Нүүр хуудас Мэдээ Г.Билгүүн: Шилэн ТҮЦ-ийг иргэдэд хүчээр шахахгүй

Г.Билгүүн: Шилэн ТҮЦ-ийг иргэдэд хүчээр шахахгүй

Tugmn
Tugmn, TUG.MN

   Өмнөх хотын даргын үед модон бор ТҮЦ-үүдийг 8-12 сая төгрөгөөр авбал тухайн байршилд нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгож, худалдаа наймаа нөхцлөөр хангана гэсэн шийдвэр гаргаж байсан. Ингээд нийслэлчүүд бид хэсэгтээ л жишиг ТҮЦ-ээр үйлчлүүлж хэвшээд байлаа.

   Гэвч саяхнаас ачдаг, буулгадаг ажил дахин мандаж, ТҮЦ эрхлэгчдийн холбооныхон дуугарч эхлэв. Улмаар “Шилэн ТҮЦ” гэдгийг шинээр нэвтрүүлж, түүнийг л худалдан авбал ахин ачиж, нүүлгэх дарамт үзүүлэхгүй хэмээх яриа иргэдийн дунд газар аваад байна. Тэгвэл энэ талаар Нийслэлийн Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Г.Билгүүнээс тодруулга авлаа.

-Саяхан л сүр дуулиантайгаар босгосон жишиг ТҮЦ-үүдийг маань эхнээс нь ачиж буулгасаар, оронд нь шилэн ТҮЦ-тэй болгоно гэсэн яриа иргэдийн дунд газар аваад байна. ТҮЦ 15 сая төгрөгийн үнэтэй гэсэн мэдээлэл ч байна. Иргэдийг төөрөгдүүлээд байгаа дээрх мэдээллийн талаар тайлбар өгөхгүй юу?

-Энэ цуу яриа гарсан даруйд ТҮЦ эрхлэгчдийн холбооноос шилэн ТҮЦ-ээр бизнес хийх гэж байна уу зэргээр маш их хардлага гарч, хотын захиргаан дээр хүртэл нэлээд олон удаа асуудал таарсан. Манайхаас Шилэн ТҮЦ тавиулж, түүнд зөвшөөрөл олгосон зүйл байхгүй.

“U money” карт цэнэглэх газрууд хомс байгаагаас иргэдийн дунд нийтийн тээвэрт бэлэн мөнгөөр үйлчлүүлэх тохиолдол их байна. Энэ нь эргээд автобус нэгдлүүдийг алдагдал хүлээх эрсдлийг бий болгож буй учраас “Улаанбаатар смарт карт” ХХК-иас өөрсдийн санаачлагаар дээрх шилэн ТҮЦ гэдгийг санаачлан, хүн амын нягтаршил ихтэй автобусны буудлуудаар суурилуулж, иргэдийн U money картны цэнэглэлтийг хийж эхэлсэн. Харин манайхаас “Улаанбаатар смарт карт” ХХК-тай гэрээ байгуулснаар дизайныг нь баталж, хаагуур байршуулах цэгүүдийг нь тогтоож өгч байна. Анхнаасаа бүх зүйл зөвшөөрлийн дагуу хийгдэж байгаа учраас Шилэн ТҮЦ-ийг нүүлгэнэ, ачна гэх асуудал байхгүй.

-Шилэн ТҮЦ-т U money карт л цэнэглэж, борлуулах уу?

-Зөвхөн U money карт цэнэглэж, борлуулахаас гадна соёлын бараа худалдаална. Соёлын бараа гэдэгт сонин сэтгүүл, үзэг бал мэтчилэн орно. Бусдаар хүнсний төрлийн бүтээгдэхүүн зарахыг хатуу хориглосон. Түүнийг бид гэрээндээ хатуу тусгаж, түүндээ хяналт тавиад явж байна. Хэрэв “Улаанбаатар смарт карт” ХХК-иас байгуулсан гэрээгээ зөрчиж, шилэн ТҮЦ дотроо гэрээнд зааснаас бусад төрлийн бараа бүтээгдэхүүн худалдаалах аваас уг гэрээг цуцлах шиг амархан зүйл үгүй.

Түүнчлэн гэрээний дагуу “Улаанбаатар смарт карт” ХХК-иас шилэн ТҮЦ-үүдийг заасан цэгүүдэд байршуулж, түүнийгээ иргэдэд зарж борлуулах ажлыг өөрсдөө хариуцан хийж байгаа бөгөөд энэ үедээ иргэдэд байгуулсан гэрээгээ тодорхой танилцуулж, түүндээ хяналт тавих ажлыг давхар хариуцна.

-"U money" карт цэнэглэх төхөөрөмжийг өөрийн ТҮЦ-тээ байршуулсан иргэн сард 200 мянган төгрөгийн урамшуулал авдаг гэх мэдээлэл хэр үнэний ортой вэ?

-Үнэн үнэн. Иргэд U money картаа цэнэглүүлээд өнгөрөх бүрийд тухайн төхөөрөмжийг ТҮЦ-тээ байршуулсан иргэн нийт үнийн дүнгээс 2 орчим хувийн бонус авдаг гэх юм билээ. Тийм болохоор эдгээр U money цэнэглэгч шилэн ТҮЦ-үүд ч энэ зарчим үйлчилнэ.

-Ярилцсанд баярлалаа.

 

Б.Хишигдэлгэр

Хаха 0 0 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 0 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэл"Худалдаа хөгжлийн банк"-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг Ерөнхий сайдад ханджээ
Дараагийн нийтлэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өмнөд Судан Улсын дэд Ерөнхийлөгчтэй уулзав

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү