Дорнодын “Шинь Шинь” ХХК-ийн тээвэрлэлт хийх замыг хаана гэв

hi

   Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг, Улааны холимог металлын ордыг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Шинь Шинь” компани эзэмшиж, олборлолтын үйл ажиллагаа явуулдаг. Газар усны нэрнээс илүүтэйгээр Мардайн уурхай гэхээр Төв Азийн бүс нутгийн орнууд андахгүй. Хүдэр, хар тугалга, цайр, мөнгө, цаашлаад ураны асар их нөөцтэй болохыг 1989 онд улсын төсвийн 1,3 сая долларын хөрөнгө оруулалтаар Зөвлөлтийн геологичид тогтоосон байдаг. Социализмын үед Мардайн уурхайг эзэмшиж байсан орос ах нар 1990 онд орхиж явснаас хойш тус ордын олборлолт нэг хэсэг зогссон. 2007 онд УИХ-аас Улааны орд нь Оюутолгой, Тавантолгойг эс тооцвол “Эрдэнэт”, “Бороо гоулд”-ын дараа гуравдугаарт орох Монгол улсын томоохон орд болохыг баталж, Стратегийн ордын жагсаалтанд оруулсан байдаг. Гэвч Ашигт малтмалын хуулийн цоорхойгоор энэ газар Канад, Хятадуудын сонирхлыг татсаар БНХАУ-ын “Шинь Шинь” компанийн мэдэлд шилжсэнээр компани 2010 онд  баяжуулах үйлдвэрээ барьж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг.

“Шинь Шинь”-ийг тойрсон балаг

   Тус компани  ажлаа эхэлснээс хойш Монгол улсын хууль тогтоомжуудыг удаа дараа зөрчиж байгаа тухай хар мэдээлэл тасардаггүй. Аймаг орон нутгийн удирдлагуудад хээл хахууль өгсөн, уурхайн ухсан нүхэнд осол гарч Монгол ажилчин амь эрсэдсэн зэргээс эхлээд хийгээгүй ажлаа хийсэн мэтээр тайлбарлаж,шалгалтаар очсон төрийн албан хаагчдыг хуурч мэхэлснээс үүдэн компанийн барилга, хог хаягдлын далан, үйлдвэрийн барилгыг ашиглалтанд хүлээж авсан тухайн үеийн Эрдэс баялаг, эрчим хүчний яамны дэргэдэх улсын комиссын 7-8 хүнийг хүртэл хэрэгт холбогдуулан эрүүгийн хариуцлагад татаж байв.

   Тодруулбал 2014 онд шалгалтаар очсон дээрх албан тушаалтнуудыг хариуцсан ажилдаа хайнга хандсанаас “Шинь Шинь” ХХК-ийн хог хаягдлын далан цоорч, газрын хөрс, үйлдвэрийн химийн хорт бодис бүхий хаягдал хөрс, хөрсний усанд шингэж “Амьтны аймаг, ургамлын төрөл зүйлийг бөөнөөр нь гэмтээсэн, устгасан, агаар мандал, иусны нөөцийг хордуулсан буюу бусад хэлбэрээр байгалын тэнцийг алдагдуулсан, байгалын гамшигт хүргэсэн бол 10-15 жил хүүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хуулийн заалтанд үндэслэн  хэрэгт татаж байлаа. Тус компанийн үйлдвэрийн орчмоос “Хаан хор” гэгдэх хүнцэл их хэмээгээр илэрч, Улааны орд газрын хөрс болон хаягдлын сангаас авсан шинжилгээний дүнгээр хаан хорын хэмжээ МУ-д хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандартаас даруй 68,5 дахин их байсныг тогтоож байжээ.

   Тухайн үед тэр хавиар нутагладаг айлуудын малын удмын санд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлээгүй байгаа ч хамгийн багадаа 6-7 жилийн дараа газрын хөрсөнд шингэсэн хүнцлийн хор хөнөөл гадаргын ус, өвс, ногоогоор дамжин хүн малын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болохыг учир мэдэх хүмүүс хэлж байжээ. Тэдний яриа өнөөдөр батлагдав уу гэлтэй. Учир нь Дорнод аймгийн Дашбалбар, Сэргэлэн сумын иргэд “Шинь Шинь” ХХК-ийн үйл ажиллагаа эхэлснээс хойш Галын гол, Улз гол, Жараахайн гол, булаг шанд бүгд ширгэх аюулд орж, бэлчээрийн талбай багасч, хоёр толгой, тав зургаан хөлтэй ишиг хурга, тугал тохиолдол бишгүй гарах болсныг халаглан ярьдаг.

   Анхнаасаа хууль бусаар тусгай зөвшөөрлөө авсан хэмээн шүүх цагдаагаар дамжин эхэлсэн “Шинь Шинь”-ий балаг дуусахгүй бөгөөд 2016 онд далд уурхайд ажиллаж байсан 25 настай  Монгол залуу хүнд даацын машинд дарагдаж амиа алдаж байжээ. Мөн тус компанийн Хятад инженер уурхайн ухсан нүхэнд унаж амиа алдсан тухай хэвлэлүүд бичиж байв. Үүнээс үзэхэд тус компани хөдөлмөрийн аюулгүй байдлаа ч бүрэн хангадаггүй болохыг харж болно.

   Энэ мэтчилэн Монгол улсын нутаг дэвсгэрт дураараа авирлах Хятад компанийг тойрсон балаг дуусахгүй. Монгол ажилчдын цалин хөс бага, эмэгтэйчүүдийг Хятад ажилчидтай нэг байранд байрлуулдаг гэх зэргээр “Шинь Шинь”-ий захын нэг ажилтнаас гомдлын үг сонсож болно.

“Шинь Шинь” ХХК-д төр биш төрийн бус байгууллага хяналт тавьж байна  

   “Шинь Шинь” ХХК”-ийн Монгол ажилчид цалин хөлсний асуудлаараа удаа дараа гомдол гаргаж, тухайн үеийн Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарыг залж, тодорхой хэмжээнд хөдөлмөрийн хөлсөө тодорхой хувиар нэмэгдүүлж байв. Гэвч уул уурхайн цаг наргүй, хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж байгаа тэд авч буй цалиндаа төдийлөн сэтгэл хангалуун бус байдаг.

   2018 оны 05-р сард тус компанийн ажилчдын гомдлын дагуу “Босоо хөх Монгол” ТББ-ын удирдлагууд Дорнодод очиж үйл ажиллагаатай нь танилцах үеэр Хятад ажилчид нь сүх жоотуу барьж дайран, улмаар “Босоо хөх Монгол”-ын гишүүнтэй муудалцаж, шүүх цагдаадаа тулсан. Дорнод аймгийн Цагдаагийн газраас асуудал үүсгэсэн Монгол, Хятад 2 хүнд Зөрчлийн хуулиар тус бүр 500,000 төгрөгийн торгууль ноогдуулсан байдаг.

   Дээрх үймээний дараа “Шинь Шинь”-ий удирдлагууд “Босоо хөх Монгол” ТББ-ын төлөөллүүдийг хүлээн авч уулзан, ажилчид, ажил олгогчид 2 талыг байлцуулан хийсэн уулзалтын үеэр Монгол ажилчдын эрх ашиг хэрхэн зөрчигдөж байгаа, Хятад дарга нар ажлаас хална, солино хэмээн дарамталдаг, Монгол эмэгтэй ажилчдыг Хятад ажилчидтай хамт байрлуулдаг зэрэг гомдлуудыг хэлж байжээ. “Босоо хөх Монгол”-ын удирдлагуудын зүгээс Монгол улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулах, ажилчдын амьдрах, хөдөлмөрлөх орчин нөхцлийг дээшлүүлэх, цалин хөлсийг тэгш шударга олгох зэрэг шаардлагуудыг тавьж, “Шинь Шинь” ХХК-ийн дэд захирал У.Хөхбар ч зөрчлөө яаралтай арилгахаа мэдэгдсэн байдаг.

Замыг там болгож буй “Шинь Шинь”

   “Шинь Шинь” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлуудаа хээл хахууль, хууль бус аргаар шийддэг тухай олон мэдээлэл буй. Ордын лицензийг худалдаж авахаасаа эхлээд хууль бус замаар ажлаа эхэлсэн компанитай холбоотой, мөнгө авсан байж болзошгүй мэдээлэлд орон нутгийн удирдлагуудын ч нэр холбогддог. Хамгийн сүүлд Дорнод аймгийн Дашбалбар сумын засаг дарга Б.Баттулга “Шинь Шинь” ХХК-аас 29 сая төгрөгийн хандив авсныг АТГ-аас илрүүлэн засаг дарга Б.Баттулгад хариуцлага тооцохыг Аймгийн засаг дарга Х.Бадамсүрэнд үүрэг болгосон тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан.

   Түүнчлэн нийгмийн хариуцлагын хүрээнд Дорнод аймгийн төв хотоос Чойбалсан “Шинь Шинь”-ий уурхайн хүртэл 120 гаруй км замыг хатуу хучилтаар холбох амлалт өгөөд өчнөөн жилийн нүүр үзсэн ч өнөөг хүртэл эхлээгүй. Уурхайн боловсруулсан хар тугалга цайрыг 60 тн-ын машинаар өдөр шөнөгүй тээвэрлэн аймгийн төвд хүргэж, цааш төмөр замаар тээвэрлэдэг. Тэд зөвхөн хар тугалга, цайр гэсэн хоёрхон төрлийн металл олборлодог гэх боловч алт, мөнгө, зэс, газрын ховор элемент кадмий, селен, теллур ч баяжмалаар зөөвөрлөгдөн хууль бусаар хил давж байгааг туршлагатай геологичид хэлдэг. Учир нь Улааны орд нь байгалийн олон төрлийн металлын нэгдэл бүхий ховор металлын орд бөгөөд цаашлаад ураны ч нөөцтэй болохыг дээр дурьдсан билээ.

   “Шинь Шинь” ХХК-ийн баяжмал тээвэрлэдэг 60 тн-ын даац бүхий том оврын машинууд техникийн саатал гарахаас бусад үед тээвэрлэлтээ зогсоодоггүй. Ингэж өдөр шөнөгүй хүнд даацын машинаар нухлуулсан зам бүхэлдээ эвдэж сүйдэн, нутгийн айлууд шороо тоосон дунд амьдарч, малын бэлчээр, өвс ногоо талхлагдаж байгаа тухай иргэдийн гомдол тасрахаа байжээ.

   Ийнхүү нутгийн иргэдийн гомдол санал, хариуцлагагүй уул уурхайн балагт үндэслэн “Босоо хөх Монгол” ТББ-ын Дорнод аймаг дахь салбар зөвлөлөөс  Дорнод аймгийн цагдаагийн газар, “Шинь Шинь”  ХХК, Аймгийн засаг дарга М.Бадамсүрэн нарт шаардах бичиг хүргүүлжээ. Уг шаардах бичигт:

   Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Шинь Шинь” ХХК-ийн уурхай нээгдсэн цагаас эхлэн авто замаа тавилгүй байгал орчинд хохирол учруулж, экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж байна. Тээвэрлэлт хийхдээ олон салаа зам гаргаж, МУ-ын Байгал орчны тухай хууль, Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Хөрс хамгаалах, Цөлжилтөөс сэргийлэх тухай хууль, Газрын тухай хууль, Авто замын тухай хууль зэрэг Монгол улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудын холбогдох бүхий л заалтуудыг зөрчихийн зэрэгцээ, зам дагуу нутаглаж буй иргэдийн болон мал сүргийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа тул дээрх байгууллагууд хуулиар олгогдсон эрх мэдлийнхээ хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү? хэмээгээд хэрэв “Шинь Шинь” компани ирэх 4-р сарын нэгнээс аймгийн төв, уурхайг холбосон зам барилгын ажлаа эхлээгүй тохиолдолд уурхайн тээвэрлэлтийн бүх замыг хаах хүртэл арга хэмжээ авах тухай тус албан шаардлагад дурьджээ. Түүнчлэн ажлын 3 өдөрт багтаан албан шаардлагын хариуг ирүүлнэ үү? гэсэн байна.

   Ийнхүү Дорнодын талд эзэн суусан Хятад компани цаашид Монгол улсын хууль тогтоомжийг уландаа гишгэж, дураараа авирлах явдалд төр биш төрийн бус байгууллага анхаарлаа хандуулж, хариуцлага нэхэж байна. Хэрхэн ажил хэрэг болохыг харах л үлдлээ. 

Хаха 3 9 Таалагдсан 2 Гунигтай 0 Нүдний булай 2 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 2