Рапсын тариалалтанд анхаарах цаг болжээ

hi

Монгол Улсад боловсруулах үйлдвэргүй хэрнээ хамгийн үнэд хүрдэг үр тарианы ургамал бол рапс. Хаанаас нь ч харсан үзэсгэлэнтэй шаргалтаж харагдах рапсыг тариалалтын улиралд хотын захаас эхлээд хаа сайгүй тариалсан байх нь харагдана.

Нэг га газарт хэдхэн кг-ыг тариалаад намар нь хэд дахин илүү ургац хураах энэ ургамлыг 1 тонныг нь 500 мянган төгрөгөөр борлуулдаг гэхээр рапс тариалагчид их хэмжээний ашиг олдог нь тодорхой.

Рапс нь нэг наст, хүйтэнд тэсвэртэй ургамал учраас манайхтай ижил цаг ууртай улс орнуудад тариалахад илүү тохиромжтой. Түүнчлэн арчилгаа бага шаарддаг, бага зардлаар их ашиг хүртээдэг учраас тариаланчид улаанбуудайнаас илүү рапс тарих сонирхолтой болжээ.

Рапсаар ургамлын тос гаргаж авдаг гол бүтээгдэхүүн. Тодруулбал, рапсыг ургамлын тос, маргарин тос мөн төмөрлөг, саван, арьс ширний үйлдвэрлэлд голчлон ашигладаг байна.  Манайд рапс боловсруулах үйлдвэр байхгүй учир болц гүйцсэн рапсыг Хятад улсад  боловсруулж, тос гаргаж авдаг байна.  Өөрөөр хэлбэл хятадууд үйлдвэрийнхээ түүхий эдийг монголоос бэлдэж буйн нэг жишээ энэ юм.  

Тус ургамал хөрсөнд маш хортойг туршлагатай тариаланчид, агрономичид хэлдэг.  Рапсыг нэг газартаа дараалан хоёр жил тариалахад хөрсний бүхий л үржил шим үгүй болдог учраас , тариалсан газрыг нөхөн сэргэтэл дахин хэдэн жилдээ ургамал тарилгүй амраадаг байна. Гэвч үр ашгаа бодсон тариалан эрхлэгч компаниуд жил дараалан рапс тарьж байгаа нь манайх шиг газар тариалангаас хамааралтай улсын хувьд хөрсний ноцтой аюул дагуулж байгаа юм. Хаврын тариалалтын цаг эхлэх гэж байгаатай холбогдуулан бид холбогдох яам, тамгын газрын мэргэжилтнүүдээс рапс тариалалт, түүний судалгаа,  газар тариалангийн салбарт барьж буй бодлогын талаар тодруулга авах гэсэн боловч энэ талаар мэдээлэл өгөх хүн олдсонгүй.

БОАЖЯам “Манайд энэ төрлийн ургамлын талаар хийгдсэн судалгаа байхгүй учир мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн бол ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас “Хариуцсан мэргэжилтэн нь орон нутагт томилолттой байгаа тул одоогоор мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. Бид газар тариалангийн бүс нутгийн хөрсөнд аюул дагуулаад буй рапсын талаарх төрөөс барьж буй бодлогын талаар үргэлжлүүлэн мэдээ сурвалжлага бэлтгэн хүргэх болно.

 

 

Б. Хишигдэлгэр

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 1