Тухайн үед надтай хамт ажилладаг байсан манай тэнхмийн багш нар маш чадварлаг, эрдэмтэй, өндөр боловсролтой, өвчтнийг өөрөөсөө илүү хайрлаж чаддаг хүмүүс байсан. Одоо ч би тэднээсээ суралцсаар явна. 

-Сэтгэцийн эрүүл мэндийн талаар  иргэдийн мэдлэг, мэдээлэл харьцангуй нимгэн юм шиг санагддаг. Дөнгөж саяхнаас л сэтгэлзүйчийн асуудал яригдаж эхэлж байна?

-Сэтгэцийн эрүүл мэнд бол нийгмийн эрүүл мэндийн хамгийн чухал хэсэг нь. Бусад улс орныг аваад үзэхэд, хэдий хэмжээний хөгжилтэй байна тэр хэрээр  сэтгэцийн эмгэг, стресс байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн улс орны хөгжлийг тодорхойлох нэг хэмжүүр нь сэтгэцийн эрүүл мэнд, түүний талаарх ойлголт байдаг юм. 

Одоогоос хэдэн жилийн өмнө нийгэм сэтгэцийн эмч, эмнэлэг гэхээр зөвхөн  оюуны хомсдолтой, солиоролтой хүмүүст л үйлчилдэг мэтээр ханддаг  байсан. Тэгвэл сүүлийн жилүүдэд энэ хандлага аажим, аажмаар өөрчлөгдөж байна. Стресс, тулгамдсан асуудлын талаар иргэд  маш их мэдээлэл, мэдлэгтэй болжээ. 

Тэр хэрээрээ  сэтгэлзүйчдэд хандах нь ч нэмэгдсэн байна. Ер нь сэтгэцийн хувьд хүнийг эрүүл, тулгамдсан асуудалтай, эмгэгтэй гэж гурав  ангилдаг юм. Сэтгэцийн хувьд эрүүл хүмүүс  нийт хүн амын 72 хувийг эзэлдэг. Харин сэтгэцийн тулгамдсан асуудалтай нь 25 хувийг эзэлдэг гэсэн статистик мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн хувьд ямар нэг тулгамдсан асуудалтай гэсэн үг. 

Сэтгэцийн эмгэг гэхээр зөвхөн солиорол гэж ойлгодог. Тэгвэл үүнээс гадна стресс, биеийн янз бүрийн тайлбарлаж болохгүй зовиур шалтгаан, донтох, сэтгэл гутрал, түгшүүр, айдас  гэх мэтчилэн сэтгэцийн эмгэгүүд олширсон. Улс орон хөгжихийн хэрээр сэтгэцийн эмгэг дагаж өсдөг зүй тогтолтой. Өмнө нь өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад сэтгэцийн эмгэг  6-8 дахин бага байсан  бол сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаа нь нэгийг өгүүлж байгаа хэрэг. 

-Дээр дурьдсан эмгэгүүдээс манайд хамгийн түгээмэл байгаа нь аль нь вэ?

-Донтох эмгэг  өнөөгийн нийгмийн тулгамдсан асуудал болоод байна. Ялангуяа архинд донтох эмгэг. Тухайлбал, 1990 онд намайг сургуулиа төгсөөд сургуульдаа багшаар үлдэж байхад архинд донтох эмгэгтэй өвчтөн бараг байгаагүй гэхэд болно. Гэтэл өнөөдөр архины солиоролтой хүмүүс хэдэн арваараа манайд хандаж байна. 

Архинд донтох эмгэгтэй эмэгтэйчүүд ч ихэссэн.  Гэтэл байдал хэрхэн өөрчлөгдсөн нь  “Нарантуул” захын хойгуур явахад л харагдана. Сүүлийн хэдхэн жилийн дотор архинд донтох эмгэгтэй хүмүүсийн тоо ингэж нэмэгдсэн байна шүү дээ. Үүнээс гадна өмнө нь огт байгаагүй РС тоглоомонд донтох, биеэ үнэлэх, төрх үйлийн зэрэг эмгэгүүд ч ихэсч байгааг дурьдахгүй өнгөрч болохгүй. 

Тиймээс донтох эмгэгүүд жилээс жилд өсөн нэмэгдэж байна гэж хэлэхэд илүүдэхгүй. Үүнээс гадна манай улсад тулгамдаад байгаа өөр нэгэн асуудал бол мансуурах дон. Сүүлийн үед каннабис зэрэг янз бүрийн сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодист донтох хандлага ажиглагдаж байна. Хамгийн аюултай нь мансуурах донтой хүмүүс үргэлж далд, нуугдмал байдаг. Эмнэлэгт хандах нь маш цөөн. 

Хамгийн аюултай нь мансуурах донтой хүмүүс үргэлж далд, нуугдмал байдаг. Эмнэлэгт хандах нь маш цөөн.

Ер нь мансуурах дон нийгэмд аюулын харанга дэлдэж байна. Нийгмээ дагаад шинэ эмгэгүүд нэмэгдсэн. Ер нь улс орон хөгжихийн хэрээр  стрессээс үүдэлтэй сэтгэцийн эмгэгүүд нэмэгдэж байна. Эндээс харахад, Монгол дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад сэтгэцийн эмгэг яг адилхан өсөн нэмэгдэж байгааг анхаарах ёстой. 

Тиймээс ч бид 2013-2014 онуудад сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаа хийсэн. Одоо үр дүнг нэгтгэх шатандаа явж байна.  Энэ оны II,  III улирал гэхэд Монгол Улсын сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгааны үр дүн гарчихна. Анхны судалгаа 1982 онд хийгдсэн байсан. 22 жилийн дараа энэ судалгааг хийсэн гэдгээрээ ач холбогдолтой. 

-Сүүлийн жилүүдэд сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн тоо эрс ихэссэн, тэр дотроо компьютер тоглоомонд донтсон хүүхдүүдийн тоо ч нэмэгдэж байгаа талаар дурьдлаа.  Донтох эмгэгтэй хүмүүсийн тоо яагаад ихсэх болов?

-СЭМҮТ-д хандаж байгаа хүүхдүүдийн дотор компьютер тоглоомд донтох эмгэгтэй хүүхдүүдийн тоо олширсон. Жилдээ цөөхөн хүүхэд СЭМҮТ-д ханддаг  байсан бол одоо 20-30 хүүхэд  тусламж, үйлчилгээ авдаг болсон. Үүнд олон зүйл нөлөөлж байна. Хамгийн түрүүнд эцэг эх, хүүхдийн харилцаа. Хүүхэддээ хэр анхаарал хандуулж байгаагаас их зүйл хамаарч байгаа. 

Дараа нь тухайн  хүүхдийн чөлөөт цагаа өнгөрүүлдэг газрууд ямар байна вэ, нийгмийн бодлого хэрхэн явж байна вэ гэдгээс хамаарна. Сүүлийн үед компьютер тоглоомын газрууд олширсон. Хүүхдүүд тэнд ихэнх цагаа өнгөрүүлж байна. Мөн найзуудынх нь болон бусдын  нөлөөлөл ч байна. 

Гэртээ хүртэл компьютер тоглож байгаад донтчихсон хүүхэд ч  бий. Тэгэхээр бид өнөөдөр мэдээллийн зуунд амьдарч байна гэдэг. Нийгмийн асар хурдацтай энэ хөгжил нэг талаараа сайн ч нөгөөтэйгүүр сөрөг нөлөө ихтэй. Мэдээллийн хурд иргэдийг стресстүүлж, техник технологийн дэвшил хүн хоорондын амьд харилцааг үгүй хийж байгаа юм шиг санагддаг.

-Хүүхдүүдэд илэрдэг шинж тэмдгүүдийг эцэг, эхчүүд сайн ажиглах хэрэгтэй болов уу. Ер нь донтсон тохиолдолд ямар шинж тэмдэг илрэх вэ?

 -Хүүхдүүд ядарч, нойргүйддэг. Түүнчлэн тоглоомоо тоглохын тулд уур уцаартай, тайван бус болж байна. Сэтгэн бодох чадвар, анхаарал нь сарниж, хичээлдээ муудах, хичээлээ тасалдаг. Гэрийн даалгавараа хийхээ больдог.  Компьютер тоглох мөнгө олохын тулд худлаа ярих,  ямар нэг зүйлийг зарж, үрээд ч хамаагүй тоглож байна. 

Хүүхдүүд уг нь хичээлээ хийгээд, дараа нь чөлөөт цагаараа тоглох, эсвэл өөр бусад зүйлд цагаа зарцуулах ёстой. Гэтэл үүнийгээ болиод, зөвхөн компьютер тоглож байгаа юм. Үүнээс үүдэлтэй хүүхдэд маш их сөрөг нөлөө үзүүлдэг. Наад зах нь биеийн зовиур, шаналгаа, витамины дутагдалд орох, бүр цаашилбал, тураалд орчихсон хүүхэд хүртэл байна. 

Эцэг, эхчүүд РС тоглохыг нь хааж боох, хязгаарлах хэрэггүй. Харин мэргэжлийн эмчид хандаж, зөвлөгөө аваад, сэтгэл зүйн эмчилгээ авах ёстой.

Харин эдгэрэхийн  хувьд эцэг эх, эмч нар хамтарч байж үр дүнд хүрнэ. Түүнээс биш зөвхөн  эмч нар эмчлээд  үр дүнд хүрэхгүй л дээ. Яагаад гэвэл эмч нар эмчлээд, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлээд, сургалт хийгээд гаргадаг. Харин гэртээ гарсны дараа  эцэг, эхчүүд эмчилгээг үргэлжлүүлж, батжуулахад  хамтарч ажиллах хэрэгтэй. 

Тэгэхээр үр дүнгийн хувьд яаж ажиллах вэ, тэр хүүхэд хэр зэрэг хүлээж авч байна вэ гэдгээс их хамааралтай. Гэхдээ эцэг, эхчүүд РС тоглохыг нь хааж боох, хязгаарлах хэрэггүй. Харин мэргэжлийн эмчид хандаж, зөвлөгөө аваад, сэтгэл зүйн эмчилгээ авах ёстой. Түүний  дараа хүүхэд өөрөө ойлгоод болино уу гэхээс биш албадан шахаад, хааж боогоод үр дүнд хүрэхгүй гэдгийг эцэг, эхчүүд, томчууд ойлгох шаардлагатай байгаа юм.  

-Үүнээс гадна архинд донтох эмгэг манай улсын хувьд тулгамдсан асуудал болоод байгаа талаар та дурьдсан. Архинд донтох эмгэг бүрэн эмчлэгдэхгүй учраас наркологийн төвд хандах хэрэггүй гэсэн яриа иргэдийн дунд байдаг юм билээ. Сэтгэцийн эмч хүний хувьд та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Манайд хандаж байгаа архинд донтох эмгэгтэй хүмүүсийн дийлэнх нь 2-3 дугаар шатандаа орчихсон байдаг. Өөрөөр хэлбэл, тэд асуудал хүндэрсний дараа эмчид хандаж байна. Тэгвэл  эрүүл мэндийн систем урьдчилан сэргийлэхэд анхаарлаа хандуулж, тэр зүг рүү  зүглэж байна. 

Тиймээс ч хэрэв та ямар нэгэн байдлаар архины хамааралтай болсон бол аль болох эрт мэргэжлийн эмчид хандах шаардлагатай. Хэтрүүлэн хэрэглэгчийнхээ төвшинд засал авах магадлал маш бага. Тэгэхээр хугацаа алдахгүй бидэнд хандах хэрэгтэй. Эмнэлгийн тусламж авсан хүн хэзээд хожиж байдаг. 

Аль болох эрт хандана, тэр хэрээрээ эдгэрэх магадлал өндөр. Донтох эмгэгийг эмчлэхэд маш олон жилийн хүч хөдөлмөр, тууштай эмчилгээ хэрэгтэй. Гэтэл иргэд 10 хоног эмнэлэгт хэвтээд архинд донтох эмгэгээс ангижирчихлаа  гэж үздэг. Тэгвэл үгүй шүү гэж хэлмээр байна. 

Учир нь эхний 14 хоногт тухайн хүний хордлого тайлагддаг. Тухайн өвчтөн зөвхөн ойр зуурын сэтгэл зүйн зөвлөгөө аваад гарч байгаа болохоос биш дараагийн  шатны бүх эмчилгээ хийгдээгүй байдаг. Тиймээс эмнэлгээс гарсан хойноо ч эмчилгээг үргэлжлүүлэх ёстой. 

Гэр бүл, эмч нарын хамтын ажиллагаа гэдгийг дахиад л давтмаар байна. Хэдийгээр  бид архинд донтох эмгэгийг бүрэн эмчлэх зорилттой ажиллаж байгаа боловч энэ асуудал зөвхөн эмч, эмнэлгээс шалтгаалахгүй гэдгийг л иргэд сайн ойлгох хэрэгтэй. 

Монголчууд гайгүй болохоороо эмээ уухаа болиод эмчид хандахаа мартчихдаг. Гэтэл архинд донтох бол насан туршийн эмгэг гэж ойлгох хэрэгтэй. Байнга тархинд нь түгшүүрийн гал асч байгаа. Тэгэхээр сэтгэцийн эмч, сэтгэл зүйчтэйгээ холбоотой байх ёстой. Хэрвээ та өөрийгөө архинд донтох эмгэгтэй болсон гэж үзэж байгаа бол эхлээд дүүргийн эмнэлгүүдэд хандах хэрэгтэй. 

СЭМҮТ-ийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор, дэд профессор, ЭМШУИС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхмийн эрхлэгч Л.Насанцэнгэл

Тэнд танаас тестээр сорил авна. Улмаар аль шатанд байгааг чинь тодорхойлох юм. Харамсалтай нь хэн ч өөрийгөө архичин гэж боддоггүйд асуудлын гол нь байна. Бид хүмүүсээс асуудаг. Гэтэл ихэвчлэн 13-14 насандаа анх архи амсч үзсэн гэж хариулдаг юм. Хэзээ архийг амсч үзсэнээр архины түүх эхэлдэг, энэ нь насан туршийн эмгэг болдог юм шүү. 

Хэзээ архийг амсч үзсэнээр архины түүх эхэлдэг, энэ нь насан туршийн эмгэг болдог юм шүү. 

-Тэгэхээр эрчүүд донтох эмгэгт өртөх магадлал их гэж ойлгож болох уу. РС тоглоом ч тэр архины хувьд ч эрчүүд ихэвчлэн донтдог шүү дээ? 

-Оюуны хомсдол зэрэг сэтгэцийн эмгэгүүдийн хувьд авч үзэхээр хүйсийн хувьд ялгаагүй байдаг юм. Харин донтох эмгэгүүдийг авч үзвэл эрчүүд илүү өвчилсөн байдаг. Тухайлбал, архи, тамхинд донтох эмгэгээр ихэвчлэн эрчүүд өвчилсөн байгаа. Ганцхан жишээ дурдая. 

Архинд донтох эмгэгтэй хүмүүс нийт хүн амын 13 хувийг эзэлдэг гэсэн судалгаа бий. Насанд хүрсэн хүн амын 51 хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэгч, үүний найман хувийг эмэгтэйчүүд эзэлж байгааг тогтоосон байгаа. Тэгэхээр үлдсэн 40 гаруй хувь нь эрчүүд байгаа биз. 

СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа нийт өвчтнүүдийн 90 гаруй хувь нь эрчүүд. Эрчүүдийн архинд донтох эмгэг нийгмийн бас нэгэн тулгамдсан асуудал болоод байна. Энэ нь олон зүйлд нөлөөлж байгаа юм. Тухайлбал, архинаас үүдэж эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс есөн насаар  бага байна. Дундаж наслалтад асар их нөлөөлж байгаа юм. 

Мөн төрх үйлийн болон РС тоглоомонд донтох эмгэгүүдийг харахаар ихэвчлэн өсвөр насны хөвгүүд өвчилсөн байдаг. Амиа хорлох тохиолдлын тухайд эрчүүд эмэгтэйчүүдээс долоо дахин илүү байна. Эндээс харахад, эрчүүдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалд амиа хорлох болон архинд донтох эмгэг байгаа юм. Эрчүүдийн сэтгэлзүйн онцлог гэж байна. 

Тэд стрессээ гадагшлуулахгүй, “Би эр хүн учраас бүхнийг даваад гарах чадвартай” гэж үздэг, илүү дотогшоогоо. Гэтэл энэ бүхэн хамгийн буруу. Тэд адилхан хүн шүү дээ. Тиймээс ч бид “Эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих өдөр”-ийн хүрээнд хоёр дахь жилдээ арга хэмжээ зохион байгуулсан. 

Энэ сарын 18-ны өдөр бид нийт эмч ажиллагсдынхаа нөхрүүд болон харъяа дүүргийнхээ эрчүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө өгсөн. Эрчүүддээ зориулж архи, тамхинаас гарах зэрэг сургалт зохион байгуулах зэргээр өдөржин завгүй ажилласан. 

-Тэгэхээр хүүхдийн хүмүүжил, хүрээлэн буй орчин донтох эмгэгтэй салшгүй холбоотой гэж ойлгож болох уу?

-Би сүүлийн жилүүдэд хүүхдийн эрүүл сэтгэц, сэтгэхүйн онцлог, сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол, суурийн талаар ярих дуртай болоод байна. Хүүхдийн хүмүүжил аливаа зүйлийн үндэс суурь болдог гэдгийг эцэг, эхчүүд анхаараасай гэж хүсдэг. Хар багаас нь, нялхаас нь эхлээд эцэг эх, хүүхэдтэйгээ ярьдаг байх хэрэгтэй. 

Ярьдаг, тоглодог, хүүхдээ  сайн сонсдог байж,  илүү нээлттэй, өөрийгөө илэрхийлж чаддаг, зөв хүн  болгон төлөвшүүлэх  ёстой. Харамсалтай нь эцэг, эхчүүд хүүхэддээ цаг зарцуулахгүй, огт харилцахгүй байна.  Жишээлбэл, хүүхдээ ирэхэд нь “Багш чинь яасан, хичээлээ хийсэн үү” гэж байгаагаа харилцаж байна гэж боддог. Гэтэл энэ нь төгс харилцаа биш л дээ.  

Хар багаас нь, нялхаас нь эхлээд эцэг эх, хүүхэдтэйгээ ярьдаг байх хэрэгтэй. 

Тиймээс хүүхэддээ тодорхой хэмжээгээр цаг гаргаад, ярилцдаг, зөв бие хүн болж төлөвшихөд нь нөлөөлдөг л байх хэрэгтэй. Хүүхдүүдэд өөрийнхөөрөө байх гэсэн эрмэлзэл байгаа шүү дээ. Гэтэл түүнийг нь шүүмжлээд л, тэгэх ёстой, ингэх хэрэггүй гээд зааварлаад байвал тэр хүүхэд ярихаа больчихдог. 

Тийм учраас хүүхдийг өөрөөр нь бүхнийг хийлгэж, өөрөөр нь байлгах тэр боломжийг л нээж өгдөг байх хэрэгтэй. Хүүхэд их ярих тусмаа өөрийнхөө хийсэн үйлдэлд дүн, шинжилгээ хийж, өөрөө зөв хүмүүжинэ. Түүнээс гадна хоёр нас хүртлээ хөхөө хөхсөн хүүхэд хэл амны эвдрэлгүй болно гэж үздэг. Хэл амны эвдрэлгүй гэдэг нь хөхөө хөхдөггүй хүүхэд угжаа хөхөж байж тайвширдаг шүү дээ. 

Гэтэл том болсон хойноо ч энэ зуршил нь алдагдахгүй угжныхаа оронд архи ууж, тамхи татах зэргээр сэтгэлээ тайвшруулдаг. Энэ нь буруу зан үйл болж хувираад донтох эмгэгийг эхлэл болдог юм. Тиймээс хүүхдээ чин сэтгэлээсээ хайрлаж, хөхөө хөхүүлж байх нь чухал ач холбогдолтой. 

Үүнээс гадна гэр бүлийн элэг бүтэн байдал маш их нөлөөлдөг. Хүүхэд эцэг, эхтэйгээ хамтдаа өсөх ёстой. Гэтэл өрөөсгөл гэр бүлийн хэлбэр нь тухайн хүүхдийн сэтгэцэд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. ЕБС-д эрүүл мэндийн хичээл гэж ордог. Түүнд сэтгэцийн эрүүл мэндийн бүлэг байгаа. Цэцэрлэг, сургуульд аль болох энэ чиглэлээр түлхүү хичээл ороосой гэж хүсдэг юм. 

-Танай эмнэлгийн тусламж үйлчилгээ хэр хүртээмжтэй байдаг вэ. Үүнээс гадна  хөдөө орон нутагт сэтгэцийн эрүүл мэндийн алба хэрхэн хүрч ажиллаж байна вэ?

-СЭМҮТ бол гурав дахь шатлалын лавлагаа төв. 21 аймаг бүх дүүргээс сэтгэцийн эмгэгтэй хүмүүст үйлчилдэг. Тэдэнд зөвлөгөө өгдөг, оношилдог. Гэхдээ сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гурван шатлалаар явдаг. Анхны тусламжийг өрхийн буюу сумын эмнэлгүүдэд ажиллаж байгаа мэргэжлийн эмч нар үзүүлдэг. Наад захын тусламж үйлчилгээг үзүүлдэг. 

Хоёрдугаар шатлалд аймгийн буюу дүүргийн эмнэлгийн эмч нар хамаарна.  Бүх дүүргийн эмнэлгүүд сэтгэцийн болон наркологийн эмчтэй. Тэгэхээр иргэд тэндээс тусламж, үйлчилгээ авах бүрэн боломжтой гэсэн үг. Үүний дараа гурав дахь шатлалаас зайлшгүй тусламж,  үйлчилгээ авах шаардлагатай гэсэн тохиолдолд СЭМҮТ-д ханддаг. 

Өөрөөр хэлбэл, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ улсын хэмжээнд тогтолцоотой байдаг гэж ойлгож болно. Харин СЭМҮТ-өөс тусламж, үйлчилгээ авсан иргэдийг буцаагаад I болон  II шатлалын эмнэлгийн хяналтад байлгах зэргээр эргэх холбоотой ажилладаг юм. 

Дашрамд дурьдахад, сэтгэцийн эрүүл мэндийн алба  1929 онд байгуулагдсанаасаа хойш эдүгээ 85 дахь жилтэйгээ золгож байна. Энэ оны арваннэгдүгээр сард сэтгэцийн эрүүл мэндийн алба үүсгэн байгуулагдсаны 85 жилийн ой тохиох юм. СЭМҮТ нь жилдээ 40 гаруй мянган хүнд амбулторийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг жилдээ 6000 орчим хүнд үзүүлдэг байгаа. 

Амбулториор үйлчлүүлж байгаа 40 гаруй мянган иргэний 7000 орчим нь архинд донтох эмгэгтэй байдаг. Үлдсэн нь сэтгэцийн бусад төрлийн эмгэгтэй хүмүүс байгаа. Хэвтүүлэн эмчлүүлэх тусламж авч байгаа 6000 иргэний 1000 гаруй нь архинд донтох эмгэгтэй байдаг. 

Манайх одоогоор 450 орчим ор, амбулторитой, нөхөн сэргээх төвт, физик эмчилгээ бусад лаборатори, 447 эмч ажиллагсад үүн дотроо  80 орчим сэтгэцийн эмч, 10 нийгмийн ажилтан, зургаан сэтгэлзүйч, 100 гаруй сэтгэцийн сувилагчтайгаар  өргөн бүрэлдэхүүнтэй алба байгаа. 

Түүнчлэн СЭМҮТ нь 20 орчим тасаг нэгжтэй. Тухайлбал, улсын хэмжээнд сэтгэцийн эмгэгтэй, тулгамдсан асуудалтай хүүхдүүдэд зориулагдсан 25 ортой тасаг бий. Энэ тасагт жилдээ  20-30  донтох эмгэгтэй хүүхэд хэвтэж, эмчлүүлж байна.

-СЭМҮТ-ийн барилгын асуудал хэл ам дагуулсаар байгаа. Шинэ цогцолборын барилга ашиглалтад орсон уу? 

-Үүнд Засгийн газар болон ЭМЯ анхаарч ажиллаж байгаа. Тухайлбал, өнгөрсөн оны долдугаар сарын 5-нд 220 ортой  шинэ цогцолбор ашиглалтад орсон. Энэ цогцолбортоо архаг ядаргаатай, нойргүйдэх эмгэгтэй, стресстэй өвчтнүүдээ хэвтүүлж эмчилнэ. Мөн архинд донтох эмгэгийн тасаг бий. 

Үүнээс гадна сэтгэл гутрал, донтох эмгэгтэй хүүхдүүдийг эмчлэхээр төлөвлөөд ажиллаж байна. Түүнчлэн секс эмгэг, тамхинаас гаргах, сэтгэл заслын, нөхөн сэргээх өрөөнүүдийг нэмэхээр төлөвлөсөн. Ингэснээрээ тусламж, үйлчилгээ илүү хүртээмжтэй болох юм. 

Мөн зарим оюуны хомсдолтой өвчтнүүдийнхээ картыг дүүргийн эмнэлгүүд рүү шилжүүлнэ. Өнгөрсөн онд СЭМҮТ маш амжилттай ажилласан. Эрдэм шинжилгээний төв гэдэг утгаараа маш сайн ажилласан байгаа. Австрали улстай хамтарсан судалгааг эхлүүлсэн. 

Хамгийн том судалгаа бол зонхилон тохиолдох эмгэгийн тархалтын судалгаа байгаа. Мөн Үндэсний аюулгүй байдлын ажлын албаны захиалгаар цус ойртолтын судалгааг хийж байна. Хүүхдийн сэтгэцийн эмгэгийн болон төрх үйлийн эмгэгийн тархалтын судалгаа явагдаж байгаа. Судалгааны хувьд маш сайн ажилласан. Сургалтын хувьд  ч ялгаагүй сайн ажилласан гэж дүгнэх байна. 

СЭМҮТ төгсөлтийн дараах сургалтыг зохион байгуулдаг. Өнгөрсөн онд 18 эмч, мэргэжилтэн төгсгөсөн. Харин энэ  онд 20 орчим эмч, мэргэжилтэн төгсгөсөн. Найман сувилагчийг сэтгэц, наркологиор мэргэшүүлээд хоёр хоногийн өмнө дипломыг нь олголоо. Мөн хөдөө орон нутгийн эмч, сувилагч нарыг сургалтад хамруулж, мэргэшүүлэх талаар анхаарч ажиллаж байна. 

Өөрөөр хэлбэл, орон нутгийг сэтгэцийн эмч, сувилагчаар хангаж ажиллахад анхаарч байгаа хэрэг. Мөн орон нутгийн нийгмийн ажилтнуудын дунд сэтгэц, нийгмийн чиглэлээр сургалтыг бүтэн сарын турш зохион байгуулсан. Түүнчлэн  2013 онд дотоод нөөц бололцоог дайчилж, ОХУ-ын Москва хотод эмч нараа  мэргэжил дээшлүүлэх институтэд сексийн эмгэг судлал, сэтгэл засал, хүүхдийн чиглэлээр сургалтад хамруулсан. 

Ингэснээр өнгөрсөн онд нийтдээ найман эмч, мэргэжилтэн сургалтад хамрагдсан. 2014 оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд хүүхдийн болон өсвөр үеийнхэнд зориулсан тасгийг шинээр нээсэн. Төрөлжсөн тусгай мэргэжлийн төвд нэг өвчтөнд ногдох талбай долоон м/кв байхаар олон улсын стандартад тусгасан. Шинэ цогцолбор ашиглалтад орсноор энэ стандартад ойртож очсон гэж үзэж байгаа. 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлУУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар хуулийн төслүүд өргөн барилаа
Дараагийн нийтлэл Өмгөөллийн тухай, Гэрээ соёрхон батлах тухай, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа