Нүүр хуудас Мэдээ Д.Ариунаа: Эргэлзээтэй, муу зээлдэгчээр бүртгэгдсэн иргэдэд арилжааны банкууд зээл өгөхгүй гэсэн хууль, журам байхгүй

Д.Ариунаа: Эргэлзээтэй, муу зээлдэгчээр бүртгэгдсэн иргэдэд арилжааны банкууд зээл өгөхгүй гэсэн хууль, журам байхгүй

Tugmn
Tugmn, TUG.MN

   Монголчууд тэр дундаа залуу гэр бүлийн хувьд амьдралаа зээлгүйгээр эхлэнэ гэдэг мөрөөдөл мэт болсон. Гэтэл улсад хэчнээн өндөр нийгмийн даатгал, татвар таслалгүй төлөөд ч банкны үүднээс “боломжгүй” гэх хариулт авч буцах тохиолдол цөөнгүй. Тодруулбал, аль нэг цагт үнэгүй авсан үүрэн телефоны дараа төлбөрт дугаарын төлбөр төлөгдөөгүй гэх шалтгаанаар Монголбанкны зээлийн мэдээллийн санд “Муу зээлдэгч” нэрийг зүүлгэхээс өгсүүлээд бидний өдөр тутамдаа хийдэг санаатай санамсаргүй санхүүгийн үйлдлүүд ирээдүйн амьдралд том саад болох нь бий.    

   Энэ мэт шалтгаанаас үүдэн Монголбанкны  “Зээлийн мэдээллийн сан” нь иргэдийн дунд “Хар данс”  гэх болтлоо танигдаад байгаа юм. Тэгвэл уг “зээлийн мэдээллийн сан”-гийн талаар Монголбанкны Олон нийтийн боловсрол мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Д.Ариунаагаас тодрууллаа.

-Зээлийн мэдээллийн сан гэж юу вэ? Эхлээд энэ талаар манай уншигчдад товч мэдээлэл өгнө үү?

- Зээлийн мэдээллийн сан гэдэг нь зах зээлд эргэлдэж байгаа нийт бэлэн мөнгөний хэмжээ, түүний мэдээллийн бааз, суурь юм. Тухайлбал, иргэн Д.Ариунаа банкнаас зээл авсан бол зээл авсан өдрөөсөө Зээлийн мэдээллийн санд бүртгэгдэнэ. Хэрвээ авсан зээлдээ хариуцлагагүй хандаж, эргэн төлөх хугацаагаа хэтрүүлбэл түүний зээлийн индекс суларна. Цаашлаад дараа дараагийн зээл авах үед тухайн арилжааны банк иргэн Д.Ариунаагийн зээлийн түүхийг харгалзан үзэж зээл авах үгүйгээ шийднэ.

Харин “зээлийн мэдээллийн сан”-гийн үүрэг, ач холбогдлын хувьд, санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын зээлийн эрсдэл буюу хуримтлагдсан чанаргүй зээл, өр, авлагын хэмжээг бууруулах мөн зээлдэгчийн санхүүгийн сахилга батыг сайжруулах замаар санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилготой юм. “Зээлийн мэдээллийн сан”-д одоогийн байдлаар холбогдох 540 гаруй байгууллага мэдээлэл нийлүүлэх эрхээ авсан байдаг.

-Зээлийн мэдээллийн санг дотор нь хэд ангилдаг вэ? Мэдээж зээлээ нэг хоног хэтрүүлсэн төлсөн огт төлөлгүй шүүх рүү шилжсэн хоёрын дунд асар их зааг бий.

- Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан тушаалаар баталсан “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-ын дагуу төлөгдөж дуусах хугацаа хэтэрсэн эсэхээс хамаарч доорх байдлаар зээлдэгчийн зээл болон өр төлбөрийг ангилдаг. Үүнд:

  • Зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлт 15 хүртэл хоног -Хэвийн
  • 90 хүртэл хоног - Анхаарал хандуулах /хугацаа хэтэрсэн/
  • 91-180 хоног – Хэвийн бус
  • 181-360 хоног – Эргэлзээтэй
  • 361-с дээш хоног – Муу гэж ангилж байгаа. Гэхдээ иргэд өөрсдийн болгоомжгүйгээс 100, 200 төгрөгийн үлдэгдэлтэйгээ мэдэхгүй зээлээ дуусгачихвал тухайн зээл гүйцэт хаагдалгүй явсаар хувийн бус, эргэлзээтэй ангилал руу буурах тохиолдол ч байдаг. Тэгэхээр иргэд өөрсдийн санхүүгийн боловсролоо дээшлүүлэх хэрэгтэй байна.

-Тухайн иргэн авсан зээлээ хугацаа хэтрүүлсэн ч гэлээ бүрэн төлж барагдуулчихаад байхад зарим банк, санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд зээл олгохоос эрх татгалздаг. Энэ нь нөгөөтэйгүүр иргэдийн эрх ашгийг хөндөж байна. Тэгвэл, хугацаа хэтрүүлж зээлээ төлсөн, зээлийн сөрөг түүхтэй иргэд аж ахуйн нэгжид зээл олгож болохгүй гэсэн хууль, журам байдаг уу?

-Байхгүй. Харин тухайн зээл олгогч санхүүгийн байгууллага нь зээлдэгчийн өмнөх болон одоогийн санхүүгийн чадамж, санхүүгийн эрсдэлийг тооцож, зээл олгох эсэх шийдвэрийг дотоод журмаараа зохицуулан гаргадаг. Банк бол итгэлцэл дээр тогтдог бизнес учраас эрсдэлээс сэргийлэхийн тулд зээлийн түүхийг ашигладаг.

Энгийн үгээр тайлбарлавал, би иргэн н.Батаас нэг сая төгрөгийн зээлийг сарын хугацаатай зээллээ. Гэтэл нэг сар нь өнгөрчихөөд байхад гуйж гувшуулсаар, нэхүүлсээр увуулж цувуулан байж жилийн дараа төлж барагдуулбал Бат надад ахиж гуйсны хэрээр зээл өгөх үү гэдэг зөвхөн тухайн иргэд хоорондын итгэлцлээс л хамаарах зүйл болчихоод байгаа юм. Банк, санхүүгийн байгууллагын хувьд ч яг энэ зарчим үйлчилдэг. Тиймээс хэрэв нэгэнт “Зээлийн мэдээллийн сан”-д тухайн иргэний мэдээлэл очиж, эргэлзээтэй ба түүнээс доош ангилалд орсон бол харилцагч банкиндаа хүсэлт гаргаж, авах гэж буй зээлээ эргүүлэн төлөх чадвартай гэдгээ итгүүлж, нотлох хэрэгтэй.

Зээлийн мэдээллийн сангаас тухайн иргэн хэзээ, хэнээс, хэдэн төгрөгний зээл авснаа шалгуулж болох уу? Тухайлбал, үүрэн телефоны команиуд та зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй байна гэх хэрнээ яг хэзээ, хаанаас зээл авсныг нь харж болохгүй байна хэмээн иргэдийг хэсэгтээ төөрөгдүүлэх тохиолдол их байна?

Тухайн иргэн өөрийнхөө харилцагч дурын банкнаасаа зээлийн мэдээллийн сангаа шүүлгэж, авч болно. Тэд ч  гаргаж өгөх үүрэгтэй. Харин зарим тохиолдолд иргэд өөрсдийн хайхрамжгүй байдлаасаа болоод зээлийн үлдэгдлээ мартчихдаг, эсвэл тоолгүй хаячихдаг. Дээр хэлсэнчлэн, нэг зуу, хоёр зуун төгрөгийн үлдэгдэлтэй байсан ч энэ нь зээлийн үлдэгдэл гэдэг утгаараа мэдээллийн санд бүртгэгдэж байдаг учраас иргэд зээл авахдаа анхнаасаа тухайн банкнаас сайн тодруулж байх хэрэгтэй.

Зээлийн мэдээллийн сан дахь тухайн иргэний мэдээлэл 6 жил болоод устдаг гэх боловч бодит байдал дээр “зээлийн мэдээллийн сан” дүүрснээс 3 жил болоод автоматаар устгагдаж буй гэх мэдээлэл үнэн үү?

Мэдээллийн сан дүүрнэ гэж байхгүй. Систэм дэх тохиргоо автоматаар 6 жил болоод устдаг байхаар тохируулагдсан байдаг. Харин Монгол Улсад 2016 оны сүүл 2017 оны эхэн үеэр эдийн засгийн хямрал газар авч, иргэд зээлээ барагдуулж чадахгүйд хүрч, гомдол их ирснээс Монголбанкнаас зарим иргэдийн мэдээллийг чөлөөлсөн тохиолдол бий. Түүнтэй андуурч байж магадгүй юм.

-Тодруулбал?

- Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны 03 сарын 20-ны өдөр батлагдсан тушаалаар Монголбанкны зээлийн мэдээллийн сангаас мэдээлэл солилцох хүрээнд иргэний зарим мэдээллийг зээлийн лавлагаанд тусгахгүй байх нөхцлийг  тодорхойлсон. Энэ хүрээнд ямар шалгуур тавьсан бэ? гэхээр, 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө зээл, төлбөрөө бүрэн барагдуулж дууссан, чанаргүй зээлийн нэгээс дээшгүй түүхтэй, мөн үүрэн болон суурин холбооны үйлчилгээний төлбөрийн зөрчил нь 90 хоногоос дээшгүй хугацааны хэтрэлттэй бол Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаанд тусгагдахгүй байхаар зохицуулсан. Нийт 41085 иргэний мэдээлэл дээрх нөхцлийг хангаж зээлийн мэдээллийн сангаас устгагдсан.

-Ахиж ийм чөлөөлөлт явагдах болов уу?

- Эдийн засгийн нөхцөл байдал сайжирч байгаа учраас ахиж энэ төрлийн чөлөөлөлт явагдахгүй. Тийм учраас иргэд санхүүгийн боловсролоо дээшлүүлэх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, ойрхон ойрхон чөлөөлөлт явагдах аваас иргэд авсан зээлээ төлөхгүй итгэл эвдэх тохиолдол мэр, сэр гарахыг үгүйсгэх аргагүй.

-Ярилцсанд баярлалаа.

 

Б.Хишигдэлгэр

Хаха 1 5 Таалагдсан 0 Гунигтай 0 Нүдний булай 2 Пөөх
ТҮГЭЭХ
Өмнөх нийтлэлИх хэмжээний тариаг Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ
Дараагийн нийтлэл Марк Зукербэрг хоёр захирлаа ажлаас нь халлаа

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

2 СЭТГЭГДЭЛ

  1. muu zeeldegchid ar.bankuud zeel olgohgui baih huuli baihgui ch juram gargasan uchiraas unaj bosdog biznesiin amidrald yg heregtei uedee sanhuujilt avch chaddagui. tiim uchir 6 jil bish ydaj 2.5 jil medeeliin sand bailgamaar yum

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү