Нүүр хуудас Мэдээ Үхэж болохгүй өрийн дарамт буюу өндөр насны тэтгэврийн зээл

Үхэж болохгүй өрийн дарамт буюу өндөр насны тэтгэврийн зээл

Tugmn
Tugmn, TUG.MN

   Монгол Улсад өнөөгийн байдлаар 407 мянган иргэн дунджаар 345 мянган төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж авч байгаа. Нийт ахмадуудын 320 мянга гаруй нь тэтгэврийн зээлтэй гэсэн баримт бий.  Ялангуяа гэр хороолол, хотын зах дагуух аль ч банкны салбарт орсон тэтгэврийн дэвтрээ барьцаалан зээл авахаар дараалан зогсох ахмадуудыг харж болно. Тэд үнэхээр шаардлагатай зээлээ авч, зорьсон зүйлдээ хэрэглэж чадаж байгаа эсэх нь асуудлын гол учир. Насаараа хөдөлмөрлөж, улсад татвар төлсөн иргэд “гавъяаны амралтанд” гарахад амьдралд нь хүрэлцэхүйц хэмжээний тэтгэвэр тогтоогддоггүй нь тэтгэврийн зээл авах хамгийн том шалтгаан.     

Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээлж буйгаар иргэдийн тэтгэвэр авах дундаж хугацаа 22 жил гэх авч, бодит байдал дээр “гавьяаныхаа амралтанд” гараад ганц жил бололгүй бурхны оронд очих иргэд ч цөөнгүй. Нийслэлд амьдарч буй ахмадуудын дийлэнх нь гэр хороололд ус түлээгээ зөөгөөд өнөө л хүнд хөдөлмөрөө хийсээр байна.  

   Энэ асуудалтай холбоотойгоор хамгийн сүүлд 2016 онд “Монголын ахмадын чөлөөт холбоо”-ноос хийсэн судалгаанд 3,000 гаруй настан бичиг, цахимаар болон утсаар хамрагдсаны 70 гаруй хувь буюу 2,407 нь тэтгэврээ өөртөө зориулж байхыг хуульчлах тухай санаачилга гаргасан байна.

Задаргаа хийвэл, ахмадуудын дийлэнх нь өөрийнхөө хэрэгцээг хангахаас илүүтэй ихэвчлэн үр хүүхдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн зээл авч байна. Тэр ч бүү хэл зээл авахаас аргагүй байдалд ортлоо “дарамтлуулж”, авсныг нь хуу хамдаг “шимэгчид” цөөнгүй байдаг тухай судалгаанд дурьдагджээ.

Гэвч хүний амьдрал эрээнтэй бараантай, хүн бүр өөрийн гэсэн шалтгаантай учраас ахмадуудын авч байгаа тэтгэврийн зээлийг шууд үр хүүхэдтэй нь холбож тайлбарлах нь нэг талаар дэгсдүүлсэн хэрэг болох биз.

   Дээрх шалтгаануудын улмаас настнууд тэтгэвэр тогтоолгож, нийгмийн байдлаа сайжруулах бус, харин ч эсрэгээрээ бөөндөж авсан зээлээ дуусан дуустал бусдын гар харж, сохор зоосны орлогогүй тарчиг амьдрахад хүрдэг.

Монгол Улсын Банкны тухай хуулийн 10.1-д “Банк иргэн, хуулийн этгээдэд өөрийн болзол, нөхцлийн дагуу зээл олгож болох бөгөөд хүүг өөрөө тогтооно” хэмээн заасан байдаг. Тэтгэврийн мөнгийг Нийгмийн даатгалын сангаас ямар нэгэн татлаа түтлээгүй олгочихдог тул банкууд энэ төрлийн зээлийг дуртайяа гаргадаг.

   Гэвч зээлдэгч хэзээ нүд анихыг хэлж мэдэхгүй тул “эрсдэлтэй” гэсэн ангилалд багтааж, хүүг нь өндрөөр буюу жилийн 12-18 хувиар тогтоодог байна. Мэдээж энэ нь Арилжааны банкуудын хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд буурсан хүүгийн хэмжээ. Зах дээр мөнгө хүүлдэг иргэд сарын 10%-ийн хүүтэй зээл өгдөг байтал ажил, хөдөлмөр эрхэлдэггүй, тэтгэврээс өөр орлогогүй өндөр настнуудаасаа ийм өндөр хувийн хүү авдаг гаж тогтолцоо манай улсаас өөр оронд байхгүй.

Залуу насандаа хийж байсан хөдөлмөрийн хүнд хөнгөн хэлбэрээс шалтгаалан, цаашлаад хэлж ирдэггүй хийсч ирдэг зовлонгийн улмаас 1 жил хүрэхгүй хугацаанд тэтгэврээ аваад нас барж байгаа ахмадуудын зээлийг үр хүүхэд, хамаатан садан нь бүрэн төлж байж нас барсны гэрчилгээ авдаг дүрэм байна. Мөн тухайн нас барсан иргэн зээлтэй байсан бол улсаас олгодог “нас барсны тэтгэмж, оршуулгын зардлын” 1 сая төгрөгийг шууд зээлэнд суутган авдаг хүн ёсноос гадуур тогтсон уламжлал байна. Жишээ дурдъя.

Иргэн Бат насаараа орон сууцны конторт слесарь хийсэн. Тэрээр улсад 29 жил ажилласан. Ур чадвар, илүү цагийн нэмэгдэл гэсээр цалин гар дээрээ 900 мянгыг, улсад татвар, НДШ нэрээр 300 орчим мянган төгрөг тушаана. Тэтгэвэрт гарахдаа 500 мянган төгрөгөөр тогтоолгож, тэр даруйдаа тэтгэврийн зээл авч, байшингаа томруулсан. Харамсалтай нь тэтгэвэрт гарснаас хойш 3 сарын дараа бурхны оронд заларсан. Түүний тэтгэврийн зээлийн өр хүүхдүүдийнх нь нэр дээр шилжсэн.

            Тэгвэл, насаараа нийгмийн даатгалын шимтгэлийг үнэнчээр төлж ирсэн иргэн Батын насны эцэст амьдралаа залгуулахаар хуримтлуулсан мөнгө хаачсан бэ?                   

 

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 1 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлМонгол цэргийн музейг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
Дараагийн нийтлэл Нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг бүх автобуснуудын хяналтын камерыг 2019 оны 6-р сарын 01-ний дотор бүрэн ажиллагаанд оруулахаар боллоо

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү