Сар шинийн босгон дээр цагдаа, дотоодын зарим алба хаагчид шагнагдлаа

.

   Билгийн тооллын хаврын тэргүүн сарын сар шинийн босгон дээр цагдаа дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүний хөдөлмөр, зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж 48 алба хаагч төрийн одон медалиар, 11 алба хаагч Хууль зүй, дотоод хэргийн яамны шагналаар шагнагдсан юм.

   Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсийн аюулгүй байдал хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хурандаа О.Нямгэрэл, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 2-р хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Наранбаатар, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 3-р хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Цогтбаатар нар шагнагдлаа.

   Цэргийн гавьяаны одонгоор Нийслэлийн цагдаагийн Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Амармөрөн, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Б.Оргил, Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны ахмад ажилтан, цагдаагийн хурандаа Б.Баярмандах, Тээврийн цагдаагийн албаны Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэд хурандааЛ.Ганболд нар шагнагдлаа.

Мөн Цэргийн хүндэт медалиар нийтдээ 13 алба хаагч шагнагдсан юм.

   Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав шагнагдсан алба хаагч нартаа хандан: 
“Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, хуулиар хүлээсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлэн хийж бүтээсэн ажил, байгуулсан гавьяагаа үнэлүүлэн шагнагдсан Та бүхэндээ Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлөийн гишүүдийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэж, ажлын амжилт хүсэж байна. 
Цаашид иргэд, олон нийтийнхээ амар амгалан амьдралын төлөө өөрсдийн мэдлэг, ур чадвараа дээшлүүлж, хичээнгүйлэн ажиллана гэдэгтээ итгэл төгс байна. 
Та бүхэнд болон гэр бүлийнхэнд нь Арвандолоодугаар жарны “Урвуулагч” хэмээх “Шороон гахай” жилийн сар шинийн баярын мэндийг хүргэж, төрлөөрөө төвшин амгалан элгээрээ энх амгалан, хотол олноороо сайхан шинэлэхийг ерөөе. 
Монголын төрийн цагдаагийн мэлмий тунгалаг, сонор хурц, алдар суу нь бадарч явах болтугай” гэж хэлсэн юм.

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0