Нүүр хуудас Мэдээ Ерөнхийлөгч Х.Баттулгыг огцруулах асуудлыг Үндсэн хуулийн цэц хянаж байна

Ерөнхийлөгч Х.Баттулгыг огцруулах асуудлыг Үндсэн хуулийн цэц хянаж байна

Tugmn
Tugmn, TUG.MN

Монгол Улсад болж байгаа эх захгүй маргаан будлиан, жагсаал цуглааны  эх үндэс 2018.10.27-ны өдрийн Ерөнхийлөгч Х.Баттулгын Үндсэн хуулийн 22.2 дахь хэсэгт “Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзвэл Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно” гэж заасныг үндэслэн УИХ-д их өөрөө тарахыг шахсан шийдвэрээ хүргүүлснээс эхэлсэн. Тэр өдрөөс хойш МАН-ын дотор “Хэн нь илүү шударга баатар болох вэ” гэдэг тэмцэл өрнөж, үний уршгаар УИХ хуралдаж чадахгүйд хүрээд байгаа юм. Тиймээс улс төрийн байдлыг дордуулаад байгаа Ерөнхийлөгч Х.Баттулгыг огцрох асуудлыг Үндсэн хуулийн цэцэд хянуулахаар мэдээлэл гаргасан. Тэгвэл тус мэдээллийг бүрэн эхээр нь уншигчиддаа хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД
МЭДЭЭЛЭЛ ГАРГАХ НЬ.
2018.11.15
Миний бие нь Монгол Улсын Үндсэн хууль /МУҮХ/-ийн 14.1, 16.12 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль /МУҮХЦТХ/-ийн 9.1, 8.2.2 дах хэсэгт заасныг баримтлан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын гаргасан шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянуулж, дүгнэлт гаргуулахаар хандаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нь 2018.10.29-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн 22.2 дах хэсэгт зааснаар УИХ-ын дарга М.Энхболдод “..Монгол Улсын Их Хурал өөрөө тарах шийдвэр гаргахыг...” их хуралд санал болгосон гэх зөвшилцөх гэсэн нэртэй шийдвэрийг гаргаж хүргүүлэн, Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хууль (МУЕТХ)-ийн 12.11 дэх хэсгийг баримтлан Улсын их хурлаар хэлэлцүүлсэн.
Ерөнхийлөгчийн уг шийдвэр нь МУҮХ-ийн 1.2, 3.1, 3.2, 4.1, 11.1, 20-р зүйл, 23.1, 25.1.1-25.1.18, 30.1, 35.1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль (МУЕТХ)-ийн 3.1, Монгол Улсын Их хурлын тухай хууль (МУИТХ)-ийн 1.1, 4.1 дэх хэсгийн зөрчлүүдийг үүсгэнэ.
Ерөнхийлөгч нь МУҮХ-ийн 30.1, МУЕТХ-ийн 3.1 дэх хэсэгт заагдсан субъектийн хувьд Үндсэн хуулийн 22.2 дах хэсгийг хэрэглэхийн өмнө МУЕТХ-ийн 3.2, 3.3, 12.5-12.10 дах хэсэгт заагдсан эрхээ хэрэгжүүлсэний эцэст МУИХТХ-ийн 31.1.1 дэх хэсгийн үр дагварыг хүсч, саналаа гаргасан эсэхийг анхаарах нь зүйтэй юм. Учир нь МУҮХ-ийн 35.1, МУЕТХ-ийн 7.1 дэх хэсэгт зааснаар Ерөнхийлөгч институцын хувьд УИХ-аас хамаарал бүхий, түүнд ажлаа хариуцдаг этгээдэд тооцогдоно.
МУҮХ-ийн 22.2 дахь хэсэгт “Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно...” гэсэн.
Үндсэн хуулийн 22.2 дахь хэсгийн гол объектив шинж болох “..Улсын их хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж...” гэснийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга буруу ойлгосны улмаас хууль буруу тайлбарлан хэрэглэж, үндсэн хуулийн хэм хэмжээний хоорондын хамааралтай байдлаар зөв ойлгогдон хэрэглэгдэх хууль хэрэглээний хэвийн нөхцлийг алдагдуулсан байна. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн зүйл заалтыг буруу ойлгон түүнд нийцүүлэн гаргасан салбар хуулийг хэрэглэх нь бусад хуулийн хэм хэмжээ зөрчигдөх, үзэл санааг алдагдуулах, эрхийн хохирол, хуулийн зөрчил үүсгэхэд хүргэдэг. Үндсэн хуулийн 22.2 дах хэсгийг хэрэглэхдээ субъектүүдийн үйлдсэн гэмт хэрэг, зөрчлийн хэв шинж, үйлдэл эс үйлдэхүйг түний гол шинж бүрдсэн мэтээр тайлбарлах нь үндсэн хуулийн ерөнхий зохицуулалтийн бодлогыг алдагдуулахад чиглэгдэнэ. Үндсэн хуулийн 22.2 дахь хэсгийг хэрэглэхийн тулд Үндсэн хуулийн 25-р зүйлд заагдсан байгаа Их хурлын бүрэн эрх хэрэгжих боломжгүй болсон эсэхийг анхаарна. Бүрэн эрх хэрэгжих боломжгүй нөхцөл байдал бодитойгоор үүссэн эсэх, түүний шалтгаант холбоо, үйл баримт, жишээ, нотолгоо, мэргэжлийн байгууллагын дүгнэлт, шийдвэр, бүрэн эрх хэрэгжиж чадахгүй байгаагаас болж үүссэн эерэг болон сөрөг үр дагаварыг сайтар нягтлан үзсэний эцэст Үндсэн хуулийн 22.2 дах заалтыг хэрэглэх боломж сая бүрдэнэ.
Улсын Их хурал МУИХТХ-ийн 32.1 дэх хэсэгт “ Улсын Их Хурал хууль тогтоох бүрэн эрхээ гагцхүү чуулганаар хэрэгжүүлэх бөгөөд...” гэсэнтэй нийцүүлэн бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. Чуулган хуралдах боломжгүй болсноос хууль тогтоох эрх мэдэл алдагдах нь тодорхой болсон нөхцөлд хуулийн дээрх заалтыг ерөнхийлөгч хэрэглэх нь зохимжтой бөгөөд үндсэн хуулийн үзэл баримтлалд мөн нийцэх юм. МУҮХ-ийн 22.2 дахь хэсгийг хэрэглэх тохиолдолд хуулийн 25-р зүйл, түүнтэй уялдуулан гаргасан МУИХТХ-ийн 32.1, 33.1 дэх хэсгүүд зөрчигдсөн эсэхийг анхаарах нь зүйтэй. Гэтэл эдгээр хуулиуд хэрэгжихгүй байгаа байдал тогтоогдоогүй байхад Ерөнхийлөгч дээрх саналыг МУҮХ-ийн 20.1 дэх хэсэгт заагдсан байгууллагад хүргүүлж байгаа нь өөрийн субъектив хандлагаар төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг булааж авахаар завдсан буюу МУҮХ-ийн 3.2 дах хэсгийн зөрчлийг үүсгэсэн гэж ойлгоход хүргэж байна.
Үндсэн хуулийн 22.2 дах хэсгийг хэрэглэхийг шаардсан ерөнхийлөгчийн үйлдэл нь МУҮХ-ийн 4.1 дэх хэсэгт “..Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна.” мөн хуулийн 11.1 “Эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөн” гэсэн хуулийн заалтуудын үзэл баримтлал алдагдах, заавал биелэгдэх үүргийн харилцааны зөрчил үүсгэнэ.
Ерөнхийлөгч нь “..УИХ-ын гишүүд албан тушаалаа ашиглан, нөлөөлөх байдлаар зээл авсан...ард түмний амьдрал доройтож байгаа...энэ нь их хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэхэд хүргэнэ...” гэсэн утгатай үндэслэлийг бий болгож Их хурлыг тараах шийдвэр гаргасан. Энэ үйлдэл нь Монгол Улсын ард түмнийг талцуулах, эмх замбараагүй байдал үүсгэх, төрийн тогтворгүй байдал, үндэсний язгуур эрх ашгийн илэрхийлэлийн аюулгүй байдлыг алдагдуулахад чиглэгдсэн хортой үр дагаврыг бий болгож байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт байгаа “..их хурлын гишүүн зээл авах явцдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан..” гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.1-р зүйлд заагдсан албан тушаалын гэмт хэргээр шалгаж, гэм буруутай байдал тогтоогдвол Үндсэн хуулийн 29.3 дах хэсэгт заасантай нийцүүлэн баталсан МУИХТХ-ийн 6.6.6, 6.11 дэх хэсгийн заалтаар шийдвэрлэж, нөхөн сонгууль зарлагдах нөхцөл үүсэхээр хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл үйлдсэн гэмт хэргийн хэв шинжээс хамаарч хариуцлага, үр дагаврын тогтолцооны эрх зүйн үйлчлэл өөрчлөгдөнө. Гишүүн үйлдсэн гэм буруутай үйлдэл нь төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй байхаар тусгасан. Хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглосон байна.
МУҮХ-ийн 30.1, МУЕТХ-ийн 3.1 дэх хэсэгт “Ерөнхийлөгч...Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэж заасан. Үндсэн хуулийн 22.2 дахь хэсгийн заалтыг буруу ойлгон хэрэглэх нь мөн хуулийн 3.1, 23.1 дэх хэсэгт хамгаалагдсан объектив эрхийг хохирооход хүргэдэг юм.
Ерөнхийлөгчийн энэхүү шийдвэр нь үндсэн хуулийн 1.2, 3.1, 3.2, 23.1, 30.2 дах хэсгүүдийн зөрчлийг үүсгэсэн, ард түмний мэдэлд халдсан гэж үзэхэд хүргэнэ.
МУҮХ-ийн 3-р зүйлийн 1. “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан. Энэ нь Үндсэн хуулийн 23.1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.” гэсэнтэй холбон тайлбарлагдсанаар Монголын ард түмний эрх мэдэл буюу төрийн эрх мэдлийн талаарх үндсэн хуулийн ойлголт нэг мөр бүрдэнэ. Монгол Улсад төрийн эрх мэдлийг Улсын их хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, шүүх хэрэгжүүлдэг. Төрийн эрх мэдэл гэдэг нь засгийн эрх гэсэн ойлголттой ижил юм.
Үндсэн хуулийн 3.2-т заасанчлан “төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэсэн. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэдэг нь хууль тогтоомжийн дагуу төрийн эрх барьж байгаа байгууллагаас засгийн эрх мэдлийг тодорхой этгээд /Ерөнхийлөгч/ хүчирхийлэлийн болон хуурамч арга хэрэглэн булаан авах буюу эрхийг шилжүүлэх тухай ойлголт юм. Шийдвэр гаргах замаар их хурлыг тараах гэж оролдсон үйлдэл нь хуурамч арга буюу хуулийг зориуд буруу тайлбарлан хэрэглэх аргаар эрх барьж буй хүчинд үзэл бодлоо тулган хүлээлгэж, төрийг бусниулах гэсэн байдлаар илэрсэн гэж үзнэ. Ерөнхийлөгчийн шийдвэр нь засгийн эрх мэдлийг хууль бусаар өөртөө шилжүүлэх субъектив санаархал буюу үндсэн хуулийн бус аргад тооцогдоно. “Хууль бусаар” гэдэг нь төрийн эрх мэдэл, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон хуулийн заалтыг зөрчихөөр тохиролцсон тухай ойлголт юм. Х.Баттулгын энэхүү санал нь төрийн дээд байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэгдсэн тул Үндсэн хуулийн 3.2 дахь хэсгийн зөрчлийг бий болгосон гэж үзэхэд хүргэнэ.
Үндсэн хуулийн 1.2-т “...Үндэсний эв нэгдлийг хангах нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн байдаг нь төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагууд тэгш байдлын зарчмыг хангаж, хэрэгжүүлснээр үндэсний эв нэгдлийг хангах зарчим хэрэгжинэ гэсэн үг юм. Ерөнхийлөгчийн санал гэх шийдвэр нь хууль зөв хэрэглээгүйгээс тэгш байдлыг алдагдуулсан, өөрт давуу эрх мэдэл бий болгох гэснээрээ Үндсэн хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн байна. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал гэж МУ-ын үндэсний язгуур ашиг сонирхолыг хангах гадаад дотоод таатай нөхцөл баталгаатай хангагдсан байхыг хэлнэ. Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхолын илэрхийлэл нь юуны өмнө Монголын ард түмэн, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдал, нутаг дэвсгэрийн бүрэн байдал, улсын халдашгүй дархан байдал зэрэг өргөн ойлголтыг багтаана. Ерөнхийлөгчийн шийдвэрт тусгайлан авч үзэх ойлголт нь төрийн тусгаар тогтнол юм. Төрийн тусгаар тогтнол бүрэн эрхт байдал гэдэг нь нэр томъёо агуулгын хувьд ижил юм. Монгол Улсын ерөнхийлөгч Үндсэн хуулийн 22.2 дэх заалтыг баримталсан гэх үйлдэл нь Улсын Их хурлын бүрэн эрхт байдлыг алдагдуулах, төрийн эрх мэдлийг дангаар авахад чиглэгдсэн тэгш эрхийн зарчмыг алдагдуулсан үйлдэл юм.
УИХ-аас 2018.11.07-ний өдөр Х.Баттулга ерөнхийлөгчийн гаргасан “.. их хурлыг тараах...” гэснийг хэлэлцээд үндсэн хууль болон бусад хуулийн заалтийг зөрчсөн, үндэслэлгүй шийдвэр байх тул хүлээн авахаас татгалзаж байна хэмээн шийдвэрлэсэн.
МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулгын Үндсэн хуулийн 22.2 дахь хэсэгт заагдсаныг үндэслэн гаргасан гэх шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянуулах тухай мэдээлэлийг МУҮХЦТХ-ийн 9.3-т заасан хугацаанд маргаан үүсгэж, хянан шийдвэрлэж өгнө үү гэв.

Хаха 8 28 Таалагдсан 3 Гунигтай 11 Нүдний булай 3 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлНийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хуралдаан !!!
Дараагийн нийтлэл 2019.01.01-нээс хэрэгжиж буй шинэчилсэн хуулиуд