АТГ-ын шинэ дарга, дэд дарга, УЕП-ын орлогч нар энэ сард томилогдоно

hi

УИХ-ын ээлжит бус чуулганыг 2019.03.18-29-ний өдрүүдэд болно. Тус чуулганаар хууль тогтоох дээд байгууллага 8 асуудал хэлэлцэхээр төлөвлөсний бөгөөд гурав нь томилгооны асуудал байгаа юм. Тодруулбал:

  • Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудал
  • Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх тухай асуудал
  • Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай асуудлыг тус тус хэлэлцэхээр тусгажээ.

Ерөнхийлөгчийн зүгээс томилгооны асуудлыг ээлжит бус чуулганаар оруулахыг хүссэн албан бичиг илгээснийг УИХ-ын даргын зөвлөл хүлээж авснаар ийнхүү хэлэлцэх болоод байна.

Ерөнхийлөгчийн бичигт:

“Миний бие ард иргэдийнхээ санал, хүсэлт, шаардлагыг сонсон, анхаарч шийдвэрлэвэл зохих асуудлуудад төрийн бодлогыг чиглүүлэх зорилгоор нийслэлийн болон орон нутгийн иргэдтэй тухайлсан уулзалтууд хийсэн. Уулзалтын үеэр иргэд хувийн амьдралынхаа хүндрэл бэрхшээлээсээ илүүтэйгээр нийгэмд шударга ёс алдагдаж, авлига, хүнд суртал гаарсныг хөндөн, энэ гажуудлыг таслан зогсоож тэмцэх чиг үүрэгтэй төрийн байгууллагууд маш муу ажиллаж байгааг шүүмжилж, Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын удирдлагуудыг өөрчлөн, үйл ажиллагааг нь эрчимжүүлж үр дүнтэй хуулийн дагуу ажиллуулахыг шаардаж байна.

Үүнийг АТГ-ын удирдлагуудын ажлын үзүүлэлтэд өгсөн үнэлгээ гэж үзэж болох бөгөөд Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарын ажиллах хугацаанд авлигатай тэмцэх үйл ажиллагаанд гарсан амжилт эрс буурч, үйл ажиллагаа нь жилээс жилд уруудан, энэ байгууллагад итгэх олон нийтийн итгэл үгүй болжээ. Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “АТГ-ын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ 6 жилийн хугацаагаар томилно” гэж заасан. Маш тодорхой хуулийн зохицуулалт байсаар байтал тодорхой ашиг сонирхол бүхий этгээдүүд хуулийг мушгин тайлбарлаж, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон нөлөөний хүмүүсээ албан тушаалд нь үлдээх зүй бус ажиллагааг ил тод явуулж байна. УИХ-аас 2011.11.17-нд АТГ-ын даргаар Н.Ганболдыг, дэд даргаар Б.Хурцыг томилсон ч бүрэн эрхийн хугацааг дуусахаас өмнө Н.Ганболд нь 2016.04.14-нд, Б.Хурц нь 2014.11.27-нд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Үүний хүрээнд УИХ нөхөн томилгоо хийж 2015.02.11-ний өдөр Ц.Нямдоржийг АТГ-ын дэд даргаар, 2016.07.08-ны өдөр Х.Энхжаргалыг АТГ-ын даргаар томилсон. Нөхөн томилогдсон Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарын албан тушаалын бүрэн эрхийн хугацаа Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт заасны дагуу 2017.11.17-ны өдөр дуусгавар болсон. Улс оронд шударга ёсыг тогтоох нэн чухал үүрэг хүлээдэг АТГ-ын дарга, дэд даргыг Ерөнхийлөгч санал болгодог бүрэн эрхтэй. Миний бие энэхүү бүрэн эрхийг дангаар хэрэгжүүлэхээс татгалзаж, нээлттэй санал асуулга явуулахад АТГ-ын даргаар Д.Даваа-Очирыг, дэд даргаар Ж.Батсайханыг томилуулах саналыг иргэдийн зүгээс өгсөн. Иймд УИХ-ын эрхэм гишүүд Та бүхэн болзошгүй нөлөөлөл, дарамт, шахалтаас ангид байж, ард түмний элч, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах чиг үүргээ хараат бусаар хэрэгжүүлэн, энэхүү асуудлыг зохих журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье” гэсэн байдаг.

Ерөнхийлөгчийн зүгээс оруулж буй АТГ-ын дарга нарыг солих асуудлыг УИХ дахь олонхийн болон цөөнхийн бүлэг дэмжиж байгаа бололтой. МАН-ын хувьд тус намын дарга У.Хүрэлсүх шударга ёсыг тогтоох амлалтаа хэрэгжүүлэхэд АТГ-ын удирдлагуудыг солих асуудал багтаж байгаа бол АН-ын зүгээс татгалзах үндэслэлгүй гэдгээ илэхийлжээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Хэлэлцэх асуудлаас харахад томилгоонд чиглэсэн ээлжит бус хурал болох нь. Томилгоо хийж болно. Хуулийн хүрээнд бүх асуудлыг оруулж ирэх юм бол АН-ын бүлэг дэмжээд явна” гэсэн юм. Тэгэхээр Ерөнхийлөгчийн оруулж ирсэн томилгооны санал УИХ-аар дэмжигдэх нь тодорхой байна.

АТГ-ын даргад яригдаж буй Д.Даваа-Очир нь 1963 онд төрсөн, нийслэлийн 14 дүгээр сургууль, ЗХУ-ын Дотоод явдлын яамны Академийг Эрх зүйч, хуульч мэргэжлээр төгссөн байна. Мөн тус улсад Хууль зүйн ухааны доктор хамгаалжээ. Тэрбээр 2009-2012 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар, 2012-2016 онд Төрийн албаны зөвлөлд Орон тооны гишүүн, 2017 оноос одоог хүртэл Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны даргаар ажиллаж байна.

АТГ-ын дэд даргад яригдаж буй Ж.Батсайхан нь 1969 онд төрсөн, Төв аймгийн Жаргалант сумын сургууль, Цагдаагийн дээд сургуулийг Хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн байна. Мөн ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академид Хууль зүйн ухааны доктор зэрэг хамгаалжээ. Тэрээр 2007-2016 онд АТГ-т хэлтсийн даргаар, 2016-2017 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байжээ.

Харин Зэвсэгт хүчний Жанжин штаб /ЗХЖШ/-ын даргыг томилох асуудлын тухайд 2018.11.14-нд Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Давааг өөр ажилд томилсноос  нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат тус газрыг даргын ажлыг түр орлон гүйцэтгэж байгаа юм.

Ерөнхийлөгчийн зүгээс 2019.02.02-ны өдөр хошууч генерал А.Ганбатыг ЗХЖШ-ын даргаар томилох асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлсэн боловч УИХ-ын чуулган завсарласны улмаас хүлээгдэж байсан. Тэгвэл ээлжит бус чуулганаар түүнийг томилох асуудал дахин хэлэлцэгдэх нь.

ЗХЖШ-ын даргад яригдаж буй Хошууч генерал А.Ганбат нь Ардын армийн 019 дүгээр ангид сургуулийн салаан захирагч, БХЯ-ны долдугаар хэлтэс, ЗХЖШ-ын нэгдүгээр газарт офицер, Ардын цэргийн 126 дугаар нэгтгэлийн штабын даргын нэгдүгээр орлогч, оперативын тасгийн дарга, Зэвсэгт хүчний 131 дүгээр ангийн штабын дарга, захирагчийн нэгдүгээр орлогч, ЗХЕШ-ын Хэмжил зүй, техник хяналтын албанд улсын байцаагч, хэмжил зүйч, БХЯ-ны Стратегийн судалгааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, ЗХЕШ-ын Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын орлогч дарга, хэлтсийн дарга, ЗХЖШ-ын сургалт, зохион байгуулалт эрхэлсэн орлогч дарга, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын дарга, ЗХЖШ-ын тэргүүн дэд дарга, Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, Улаанбаатар Цэргийн хүрээний даргаар тус тус ажилласан ба 2005 онд хошууч генерал цол хүртжээ.

Дээрх томилгоонуудаас гадна УИХ-ын ээлжит бус чуулганаар Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэхээр байгаа. Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт “Улсын ерөнхий прокурорын орлогчийг Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөн томилно” гэж заасан бөгөөд Улсын ерөнхий прокурорын орлогч прокурор Г.Эрдэнэбатын бүрэн эрхийн хугацаа 2019.01.08-ны өдөр дуусгавар болоод байсан юм.

Хаха 1 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0