Нүүр хуудас Мэдээ ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр: Болсонд явдалд өөрсдийгөө зөвтгөхгүй. Ёс зүйн хувьд хариуцлага хүлээж, ажлаа өгнө.

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр: Болсонд явдалд өөрсдийгөө зөвтгөхгүй. Ёс зүйн хувьд хариуцлага хүлээж, ажлаа өгнө.

Tugmn
Tugmn, TUG.MN

ЭХЭМҮТ буюу Эх нялхсын эмнэлгийн гадаа таксинд нэгэн эх амаржсан талаарх мэдээлэл цахим ертөнцөд тархсан билээ. Үүнтэй холбоотойгоор ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр үүссэн үйл явдалд хариуцлага хүлээн ажлаа өгч байгаа талаараа хэвлэлд мэдээлэл хийлээ.

ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр “Юуны өмнө таагүй үйл явдал тохиолдсонд харамсаж байна. Болсон үйл явдлыг та бүхэн мэдэж байгаа. Болсонд явдалд өөрсдийгөө зөвтгөхгүй. Ёс зүйн хувьд хариуцлага хүлээж, ажлаа өгнө. Эмнэлгийн тусламж үйлчилгээнд байнгын дотоод хяналт тавьж байдаг. ЭМЯ болон хяналтын хорооныхон тухайн үед ажиллаж байсан эмч, мэргэжилтнүүдтэй уулзаад сая ирлээ. Тухайн эх бол өөрийнхөө тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүсэхгүй байгаа. 26 настай, анхны төрөлт. Эмэгтэйн төрөх үйл явц өдрөөс эхэлсэн юм шиг байгаа юм. ЭХЭМҮТ-д очвол өөрийг нь хүлээж авах байх гэж бодоод такси хөлсөлж очсон байгаа юм. Манай эмнэлэг төрөх эхчүүд болон хүүхдийг хүлээж авдаг хоёр яаралтай хүлээн авах газартай. Тухайн эх таксины жолоочтой хамт хүүхдийн хүлээн авахад орж ирээд төрөхийн хүлээн авах хаана байдгийг асуусан. Ингээд гараад явах замдаа төрөлт явагдаж, эргээд ойрхон байсан хүүхдийн хүлээн авахад орж яаралтай тусламж авсан. Тухайн хүний эрүүл мэндийн нууц учраас зарим мэдээллийг өгөх боломжгүй байна. Ерөнхийдөө эх хүүхдийн биеийн байдал тогтвортой байгаа” гэсэн тайлбарыг өглөө.

ЭМЯ-ны ТЗУГ-ын дарга Б.Цогтбаатар “Хариуцлагын асуудал яригдаж байгаа. Ёс зүйн алдаа дутагдал гаргасан нь тогтоогдсон тохиолдол хариуцлагын асуудал яригддаг. Гэхдээ хариуцлагаас өмнө үнэн бодит байдлыг тогтоох ёстой. Нэгдүгээрт үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлж буй иргэн хохирох ёсгүй. Нөгөө талаас буруу ташаа мэдээллээс шалтгаалаад эмнэлгийн ажилтан бас шийтгүүлж болохгүй. Албаныханд тухайн ээжтэй уулзаж ярилцсан эмнэлгийн ажилтнуудаас харилцааны таагүй хандлага гарсан, загнуулсан ч гэх юм уу авир хүлээж аваагүйгээ хэлсэн. Тухайн эх жирэмсний хяналтад ороогүй байсан. Энэ тохиолдлоос бид жирэмсэн эхчүүдийг хяналтад оруулах асуудалд алдаа дутагдал гарч байгааг мэдлээ. Мөн эмнэлгийн, үйлчилгээний байгууллагын хаягжилтыг тодорхой болгох шаардлага байгаа нь бас харагдлаа” гэв.

Мөн тэрээр амаржих газрын ор болон нөхцөл байдлыг хэлэхдээ "Сошиал орчинд манай эмнэлгийн орыг шүүмжлэн "Аавуудын групп" хандивын данс үүсгээд байгаа гэж дуулсан. Энэ тал дээр бол тэгэх ямар ч шаардлага байхгүй. Эмнэлгийн маань ор Герман улсаас орж ирсэн, эх амаржихад хангалттай тухтай орчин бүрдүүлсэн гэдгийг хэлмээр байна" гэв.